Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг 1995 онд төрсөн Б.Номуундарь гэх охинд шилжүүлсэн байна
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр хэвлэлийн хурал хийж талбай дээр өлсгөлөн зарласан иргэдийн тухай болон УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлэг байгуулсан тухай, мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь зарагдсан тухай мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 25-нд УИХ-ын даргыг чөлөөлөх хууль хэрэгжиж эхэлсэн ч янз бүрийн арга саам хайгаад уг асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулсан. Энэ нь нийгэмд маш их бухимдал үүсгэсэн. Бидний 39 гишүүн ч гэсэн нэлээд сэтгэл дундуур байна. Хамгийн гол нь талбай дээр 15 хоног тэмцэж байгаа олон зуун иргэдэд энэ бол үнэхээр хүнд цохилт болсон байна лээ. Тиймээс тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн.
Бид хэдий мягмар гаригт асуудал шийдэгдэнэ гэдгийг учирласан ч эхлээд 7 иргэн дараа нь 5 иргэн өлсгөлөн зарлаад байна. Энэ хүмүүс дотор 69 настай ахмад хүн байна. Эрдэнэтээс ирсэн нэг ахмад 60 гаруй цаг өлссөнөөс бие нь муудаад эмнэлэгт хүргэгдээд байна. Гэвч тэмцлээ зогсоохгүй гэж байгаа. 40 гишүүн бичиг бариад, Ерөнхийлөгч хууль санаачилж батлуулаад байхад арга саам хийгээд алх атгаад суугаа, ард түмний төрийн эрхийг авчихсан нөхөр маргааш буухгүй бол бид ч бас маргааш өлсгөлөн зарлаж буй иргэдтэй нэгдэнэ. Тиймээс маргааш шийдвэр гарах хүртэл өлсгөлөнгөө зогсоохыг уриалж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Бид Монголын байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшил хууль бусаар худалдан авсныг УИХ-ын гишүүд тэмцэл өрнүүлж Монголын төрд авсан. Мөн Таван толгойн орд газрын 50 хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжид 400 сая ам.доллароор олгох гэж байсныг мөн зогсоосон. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа.
Тус төсөлд хөрөнгө оруулалт хийсэн гадны компаниуд шаардлагатай баримт, материалыг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байна. Энэ материалиудыг гаргаж өгөхгүй бол ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт үнэн бодит гарахгүй. Тиймээс бид УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байна.
Монгол Улс баялагтаа эзэн болсон тохиолдолд нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бүлгийн зүгээс нэн түрүүнд хууль, шүүхийн байгууллагуудад өргөсөн тангараг, эх орондоо үнэнч, улс төрчдөөс хараат бус хүмүүсийг ажиллуулах болно. Мөн бүлгийн зүгээс ажлын хэсэг гаргаж, Монголбанк, Засгийн газрын 29 тусгай санд шалгалт хийнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
”Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг гадны компанид худалдсан тухай мэдээллийг шалгасан. Энэ мэдээлэл үнэн. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч компани Чингэлтэй дүүрэгт байрлах нотариатын байгууллагаар хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээг батлуулжээ. Тодруулбал, Сингапурт үүсэн байгуулагдсан компанийг эзэмшигч 1995 оны тавдугаар сард төрсөн Б.Номуундарь гэх охинд шилжүүлсэн байна. Энэ хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан.
Г.Саруул
Gereg.mn
URL: