Агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

9

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” зээлийн хэлэлцээр, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Харин 10.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнд төлөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна.
Төсвийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлахаас гадна “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”, “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж.
Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих