Талбайн ногоон байгууламж руу морь харсан гэх Д.Нэмэхбаяр нарыг маргааш хахуулийн хэргээр шүүнэ
Төв талбайн ногоон байгууламж руу “морь харсан” гэдгээрээ алдаршаад байгаа Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ хахуулийн хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Д.Нэмэхбаяртай хамт түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг шалгаж байгаа юм байна. Тэднийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байна.
Д.Нэмэхбаяр нь нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нар иргэдээс 200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байжээ. Бүр тодруулбал Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсныг хураан авсан юм.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шижүүлсэн байна. Тодруулбал, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийг маргааш Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх юм.
Н.Раднаасэд нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Эрүүгийн хуулийн
22.4 дүгээр зүйл.Хахууль авах
2.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.
Маргааш болох шүүх хурлаар хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.
URL: