Долоон ченжийн гар дамжиж ирсэн мах 7000 төгрөгт хүрлээ

Өчигдөр орой ажлаасаа бууж явахдаа автобусанд иргэдийн бухимдаптай үгийг сонслоо. Тэд махны үнэ өсчихөж гэж цухалдангуй ярьцгаана. Үхрийн цул мах 7000 төгрөг хүрчихэж гэхэд нь арай ч үгүй байлгүй дээ гэж бодож явсан минь үнэн болж таарав. Өглөө ажилдаа ирээд Дэнжийн мянгын Хүчит Шонхор худалдааны төвд ажилладаг таньдаг хүнээсээ утсаар асуухад “Махны үнэ оны өмнөөс л нэмэгдсэн шүү дээ. Хотод мах ховор орж ирж байгааг хүмүүс мэдэхгүй байна. Бид нэмчихэж байгаа биш цаанаасаа өндөр үнэтэй ирж байгаа юмыг чинь яах вэ дээ. Үнэнийг хэлэхэд тав арван төгрөг нэмээд л зарж байна” гэлээ.

Өнгөрсөн мягмар гаригт Баянзүрх зах дээр махны үнийн дээд хэмжээ 5600 төгрөг байсан бол Барс худалдааны төвд 6500 төгрөг байж. Харин өчигдөр хүнсний захуудад үхрийн мах 7000, адууны мах 6100 төгрөг хүрчээ. Хонины мах 4300, ямааны хам 4800 төгрөгт хүрсэн байна.

Манай улс оны босгон дээр 36 сая толгой малтай боллоо гэж бахархан зарлаж байсан даа. Ийнхүү шинэ оны эхний өдрөөс махны худалдагчдын ярьдгаар малчны гар дээрээс долоон ченжийн гар дамжиж ирсэн мах нийслэлийн хүнсний захуудын лангууун дээр 7000 төгрөгт хүрлээ. Яваандаа нийслэлчүүд хүнснийхээ хэрэгцээнд мах авах хүч хүрэхгүйд хүрэх нь байна. Махны үнийн өселт гэдэг нөгөө том бүтэцтэй ХХААХҮ-ийн яам, ШӨХТГ -ын үйл ажиллагаанд хамаагүй болж хувирч байна уу.

Нийслэлийн удирдлагууд нөөцийн мах гэж иргэдээ хуураад захуудад худалдаалагддаг махны үнэнд анхаарлаа хандуулахаа больжээ. Өнөөдөр нийслэлийн иргэд 7000 тэгрөгөөр нэг кг мах авах уу, долоон ширхэг хятадын усанд буцалгадаг гоймон авсан нь дээр үү гэж зргэлзэхэд хүрэх нь. Үнэтэй мах идсэнээс урд хөршийн бэлэн гоймонг их хэмжээгээр оруулж ирэх хэрэг гарах юм биш байгаа. Өнөөдрийн энэ байдлыг ажиглахад цагаан сарын өмнө махны үнэ тэнгэрт хадахыг үгүйсгэх аргагүй.

Н.Лхагвасүрэн

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих