Байнгын хороо УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг дэмжсэнгүй

 88

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсныг Л.Оюун-Эрдэнэ гишүүн танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн, “УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани худалдан авсан хэрэгтэй холбоотой юу. Үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан уу” хэмээн тодрууллаа.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Бид УИХ-ын дарга ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс ч хоёр удаа жагсаал, цуглаан зохион байгуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай шууд хамааралтай гэж хэлэхгүй. Саяхан тус үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компани худалдан авсан тухай мэдээлэл гарсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд О.Баасанхүү гишүүн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани авсан талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 онд олон нийтэд мэдээлсэн. Тухайн үед УИХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байсан юм. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д олонх болсны дараа ажлын хэсэг гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалган, улмаар төрийн мэдэлд авах тогтоол гаргасан ч шүүх байгууллага дээр гацаж байна” хэмээв.

Түүнчлэн Д.Эрдэнэбат гишүүн, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой ажиллах боломжийг үгүй болгож байна. Дараагийн УИХ-ын дарга үүрэгт ажлаа хүлээн авсны дараа бусад гишүүд эсэргүүцэж, гарын үсэг цуглуулаад өргөн барихад мөн л чөлөөлнө гэсэн үг” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, “Улс төрийн нөхцөл байдал намжсаны дараа энэхүү хуулийг хэрхэн өөрчлөх талаар УИХ-ын гишүүд, намын бүлгүүд ярилцах хэрэгтэй” гэв.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Би Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байна. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өмнө М.Энхболд дарга ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй байсан” хэмээсэн юм.

Хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын даргыг “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон эсэхийг тогтоогоогүй байхад гишүүд тухайн хэрэг үнэн мэтээр ярьж байгаа нь буруу гэдгийг Д.Хаянхярваа гишүүн дурдлаа.

Ингээд нууцаар санал хурааж, тооллогын комиссын гишүүнээр Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нар ажиллав. Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос 8 гишүүн дэмжиж 8 гишүүн татгалзжээ. Харин нэг хүчингүй саналын хуудас гарсан гэдгийг тооллогын комиссын дарга Д.Хаянхярваа гишүүн танилцууллаа. Өөрөөр хэлбэл, нийт хүчинтэй саналын 50 хувь нь тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн санал өгчээ. Ийнхүү тооллогын комиссын тогтоолыг батлах талаар санал хураахад 82.4 хувь дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан түр завсарлав.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.

Төрийн байгуулалтын байнгын хороо 15.00 цагт үргэлжлүүлэн хуралдаж, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зургаан тогтоолын төсөл, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов, зардлын хэмжээг батлах тухай болон МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм.

 Montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих