Газрын тосны үнэ өсөх ЭРСДЭЛ байна
Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд газрын тосны ханш буурсан нь, манай импортлогчдын хувьд шатахууны үнийг буулгах гол үндэслэл болоод байгаа. Тэгвэл олон улсын шинжээчдийн прогнозоор газрын тосны үнэ эргээд өсөх эрсдэл байгаа аж. АНУ-аас Ираны газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ нь бүрэн шийдэгдээгүй байна. Мөн Венесуэлийн үйлдвэрлэл үргэлжлэн буурах, ОПЕК-ийн орнуудын нөөц доогуур байгаа зэрэг эрсдэлээс шалтгаалан газрын тосны үнэ өсөх нь нийлүүлэлтийн шинж чанартайгаар инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна гэж манай Төв банкнаас мэдэгдэж байна.
Газрын тосны үнийн цаашдын төлөв тодорхойгүй байгаа ч ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд үйлдвэрлэлээ танах хэлэлцээрээ 6 сараар сунгаж 2019 оны дөрөвдүгээр сарыг дуустал хэрэгжүүлэх шийдвэрт хүрч өдрийн үйлдвэрлэлээ 1.2 сая баррелиар бууруулахыг зөвшөөрсөн, АНУ-ын олборлолт нэмэгдэх хүлээлт, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэсэн болгоомжлол газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж.
Zindaa.mn
URL: