Сургалтын бааз эмнэлэг удахгүй ашиглалтад орно

7a5ad76318fb0a57b5126687e690f9dc4e0ec056Сайд Д.Сарангэрэл өнөөдөр ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Муцуми Сатог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Японы сургалтын бааз эмнэлгийн талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад анх удаа сургалтын бааз эмнэлэг байгуулж байгаа. Энэхүү эмнэлгийг байгуулах төслийг ЖАЙКА болон уг төслийг хариуцагч байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлж буй. Үүний зэрэгцээ ЖАЙКА-ийн зүгээс уг эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт менежментэд Япон Улсын мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх эмнэлгийн менежментийг сайжруулах төслийг 2017 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.

Одоогоор тус эмнэлгийн барилгын ажил болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт дууссан.Тоног төхөөрөмжийн суурилуулалт 2019 оны 2 дугаар сарын сүүл болон 3 дугаар сарын эхээр дуусч барилгыг хүлээлгэн өгнө.Үүний дараа сургалт, дадлагууд хийгдэх юм.

Энэхүү сургалтын эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулж, орчин үеийн өндөр чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх Монгол Улсын тэргүүлэх эмнэлгийн нэг болох зорилготой. Иймд Японы талаас Эмнэлгийн статусыг тодорхой болгож, баталгаажуулах, сургалтын эмнэлгийг эрүүл мэндийн даатгалд хамруулах магадлан итгэмжлэл олгох, төсвийг баталгаажуулах, Япон улсад эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн, суралцаж төгсгөсөн эмч мэргэжилтнүүдийг түлхүү хамруулах зэрэг хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, тамгын газрууд шийдвэрлэж өгөхийг хүслээ.


URL:

Сэтгэгдэл бичих