“Интернэттэй худаг” –аар зочиллоо
Цахим орчинд бидний хайрыг татсан эерэг бүтээлч хүмүүс олон байдаг. Тэдний нэг нь тавгийн чихэр, сэтгүүлтэй тохилог таксины ах, монгол бичиг заадаг худгийн өвөө гээд олон сайхан сэтгэлтэй хүмүүс бий. Тэгвэл та сүүлийн үед олны хайрыг татаад байгаа интернэттэй худагийн талаар сонссон байх. Манай сэтгүүлч интернэттэй худагаар зочилсон юм.
Сэтгүүлч: Сайн байна уу? Интернэттэй худаг мөн үү?
Нансалмаа: Хэхэ, сайн, сайн байна уу. Тийм ээ, мөн байнаа.
Сэтгүүлч: Тантай 5 минут ярилцах цаг байгаа болов уу?
/Эмэгтэй зогсоо зайгүй усны цоргоо нээж хааж, хүмүүст ус түгээгээд чөлөө завгүй/
Нансалмаа: Аан болноо, ороод ирээрэй.
Сэтгүүлч: Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу, танайх гүний худаг уу, өдөрт хэчнээн хүнд ус түгээж байна вэ?
Нансалмаа: Намайг Батхүүгийн Нансалмаа гэдэг. УСУГ-т ус түгээгч ажилтнаар ажилладаг. Манайх гүний худаг болохоор нэг өдөрт ойролцоогоор 30 тонн ус түгээдэг. Мөн иргэд өөрсдөө карт ашиглан автоматжуулсан ус түгээх ухаалаг төхөөрөмжнөөс 24 цагийн турш ус авах боломжтой байдаг.
Сэтгүүлч: Танай худаг их ачаалалтай байдаг байхнээ. Интернэттэй худаг гэдэг нь ямар учиртай билээ?
Нансалмаа: Миний түрүүний хэлсэнчлэн иргэд ухаалаг төхөөрөмжнөөс 24 цагийн турш ус авах боломжтой байдаг. Худаг 10:00-19:00 цагийн хооронд ажилладаг болохоор ажил тараад, эсвэл ажилдаа явахын өмнө өдрийн аль ч үед өөртөө үйлчлээд ус авах боломжтой байдаг. Гэхдээ автобусны карт шиг бэлэн мөнгөө өгөөд картаа цэнэглүүлдэг төхөөрөмж, цэг гэж байхгүй. Тийм болохоор интернэт банкаараа мөнгөө картруугаа шилжүүлж цэнэглэдэг юм. Хүмүүс тэр бүр интернэт орж чадахгүй болохоор картаа цэнэглэж чаддаггүй хүмүүс бий. Тэгэхээр нь би саяхан гэртээ авсан Бүтэн жилийн эрхтэй 360GB дататай “ГЭР ИНТЕРНЭТ”-ээ ажил дээрээ аваад ирсэн юм. Эхлээд ганц нэг хүн картаа яаж цэнэглэх вэ гэхээр нь интернэтийн нууц үгээ өгөөд интернэт банкаараа цэнэглэж болно гэж зааж өгдөг байсан. Тэгээд л интернэттэй худаг гэдэг нэртэй болоод байгаа.
Сэтгүүлч: Гаднаа бас зар наасан байна?
Нансалмаа: Тиймээ, би тэгж боддог юм. Хүн өөрийнхөө хийж байгаа ажилд чин сэтгэлээсээ хандаж, бие биедээ бага ч гэсэн тусалж чадах зүйлээр тусалж байх юмсан гэж боддог. Манайх бусдын л адил хичээл сургууль, ажил гээд их завгүй гэр бүл. Тэгээд гэртээ интернэтийнхээ датаг нь ашиглаж бардаггүй юм чинь ганц нэг хэрэгтэй хүн нь хэрэгтэй зүйлд ашиглаж л байг гэж бодоод авч ирээд, зарлал наасан байгаа.
Сэтгүүлч: Маш их баярлалаа, та манай уншигчдад юу хэлэхийг хүсэж байна вэ?
Нансалмаа: Өнөөдрийн хэн байхаас илүү ямар хандлагатай байх илүү чухал. Тэгэхээр амьдралд эерэг хандлагатай, өөдрөг амьдарцгаая залуусаа гэж хэлье дээ.
Zaluu.com
URL: