АН-ын сайд нар аальгүйтэж, МАН-ын цөөвөр чононууд амь орлоо

АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарах гэж буй тухай мэдээлэл түглээ. Түгэх ч юу байхав, намын удирдлагууд гарахаар шийдсэн тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Гэхдээ энэ мэдээлэл МАН-ынхаас бусдад нь гэнэтийн шийдвэр байгаагүй юм.

Ямартай ч уржигдар шөнө АН-ын удирдлагууд болон хамтарсан Засгийн газарт ажилладаг АН-ын сайдууд хамтран хуралдсан бөгөөд тэд засгаас гарах асуудал дээр санал нэгдсэн юм байна. Тус хуралдааны үеэр намаа төлөөлөн засагт алба хашигч сайд нар өөрсдийн ажил үүрэг, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлынхаа үр дүнгийн талаар ярилцсан бөгөөд ажлаа хангалттай сайн хийсэн хэмээн үзэж байгаа аж.

Тэгээд ч намын эгэл гишүүд болон нам доторх том жижиг фракциуд АН хамтарсан Засгийн газраас гарах ёстой хэмээн намын дарга Н.Алтанхуягийг шахамдуулж байсан билээ. Хэдийгээр Н.Алтанхуяг дарга Засгийн газраас гарахгүй хэмээж байсан ч сонгууль дөхсөн энэ үед намын даргынхаа суудлыг илүүд үзсэн нь зөв ч байж мэднэ.

Эх сурвалжийн өгүүлснээр дээрх нууц хуралдаанд оролцсон сайд нар хамтарсан Засгийн газарт үүргээ хангалттай сайн биелүүлсэн хэмээн үзэж байгаагаа дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд удахгүй болох ҮЗХ-ны хуралдаандаа хийсэн ажлынхаа тайланг нэг бүрчлэн тавихаар тохиролцсон гэнэ. Өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газар байгуулах үед байгуулсан гэрээгээ хангалттай биелүүлсэн гэж үзсэн учраас нйм шийдэлд хүрсэн гэсэн уг.

Түүнчлэн ҮЗХ-гоо энэ сарын 20-доор хуралдуулахаар товложээ. Тодруулбал УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахаас өмнө засгийн хувь заяаг шийдвэрлэхээр тогтсон байна. Хэрвээ ҮЗХ эл асуупыг дэмжвээс ирэх хоёрдугаар сарын эхээр хамтарсан Засгийн газар нуран унаж МАН үлдэж буй багахан хугацаанд засгийн эрхийг дангаараа барина.

За ямартай ч засаг сарниж, хамтрал мөхөх cypгaap МAH-д хагас жил хүрэхгүй хугацаанд дангаараа засгийн эрхийг барих ч тус намын сайд болох чин хүсэлтэй олон хүн байдгийн зарим нь хор найруулж эхэллээ.

Ямартай ч Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн, УИХ дахь нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат очих сургийг ховч шаазгай шагшран мэдээлэх боллоо. Д.Очирбатын сонгогдсон Чингэлтэй дүүрэгтээ ч олигтой юм хийж гавиагүй нэгэн гэдгийг тус дүүргийнхэн хэлдэг. Ний нуугүй хэлэхэд байнгын хорооны дарга гэдэг түүний хувьд хангалттай алба гэдэгтэй санал нийлэх хүн олон байдаг юм билээ.

Тэгээд ч УИХ-д суух хугацаанд олигтой хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан тухай санаанд торох зүйлгүй. Харин ч НХХ-ийн сайд Т.Гандигийн өргөн барьсан нийгмийн хамгааллын, ЭМ-ийн сайд С.Ламбаагийн өргөн барьсан эрүүл мэндийн, БСШУ-ны сайд С.Отгонбаярын өргөн барьсан багц хуулиудыг арай л гэж УИХ-аар батлуулж байсныг санаж байна. Хэдийгээр эл эрхэм эмч мэргэжилтэй хэмээн цээжээ дэлддэг ч чагнуур бариад өвчтөн эмнэж байсан гэж би л лав дуулаагүй юмдаг.

Харин хаа очиж С.Ламбаа сайд эмчййн дипломгүй ч эдийн засагч гэдэг утгаараа эрүүлийг хамгаалах салбарт эдийн засгийн хувьсгалыг эхлүүлсэн гэдэгтэй олон хүн санал нийлдэг гэдгийгэнд өгүүлэхэд илүүдэх юун. Гэхдээ эл хүмүүний дийлдэшгүй амбиц аль хэдийнээ салбарынхны чихэнд хүрч манай сайдаар Д.Очирбат ирэх юм уу хэмээн чих тавигчид олон байгааг мэдэгдье.

Түүнчлэн түүний араас сайд болохыг санаархагчдын нэрс хөвөрнө. Мөн ч шуурхай байгаа юм юугай ч Д.Очирбатын араас МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ хэмээх залуугийн нэр цохиж явна. Л .Оюун-Эрдэнийн хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй. У.Хүрэлсүхийн хүн л гэж дуулддаг. Сүүлийн үед тэрбээр Хэнтийд бүү хэл УИХ-д дархлагдсан УИХ-ын гишүүн Д.Арвинаас том болж харагдах гэж Хэнтийгээр нэг хөгөө дэлгэх болсон гэдэг.

Христийн шашинт, пастор залууд санаа байвч сачий нь хүрэхгүй л дээ. За тэгээд эдний араас оны өмнөхөн алба өгсөн УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Цогтбаатар нарын нэр дуулдаж байна. Сайд болохыг санаархагчид дарга нарын үүд хаалгыг онголзуулж эхэлсэн тухай бор шувуу Төрийн ордноор нисэлдэж байна.

Ер нь л суларсан сайдын сэнтийд ихэвчлэн намын аппаратаас хүн томилогдох бололтой. Хагас жил ч хүрэхгүй хугацаанд сайдын алба хашсан ч яалаа, байсан ч яалаа гэж албан тушаалын хэнээтнүүд боддоггүйг энэхүү нууцхан яригдаж байгаа ч ил гарсан санаархал нотоллоо.

Магадгүй улстөрийн намтар багатай нөхдийн хувьд намтраа зузаатгаж, нэгдүгээр гарын үсэг зурах хаан ширээнд залрахтай адил байгаа байх л даа. Дашрамд тэмдэглэхэд АН-ынхан эрэлхэгээр хамтарсан засгаас гарах мэдэгдэл хийж буйн гол шалтгаан нь сонгуулийн амлалтаа биелүүлсэн гэж үзэж буй явдлаас гадна он гарснаас хойш болон өмнө нь ч гэсэн хамтарсан засагт мөр зэрэгцэн албан хашсан эсрэг намынхны увайгүйтэлтэй холбоотой байх магадлал их.

Юм л бол АН-ын сайдын салбарт хөрөнгө оруулахаас луу унжих хандлага гаргаж байсан бол он гарснаас хойш ил цагаандаа гарах шинжтэй болсон нь ийм шийдэлд хүрэхэд гол түлхэц болсон гээд ойлгочиход болно. Тиймдээ ч АН-ынхан энэ удаа, бид хийдгээ хийсэн хэмээн хэлэх бүрэн эрхтэй гэдэгтэй маргах аргагүй.

Өөрөөр хэлбэл ноён Н.Алтанхуягийн хэлсэнчлэн АН хамтарсан Засгийн газарт багтсан түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн. Сайдын ажлыг салбарынх нь ажил үйлстэй холбон үнэлж, цэгнэх нь зүйн хэрэг. ЗТБХБЯ буюу тус салбарынхан зам гүүр, төмөр замын том том ажлыг хийж чадсан.

Хэдийгээр С.Ламбаа сайдыг эрүүлийг хамгаалах салбарын талаар “а” ч үгүй, самбаагүй гэж шүүмжилдэг ч зөвхөн түүнийг ажиллаж байх ахархан хугацаанд улсын, төв гэх тодотголтой клиникүүдийн бараг бүгдийнх нь тоног төхөөрөмжийг шинэчилж өргөтгөл барьсан. Хэн муу ажилласан гэх юм. Ард түмэн ихэд талархалтай байгаа юмыг…

Тэр ч утгаараа АН-ын сайдууд омог бардам засгаас нүүр бууруулж, ҮЗХ-нд тайлангаа тавина хэмээн бардамнаж байгаа хэрэг. Үнэндээ ч хийсэн ажил, хэлэх үгтэй цагт бардамнахад буруудах зүйлгүй. Нээрээ ганцхан Х.Баттулга сайд л хамтарсан Засгийн газраас гарахыг дэмжээгүй гэсэн шүү. Гэхдээ нэгэнт олонхоороо дэмжсэн учраас хийсэн гэдэг нь ойлгомжтой.

Хамгийн хачирхалтай нь эл мэдэгдлийн дараа МАН-ын дарга. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хийсэн мэдээлэл байлаа. Шуудхан хэлчихэд бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэрийг засгийн тэргүүн харууллаа. АН-ын зүгээс хамтарсан засгийн газраас гарах бодолтой байгаа. Эцсийн шийдийг удахгүй болох ҮЗХ-ны хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэнэ гэж , тэнэг хүн ч ойлгохгүй байхын аргагүй тов тодорхой хэлсээр байхад Монголын улстөрийн ууган хүчний удирдагч, огцом мунгинуу баахан гоочлоход гэрийн ховч гомдомтгой авгай мэт мэдэгдэл хийсэн нь өөрөө гажиг болж хувирах нь тэр.

Магадгүй МАН-ынхны хувьд эл мэдэгдэл огцом бас цочир байсан байж магад. Насаараа АН-ыг хөөж тууж гудамжинд гаргаж явснаас өөрсдөе араасаа хутга “шаалгаж” үзээгүй болохоор балмагдсан байхыг үгүйсгэхгүй. Дээр нь анх хамтарсан засаг байгуулах үед л буруутгаж байсан УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Арвин, Даваасүрэн, Д.Тэрбишдагва нараар амаа асуулгах ёстой.

Их л олон бэрхшээлтэй тулгарах нь дээ, хөөрхий Ерөнхий сайд. Ний нуугүй хэлэхэд улстөрийн хүрээлэлд үргэлж кранаар татуулж дадсан эл эрхэм яах бол… Ямар ч байсан энэ удаа түргэдэх нь л түргэдлээ.

Эргэн сануулахад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхад нь одоогийн МАН буюу хуучин МАХН-ынхан хоёр ч удаа огцруулж, эвлэрэл, хамтралын гэрээ хүчгүйдэхийн үлгэрийг үзүүлж байсан түүх бий. Тухайлбал, эвслийн Засгийн газрын үед Элбэг огцруулахаар 10 сайд гарын үсэг зурсны нэг нь тухайн үед Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан С.Батболд.

Харин одоо өөрөө ямар ч гэнэ сэрэггүй сууж байгаад чадуулж байх шиг. Үнэндээ ч өнгөрөгч 20 гаран жилийн турш хэлэлцээрийн ширээнд сууж, гэрээ байгуулчихаад гудамжинд хөөгдсөн гарсан удаатай АН-ынхан ийм зангарагтай хандалгүй яахав. Тэд энэ удаа хөөгдсөнгүй. Хөөхөөс нь өмнө хөдөлж амжихаар шийдсэн байж мэднэ.

Алдаагаа давтвал тэнэг, алдаанаасаа суралцвал амжилт гэдэг. АН алдаанаасаа суралцаж чаджээ. АН-ын сайдууд цагаан cap, сонгуулийн буухиатай уралдан засгаас гарна гэж мэдэгдсэн нь нэг талаар аальгүйтсэн явдал ч гэж бас хэлж болно. Тодруулбал, ҮЗХ-оо хуралдаж асуудлыг эцэслээгүй байхад мэдэгдэлхийсэн нь аальгүйтэлтэй адилхан харагдаад байгаа юм.

Гэхдээ АН-ын сайдуудын аальгүйтэл МАН-ын цөөвөр чононуудыг сэргээлээ. Цөөвөр чоно хэзээ ч өөрийн хүчээр ан хийдэггүй, бусдын үлдээсэн сэг зэмээр хооллодог. Яг л тийм байдал ажиглагдаж байгаа юм, сайдын суудал горилон дарга нарынхаа үүдийт онголзуулагч амбиц эхтэй, намтар багатай МАН-ын залуучуудаас.

Шуудхан хэлчихэд АН-ын сайд нарын аальгүйтэл МАН-ын цөөвөр чононуудыг амь орууллаа. Цооврүүд амь орлоо гэсэн үг. Хагас жил нэгдүгээр гарын үсэг зурж, намтраа чимэх чин хүсэлдээ тэд дөргүй бух мэт чирэгдэж байна. Гэхдээ МАН-д туг барьж, тугал ч хариулж үзсэн залуус зөндөө бийг үгүйсгэж болохгүй.
Тийм ч учраас МАН-ын дарга С.Батболдыг ийм “гунягтай” авиртай цөөврүүдээр кабинетаа бүрдүүлэхгүй байх гэж найдаж байна. Хэрвээ бага ч гэсэн үлдэж буй хугацаанд МАН дангаараа засаг толгойлох боломжийг цөөврүүдийн орогнол болговоос улам хүчгүйднэ. Энэ дашрамд яаралтай хуралдсан намын УЗ-ийн хуралд С.Баяр тэргүүтэй лидерүүд байгаагүй нь түүнийг түргэдэхэд дэм боллоо хэмээн ажиглагчид өгүүлж буйг хэлчихье.

Түүнчлэн АН-ын задрал гагцхүү Засгийн газрыг төдийгүй нийслэлийг ч бужигнуулах магадлалтай. Өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газрын буянаар нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй Да.Ганболд болон нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Билэгтийн байр суурь ганхана. Ямартай ч МАН-ын хорооны дарга, хотын мэр Г.Мөнхбаяраас засаг задарвал нийслэлийн удирдлагын бүтцэд ч өөрчлөлт орох уу гэж лавлахад “Нийслэл бол бие даасан статустай. МАН дангаараа засаг толгойлж байхад АН-ын гишүүд нийслэлд ажиллаж байсан.

Тэр утгаараа ямар нэг халаа сэлгээ хийхгүй. Хэрвээ AН хүнээ татна гэвэл өөр хэрэг” хэмээн хариулсан юм. Гэвч сайд нарын аальгүйтэл эцсийн шийдвэр биш гэж харах нүх байнаа, энэ асуудалд дээр өгүүлсэнчлэн Х.Баттулга сайд Засгийн газраас гарахыг дэмжээгүй. АН-ын ҮЗХ-д МоАХ-ынхон хүчирхэг. 200 гаруй гишүүний 40 орчим хувь нь тус холбоонд харьяалагддаг.

Бас аль ашигтай талд нь гар өргөдөг тогтворгүй фракциуд ч АН-д байдаг. Ингээд бодохоор засгийн заяа арай ч найдваргүйгээр хэлтийчихсэн юм биш гэж харах үндэслэл бий. Гэхдээ засгийн тэргүүн эл боломжийг бас найдлагыг олж хараагүй. Эцсийн шийдвэр гараагүй байхад мэдэгдэл хийсэн нь хов дуулаад хамаг юмаа боож баглан төрхөм рүүгээ гүйгч эхнэр мэт.

Эрхэм Ерөнхий сайд АН-ын сайд нарыг ханилж яваад ханиа, унаж яваад морио гэдэг шиг авирлаж байна хэмээлээ. Гэхдээ ханиа бас морио замын дунд гээх туршлагаараа МАН-ынхан АН-ыг харин ч нэг урдаа гишгүүлэхгүй байх аа.Эцэст нь өгүүлэхэд он гарахаас өмнө салан тусгаарлах байсан хамтарсан Засгийн газар сонгуулийн өмнөхөн салав.

Он гарахын өмнө тусгаарлах байсан гэдгийн учир эл хоёр намын нэгдэл ирэх сонгуульд тохиромжгүй байсанд байгаа юм. Ямар ч уралдаанд өрсөлдөгчид өөр хоорондоо хэлхэлдчихээд уралддаггүй л биз дээ. Тэрэнтэй л ижил. Нэг үгээр хэлэхэд МАНАН сарних нь. Оны өмнөхөн төсвөө баталж мөнгөө халаасалсан АН-ынхан одоо үлдэж буй хугацаанд хүчтэй сөрөг хүчин болно.

Гурван жил сөрөг хоолойгоор дутсан Монголын парламент оройтсон бороо ширүүхэн ордог шиг их эсэргүүцэл дунд чуулна. Гол асуудлуудаа хамтарч байхдаа шийдчихсэн хойно МАН-ын зүгээс оруулж ирсэн асуудал бүрт тээг болно. Ай даа, улстөрийн тоглоом одоо л хурцхан өрнох нь дээ. Хожил хоёр тийшээ гэдэг байх аа…

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих