Ж.Түмэнбаяр: Боовны өнгө /өгүүлэл/
Цагаан сарын шинийн хоёрны үдээс хойхно Баян хошууны автобусанд суухад шинэлэгчид чихэлдээд хүн ихтэй байв. Нилээд халамцуу залуу эр миний дэргэд ирж зогслоо. Нийлэг, гоёмсог эдээр хийсэн дээл өмсөж, сулавтар ороосон шар дурдан бүснийх нь үзүүр алдууран чирэгджээ. Өлгийтэйгөөс ялгаагүй нялхаа тэвэрч, хоёр гуравтай гэмээр охиныг тортой зүйлстэй хамт бөөцийлөх хүүхэн уцаардуу дуугаар
- Төмөрөө, наад бүсээ аваачээ гэв. Төмөрөө сонссонгүй. Сонслоо ч бүсээ авч чангалах боломжгүй шахуу харагдана. Нэг гараас нь тав орчим настай хүү зуурч, нөгөө гартаа овортой ачаа барьсан тэр, нэгэнт сулран алдуурсан бүсээ авсангүй. Автобусны донсолгоон, хүмүүсийн шахалдаан нирвэсээр атал Төмөрөө хөдөлшгүй шийдмэгээр
- Одоо Дайдаагийнхаар орно гэж хэлдэг байгаа.
- Яаж чадах юм бэ? Дараа болъё.
- Чи өөрийнхөө ах дүүсээр эхэлж орчихоод, минийхийг орхихно уу? Тэгэхгүй шүү. Ийнхүү явган хэрүүл гэхээр төлхөлцөөн эхлэв.
Тоосонд дарагдсан паривгар гутал, хормой нь орооцолдсон урт дээл, сулран унжих шар бүс, хэдийнээ орилж эхэлсэн гурван хүүхэд, тор тор дүүрэн бэлэг сэлт, хөлчүү Төмөрөө,уцаарлах гэргий, автобусны донсолгоон, явган хэрүүл бүгд нийлээд цагаан сарын амьсгаа болж байлаа. Тэднийг хөглөрөн буусны дараа шалан дээрээс бяцхан хүүхдийн өрөөсөн гутал олсон хүүхэн
- Энэ, нэг нь хүүхдийнхээ гутлыг гээчихэж. Эзэн нь байна уу? гэж чангаар асуув. Хэн ч дуугарсангүй. Тэр гутлыг автобусны бариулаас дүүжлэн уяв. Тэнд дөрөв таван өхөөрдөм хөөрхөн гутал, бойтогны өрөөсөн санжиганаж, ганц Төмөрөө ингэж яваа бишийг илтгэнэ.
Машин унаа, хөрөнгө чинээтэй хэсэг нь минж, булга, торго хоргойгоор гоёж, зөөлөн машинаар ямбархан заларч, хэн ч иддэггүй бөөн өөх, бас л хэн ч иддэггүй овоолсон боов харан сууцгааж, цэцэрхэн ярилцаж байгаа даа. Харин Төмөрөө шиг хэд нь аав, ээж, авга, нагацын нэхэл хатуутай золголтын албыг өнгөрөөх гэж олсон жаахнаа үрж, хүртсэн жаахандаа халж, учир мэдэхгүй нялхас, бараг хэрэггүй бэлэгтээ түүртэж, ил далд атаархалцан, өөг, төөг сөргөлцөн манаргаж, гурав хонодог бололтой. Малчин ардынхаа ахуй нөхцөлд тохирсон энэ их цэнгэлт баярыг, малаас хөндийрсөн суурин газарт хуулан нэвтрүүлэх гэж хөглөх өөрсдийгөө хараад Зүрх хайрханы өвөлжөөнд өнгөрөөсөн Монголын цагаан сар аргагүй дурсагдав.
Тэр жил Пүрэвдорж найз маань дотуур байранд биш манайд суух боллоо. Тавдугаар ангид суралцах бид хоёр сайдаж, муудах нь олонтаа ч ангидаа бол их л амь. Цагаан сар хичээлийн амралтаар таарч, Пүүжээгийн гуйснаар бид хоёр тэднийд очихоор явав. Аав, эжий хоёр минь дээл, гутал бэлдэж өгөөд томоотой байх тухай далан долоон захиасаа хэлж нэг юм зөвшөөрсөн юм даг.
Битүүний өдөр айлын багачуудтай хамтран хот хороо, гэрийн гаднахыг цэвэрлэв. Далхаа гуай, Цэрмаа эгч хоёр битүүлэгний мах чанаж, гэрээ цэвэрлэж, хувцас хунараа салхинд тавьж үсийг нь сэргээн гөвнө. Айл бүрийн гадаа дотрыг нь эргүүлсэн хурган, үзүүрсгэн, нэхий дээл хэцлэн тохсон нь салхинд ганхалзан, нисэх гэж байгаа үсэрхэг амьтад шиг харагдаж инээд хүргэнэ. Далхаа гуай нарийн саваагаар гөвөхөд тэд пад, пад гэж ёолдог юм шиг санагдаж улам инээлгэж байлаа.
Бид хоёроор хүнд өгөх бэлгийн боов боолголоо. Хэвэлж чанасан нэг боовон дээр, нэг ааруул, томхон ээзгий, шагайн чинээ хоёр хайлмаг, хуруу өрөм, хоёр ёотонтой тавьж цаасаар нямбайлан боож, цагаан сараар ирсэн айлчин гийчинд нэг нэгээр түгээн өгч гары нь цайлгадаг ёстой ажээ. Одоо бодоход хоёр ёотонгоос бусдыг худалдан аваагүй өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр бий болгосон сэтгэлийн бэлэг байж дээ.
Үдэш битүүлэв. Малаа хотлуулж, нохойгоо цадтал хооллож, аргалын дөрвөлжөө дүүргэж, тотгон дээрээ цас, мөс, тариа будаа тавьж, хувин сав бүгдийг дотроо юмтай байлгадаг юм билээ. Битүүлэгний махыг хүн бүрд хувилан түгээж, банш бууз, будаа чаналаа. Далхаа гуай
- Битүүрэх гэдэг чинь битүүртлээ идэхийг хэлдэг юм. Сар шахуу бэлдсэн юм чинь цохиод байдаг хэрэг. Цадталаа ид гэж шахна. Цэрмаа эгч
- Цаг, цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг. Идэж ууцгаа гэж Далхаа гуайг өөгшүүлнэ.
Бид Далхаа гуайн ах Цэнд өвөөгийнд орж битүүлэх болов. Данхтай цай, тавагтай банш, асаахад бэлэн зул тэргүүтэнг барьсаар тэднийд ороход мөн л идээ будаа тавьж, хоймор талдаа бурхан тахил, ном судраа дэлгээд, арц хүж унгитган, зул мандаажээ. Төдөлгүй Цэрмаа эгчийн дүү Долгор эгч, Равдан ахтай орж ирлээ. Равдан ахыг өнгөрсөн хавар цэргээс иржДолгор эгчтэй сууж, шинэ гэр барьсан гэж Пүүжээ ярьсан юм. Бас Цэрэн гуайхан ирлээ. Цэнд өвөөгийн жижигхэн гэрт хот айлын хорь гаруй хүн цуглаж, ахас ихэсээ дээш суулган эвтэй найртай хөгжилдөн битүүлцгээв. Томчууд өдрийн турш хамт байсан мөртлөө сая л уулзсан хүмүүс шиг амар мэндээ мэдэлцэн тамхилцгаана.
Цэнд өвөө сангаа арвитгаад баринтагтай ном задлан уншиж гарлаа. Сайтар сонсвол хэпхэн үгийг л давтан хэлж, номын хуудсыг хэтэрхий түргэн эргүүлээд байх юм. Далхаа гуай ч бас тэр мэт үйлдэнэ. Хожим ухаарснаар бол номондоо салхи оруулж, тогтсон тарни уншиж байсан биз ээ. Номоо буцаан баринтагласан Цэнд өвөө
- За хүүхдүүд минь, хуучин он хангирсан одож, шинэ он шилжин ирэх гэж байна. Та нар хэн нэгэндээ, өр шир, өглөгтэй бол өгч, чадахгүй бол учраа хэлж, гомдож өсөрхсөн бол түүнээ ярьж, сэтгэлээ онгойлгоод маргааш өглөө бие сэтгэл цэвэр золгодог юм шүү гэж сурган өгүүлэв. Равдан ах Пүүжээ бид хоёрыг зааж
- Энэ хоёр олон ч удаа гар зөрүүлж, олон ч удаа эвлэрээ биз. Одоо гомдолтой бол бие биендээ хэлж, өршөөл эр гэж тоглоом үнэн хоёрын дундуур хэлэв. Бид хоёрт тиймэрхүү юм зөндөө ч гомдож барьж сүйд болдоггүй юм чинь дэмий л шилээ маажлав. Харин Цэрэн гуай
- Равдаан, хүү минь. Би чиний аавд нэг хязаалан адуу өх ёстой. Энэ жил амжсангүй. Яагаад гэдгийг чи мэднэ. Аавдаа энэ тухай хэлж, ирэх жил соёолон болгож өгье гэсэн гээрэй гээд гаансныхаа соруулыг арчин Равдан ахад барилаа. Равдан ах гаансыг авч
- Бид, танайхыг өвчтэй охиноо эмчлүүлэх гэж зүдэрч байгааг мэдэлгүй яахав. Аавд би учрыг хэлье. Аав “Нас ахиулахгүй, хязаалангаа л авна “ гэх байлгүй. Та тэрүүнд санаа зовоод хэрэггүй гэж хэлээд гаансыг эргүүлэн өглөө. Өөр өр шир, өс гомдол байгаагүй бололтой бүгд шуугилдан битүүлж, тэр мэт айлд зочлон Равдан ахынд шагай шүүрч, Цэрэн гуайнд хорол тоглон, Далхаа гуайнд алаг мэлхий өрсөн юмдаг.
Маргааш еглөө нь биднийг үүр цайгаагүй байхад сэрээж босголоо. Айлууд гэрэлтэй хаалга үүд нь онголзоно. Үүр цайхад Лхам бурхан дэлхийг хоромхон зуурт эргэхдээ тотгон дээр тавьсан цас мөсөөр унаж яваа луусаа ундлан, унтаа хүнийг үхсэнд тооцдог гэж Цэрмаа эгч ярьсан юм. Гэхдээ бидний эрт босдог нь өөр зорилготой байсан юм билээ.
Эрчүүд бөөгнөрч Зүрх хайрханы баруун урд байх багавтар уул өөд явлаа. Пүүжээ бид хоёрт нэг,нэг ширмэл гудас үүрүүлж, бусад хүмүүс ч юм барьжээ. Уул өөд мацалхийлэх зуур үүр гэгээрч улам гэрэлтэй болсоор байв. Ганцаараа морь унаж Равдан ахаар хөтлүүлж ирсэн Цэнд өвөөгийн зааснаар овооны өмнө идээ будаа тавиглан, гал асаан, арц унгитгаж байтал нар мандах боллоо. Бид Цэнд өвөөг дуурайн алсын уулсын цаанаас улайран цухуйх наранд мөргөв. Бүгд малгайгаа авч гартаа сэгэлдэргэлээд ширмэл ширдэг дээр сөгдөн гурвантаа босон суун мөргөсөн юм. Тэгээд сүү, цайны дээжээ, овоо, хангай дэлхийд өргөөд Цэнд өвөө богинохон ном уншлаа. Буцах замдаа Равдан ах Пүүжээ бид хоёрт
- Та хоёр ч лав онц сурах биз. Наранд мөргөж, хийморийн сан тавиуллаа гэж хэлэв. Хүйтэн жавар хацар нүүрийг хайрах хэдий ч тэнгэрийн наранд их л ойрхон очиж золгоод үнсүүлсэн юм шиг санагдаж үнэндээ баярлаж явсансан.
- Биднийг эргэн ирэхэд эмэгтэйчүүд гэрээ цэгцэлж хорооны арын дошин дээр цас мөс аргал хүйдсээр өндөр овоо босгосон байлаа. Бас хотын зүүн урд хуурай аргал овоолжээ. Айл бүр гэртээ зассан их идээгээ дамжлан ирж овооны дэргэд тавиад овоонд хадаг, дээж өргөж, мөн л ширмэл ширдэг дэвсэн зүүн зүгт хандан «Төрийн сүлд өршөө» гэж өгүүлэн гурвантаа сөгдөн мөргөв. Цэнд өвөөгийн ярианаас үзвэл Улаанбаатар хотын зүгт мөргөж, ёслолын их идээгээ тэнгэр хангайдаа үзүүлж байгаа юм байна лээ.
Дараа нь овоолсон хуурай аргалд гал хүргэн асааж, дээж өргөөд түүхий мах тэр галдаа өргөв. Цэнд өвөө, Далхаа гуай хоёр цоройндоо үстэй нэг, нэг өвчүү, хэрчим хошноготой галд өргөхөд Равдан ахынх бас нэг өвчүү авч иртэл Цэнд өвөө
- Хүү минь. Чи хэдийгээр манай хүргэн гэлээ ч эцэг өвгөдийн ёсыг зөрчиж болохгүй. Танайхан ямар мах түлэх ёстой юм бэ? Түүнийгээ л түл гэлээ. Равдан ах
- Манайхан ингэж байхыг би үзээгүй. Ерөөсөө мах түлдэггүй байх гэхэд Цэнд өвөө
- Тийм ч бишдээ. Өвөө чинь эрт өнгөрөөд, эцэг чинь залуудаад, бас сум багийн дарга нараас айж цалгардсан л байх. Танайхан эртний удамтай хүмүүс гээд бодлогошрон сууснаа
- Агваанбалдангийнхан чинь вангийн унаган албат, их отогоос гарвалтай гэдэг биздээ? гэж Далхаа гуайгаас асуухад
- Сайн мэдэхгүй юм. Энэ Дарамбазар эд нар чинь нэг угсаатай, элэнц эцэг нь нэг хүн байсан гэхийг л сонссон гэж хариулав. Цэнд өвөө
- Тэгнээ тэр. Тийм байх учиртай. Равдаан, танайх хонины хаа түлэх ёстой юм байна. Дал, дөрвөн өндөр ч байсан болно доо гэлээ. Равдан ах, Долгор эгч хоёр чингэлгээ уудлан хонины дал, хавиргатай авч ирэн хөлдүүгээр нь галд өргөв. Цэрэн гуайнх ямар мах түлснийг мартжээ.
Түүхий мах галд өргөдөг энэ өвөрмөц заншлын учрыг одоо хүртэл олоогүй, ямар учраас айл бүр ижил мах түлдэггүй, ямар учраас мах түлэх гэж нэрлэдэг болохыг мэдэхгүй, зөвхөн эртний бөө мөргөлийн үлдэгдэл байх гэхээс хэтрэхгүй яваа юм даа.
- Пүүжээ бид хоёроор мах түлсэн гал мануулж, тэд гэртээ орцгоолоо. Гэвч удалгүй эрчүүд гарч ирээд морины уяанд бөөгнөрөн дэлий нь зассан морьд эмээллэн зүг гарган бужигналдав. Цэнд өвөө хаашаа хөдөлж, хаана бууж, мордоод хаанаас ирэхийг заана. Өрхийн эзэд, залуус, хөвгүүд зүг мөр гаргахдаа заавал мориор явах ажээ. Эмэгтэйчүүд энэ ёслолд оролцоогүй, явганаар мөр зүг гаргадаг юм бол бид, үүрээр бүгдээрээ баруун урагшаа явсан билээ. Пүүжээ бид хоёр чацуу учир хамт явлаа. Далхаа гуай уяан дээр угтан буулгаад
- Амар мэнд, өлзийтэй морилж яваад ирэв үү? Замд чинь сонин сайхан зүйл, мал сүрэг их тааралдав уу? гэж асуулаа. Пүүжээ
- Сайн явж ирлээ. Адуу мал олон тааралдлаа гэж худлаа хэлэв. Үнэндээ бол хотоо нар зөв тойрсон юм чинь. Гэхдээ ингэж асууж, хариулах ёстойг найз минь мэддэг байж л дээ.
Гэр гэртээ орж шинэллээ. Хүн бүр гоё дээл, малгай өмсөж, сайн сайхан үгээр ярьцгааж, ёс төртэй золгов. Хооллож ундлаад Цэрмаа эгч Пүүжээ бид хоёрт нэг, нэг хүүдий өгч
- Та хоёр олсон бэлэг юмаа энүүнд хийж байгаад буцахдаа авч яваарай гэв. Пүүжээгийн дүү нар атаархаж бас хүүдий нэхэхэд тэд нарт жижигхэнийг өгч
- Та нар гэртээ байгаа юм чинь болно. Ах чинь хол, эрдэмд суралцаж байгаа болохоор том хүүдий авах ёстой гэж аргалж билээ. Бид хоёр хуваасан мах, өгсөн боовыг тус тусынхаа хүүдийд хийж ханын нүдэнд хавчуулав. Пүүжээгийх цагаан, минийх цоохор өнгөтэй хүүдий байсан болохоор санаа амар байсансан. Түүнээс биш ч …
Ахиад л Цэнд өвөөгийнд оров. Золгож инээлдэж, идэж ууцгаалаа. Тэдний тогоонд сүү хийж айл бүр гэрээсээ авч ирсэн будаагаа үйлээ. Цагаан, шар будаа, хөц, арвай холилдсон түүнийгээ тос чихрээр амтлан цагаалга хэмээн идэж, гэр гэртээ хуваан авцгаав. Цагаан сарын турш түүнийгээ арвитган чанаж , ирсэн зочдыг дайлж, зочид ч хамгийн түрүүнд түүнээс амсдаг юм билээ.
Үд өнгөрөх үеэр Далхаа гуай биднийг дагуулан мордож саахалтын айлаараа шинэлэв. Пүүжээ бид хоёр чухам үүнийг л хүсэн хүлээж байсан юм. Айл саахалтын хооронд цас бужигнуулан үеийн жаалуудтай уралдан давхихын сайхныг хэлээд яах билээ. Орой бүрийгээс өмнө гэртээ ирэхэд айлуудын өгсөн боов хоёр хүүдийг бараг дүүргэсэн юм даг.
Үдэш айлчин гийчингүй амихнаараа үлдсэн хойно үл ялиг согтсон Далхаа гуай, айлуудын өгсөн бэлэгний боовыг гарган, Цэрмаа эгчид үзүүлэн ярилцав.
«Энэ Бадам гуайнх. Сайхан өнгөтэй боов хийжээ. Эднийх энэ жил алзахгүй. Энэ сахал Доржийнх, муруй болчихож. Мань эр боов хэвлэхдээ согтуу л байсандаа. Гэхдээ давгүй сайхан болж, зүгээр. Энэ Ганаа хүүгийнх, жаахан бүрзгэр юм. Яагаад байгаа юм бол. Энэ Ханд чавганцынх, ийм өнгөтэй боов хийснийг бодоход энэ жилдээ айлтгүй» гэхчилэн нутаг голынхоо айл бүрийн хэтийн амьдралыг боовны өнгөөр билэгдэн хэлэлцэж байлаа. Тэгснээ Далхаа гуай өврөөсөө хайрцаг папирос гарган ирж
- Унжуу Дорлигийнх надад үүнийг бэлэгийн боов дээрээ нэмэн өглөө. Равдан, Цэрэн хоёрт өгсөнгүй. Адилхан хүмүүс очиж байхад тэгж ялгах юм. Санаа зовсон гэдэг нь гэхэд Цэрмаа эгч
- Өнөөдөр чинь өрх үүдтэй бүрийд ирж байгаа, ахан дүүс, танихгүй гуйлгачин ч ижилхэн гэдэггүй билүү. Яагаад тэгж алаг үзээ юм бол. Манай Равдан нас залуу ч яваандаа чам шиг нэр хүндтэй болж болноо доо. Хөөрхий Цэрэн ч гэсэн насны өвчин хүртсэн хүүхдээ эмчлүүлэх гэж хэдэн жил байдгаа барсан болохоос манайхаас илүү мал хөрөнгөтэй байх ч юм билүү. Тэгж ялгаж үздэг нь хачин юм. Дорлигийг манайд ирэхэд би өгдөгөө л өгөөд гаргасан. Надад ямар тэрэнд энэнд гэж оноосон бэлэг байдаг биш гэж ундууцан ярилаа. Далхаа гуай
- Харин тиймээ. Бас л нэг ёрын юм үүсэхийн дохио байх. Хятадуудыг л хүнд адилхан юм өгдөггүй, заавал их багыг өгч атаархуулж, муудалцуулдаг гэж муу аав минь хэлдэгсэн. Бид бас тиймэрхүү болчихвол яана даа. Энэ золигоор би юугаа хийхэв гээд хайрцагтай тамхиа гал уруу шидчихэв.
- Тэр хоёрын сэтгэлийг хиртээсэн бэлэгийн нэмэр гээч хайрцаг тамхи дүрэлзэн асаж, монголын цагаан сарыг алаг сар болгочих ялгаат үзлийг устгах гэсэн шиг хоромхоноо шатаж дууслаа.
- Пүүжээ бид хоёр хаврын ховорт бэлгийн боовоо идэхдээ « Боовны өнгө»-ний тухай тэднийг дуурайн ярилцаж инээлддэг байлаа.
2009 он Жамбын Түмэнбаяр
URL: