300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг илрүүлжээ

73

Өчигдөр 13.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Тайланд улсаас Монгол улс руу шуудан илгээмжээр хар тамхи хүлээн авсан этгээдүүдийг газар дээр нь саатуулсан билээ.

Тодруулбал, манай улсын хилээр хууль бусаар хар тамхи оруулж ирсэн Нигер улсын иргэн Шон нь гадаад хэлний сургалтын төвд багшилдаг 31 настай иргэн бөгөөд тус мансууруулах бодисыг илгээмжээр хүлээн авч, хууль бусаар хадгалж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Дээрх илрүүлсэн хар тамхи нь мансууруулах үйлчилгээтэй мөс буюу /ICE/ хэмээх бодис аж.

Энэ нь Монгол Улсын хэмжээнд маш их хэмжээний буюу 300 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээгээр хар тамхи илэрсэн анхны тохиолдол болж буйг албаныхан мэдээлжээ.

Хар тамхины төрлийн бодис хууль бусаар хилээр нэвтрүүлсэн Нигер улсын иргэн Шон нь багшлах эрхийн бичигтэй ба манай улсад өмнө нь ямар төрлийн ажил эрхэлж байсан нь тодорхойгүй байгаа аж. Мөн өнөөдөр Нигер улсын иргэн Шон гэгчтэй хамаарал бүхий хоёр гадаадын иргэнийг уг хэрэгт холбогдуулан саатуулан цагдан хорьжээ.

Уг хар тамхийг дээрх иргэд Тайландаас Монгол руу олон улсын илгээмжээр оруулж ирсэн байжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих