Ямааны мах халуун дээрээ …
Бид нар өдөр болгон иддэг махныхаа талаар хэр мэддэг бол… Хонины мах амт чанар сайтай байдаг нь махны ширхэг нарийн байдагтай холбоотой. Монголчууд өөрсдийн хүнсэнд шүдлэн хонины махыг ашигладаг бөгөөд яс, өөх махны харьцаа нь хамгийн зохистой буюу 1:5 байдаг. Хонины маханд уураг, үл орлогдох амин хүчил 40 гаруй хувийг эзэлдэг. Үхрийн борцолсон махны зөвхөн 50 граммд оногдох уураг хүний бие махбодын хоногийн хэрэгцээг хангаж чадахаар тосонд уусдаг амин дэмүүд давуу. Адууны мах төгс чанартай уургийн нэгдэлд тооцогддог бөгөөд шувуу, загасны махтай адил түргэн шингэдэг тэжээллэг чанартай, калори ихтэй учраас дүн өвлийн хүйтэнд хэрэглэдэг уламжлалтай.
Ямааны мах сэрүүн чанартай, уураг нь хялбар шингэдэг, хүний бие махбодоос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй, өөх нь ханасан хүчлүүдээс бүрддэг, царцамтгай учраас зөвхөн дулааны улиралд хэрэглэх нь түгээмэл. Тийм учраас “ямааны мах халуун дээрээ…” гэх үг гарчээ. Ямаа зуны эхэн сард цэцэг дэлгэрсэн үед түүгээр хооллож дээд ургамлын биологийн идэвхт бүх бодисыг биедээ шингээдэг тул эмчилгээ сувилгааны чанартай. Тэмээний мах нь үхрийн махтай төстэй боловч нүүрс ус, чихэрлэгийн зүйл их учир ходоодонд шингэх нь сайн, сэрүүн чанартай. Тэмээний махны чанарын гол үзүүлэлтийн нэг нь эрдэс бодис бөгөөд натри, кали, никелээр баялаг байдаг байна.
Монголчууд мах, мах оролцсон 200 гаруй нэр төрлийн үндэсний хоол хийдэг. Зөвхөн малын дотор гэдсээр хийдэг хоол гэхэд 70 гаруй төрөл байна. Бод малын амьдын жингийн 13%, бог малын 12%-ийг дотор эрхтэн эзэлдэг. Дотор маханд зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс, олгой, өлөн, хос, хошного, гүзээ, сархинаг, сэмж, цус хамаарна. Дотор махан хоолноос хамгийн түгээмэл нь гэдсийг бүхлээр нь чанах, таван цулын шөл, элэгний сорос хийх, хярамцаг гаргаж авах, адууны умс чанах зэрэг болно.
Мах нь усанд уусдаг В бүлгийн болон РР амин дэмийн эх үүсвэр юм. Монгол малын маханд хүнд металл болох хар тугалга, мөнгөн ус, хүнцэл зэрэг металлууд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс олон дахин доогуур байдаг тул түүнийг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж үздэг.
URL: