”Байдаг байдаг газраа байвал яасан юм”

МАНАН-тайгаа жаргаж байгаа МАН-ын удирдлагуудын араас сүүдэр нь ч цухуйдаггүй хэмээх шүүмжлэлийг хамтарсан Засгийн газарт нэгдсэн цагаасаа хойш АН-ын дарга Н.Алтанхуяг сонсч буй. ҮЗХ-ны хуралдаан болгоны өмнө дээрх шалтгаар түүнийг суудлаас нь ховхлох тухай намынх нь нөхдүүд хөндөж эхэлдэг нь бичигдээгүй хууль болсон гэлтэй. Өнгө мөнгө хоёрт толгойгоо мэдүүлсэн, Ардчилсан намын үзэл баримтлалыг бүдгэрүүлсэн гэх зэргээр намынхан нь гөвж гөвчихөөд яг ҮЗХ-ны хурал болохоор МАН шинжтэй нижгэнэсэн алга ташилттай хурал хийж бүх зүйлийг байр байранд нь орхидог. Энэ нь АН-ын сүүлийн үед намынхаа имижийг бүрдүүлэх моод болоод байгаа ч юм шиг.

Үнэндээ намын нөхдийн эрүүл шүүмжлэл гэсэн цэвэрхэн үгээр хэл амыг хаадаг ч хөшигний цаана фракцийнхны хагарал явагдаж байдаг нь тэртээ тэргүй нийгэмд ил болчихсон асуудал. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л МоАХ, Ардчилсан хүчний холбооныхон тэргүүтнүүд түүнийг хангалтгуй ажиллаж байгаа талаар цухуйлгаж, зарим нь намын даргынхаа тухай тойруу утга, эргэлзээгүйгээр нэг сайн дэлсээд авна лээ. Гарцаагүй байдалд орсон намын дарга нь нам доторхи жижиг фракциудыг зөөлөн дуугаар өөртөө татаад амжсан нь зарим зүйл дээр тодорхой байгаа.

Дэд сайдууд голдуу бүрэлдэхүүнтэй уг фракцийнхан ачийг ачаар гэдэг шиг л тэр даруйд нь намын даргыгаа магтаж, зөвтгөж эхэлсэн юм даг. Гэтэл одоо УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, нийслэлийн Засаг даргын орлогч дарга Да.Ганболд нарын МҮДН угшилтай нөхөд намын удирдлагаа жинхэнэ утгаар нь засгийн суудлаас нь ховхолж, сонгуулийн өмнө намаа нам шиг болгоно гэсэн зорилгоор халхавч хийж, сандал суудлын төлөө тэмцэхээр зэхэж буй тухай яригдаж байна. Өөрийн гэсэн үззл баримтлалаа гээж, дөрвөн жил шахуу явсан болохоор хамтарсан Засгийн газраас гарахаар ярих цаг нь яг өнөөдөр юм байх. Хэрэв өнөөдөр л хамтарсан Засгийн газраас гарч чадахгүй сонгуульд хамтраад орчихвол цаашдаа салж чадахгүй. Мөнхийн хамтрал байх болно гэдэг байр сууринаас тэд хандаж байгаа гэнэ. Тиймээс энэхүү ажлыг АН дотроо нэг их хүч муутайд ороод байдаггүй фракцийн хувьд МҮДН эхлүүлэх ёстой хэмээн үзэж байгаа юм байх. Ийнхүү намынхаа эсрэг босох болсон хамгийн гол шалтгаанаа АН сонгуулийн өмнө либерал чиглэлээ хадгалж авч үлдэх нь чухал гэж тайлбараар өнгөлж байна. Үүнийг Лу.Гантөмөрөөр ахлуулсан “хөөрхөн” амбицдаг залуучуудын нэгдэл дэмжиж буйгаа ч хэлсэн сурагтай. Түүнтэй зэрэгцэн “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт зэрэг МҮДН гаралтай хүчтэй дэмжигчид дуу хоолойгоо нэгтгэж, хэн нэгнийхээ хувийн компанийн VIP өрөөнд сэм сэмхэн, ойр ойрхон хуралдаан зохион байгуулж байгаа нь нэгэнт нууц биш.

Намын дэмжигчид болон гишүүдийн хүсэлтийг удирдлагууд хангах хэрэгтэй. Тэгэхийн тулд намын даргыг солих хэрэгтэй гэсэн сэдвийг голчлон ярих болсноос үзэхэд дарга солих асуудал мэдээж яригдана. Харин дараагийн дарга хэн бэ. Хэрэв НАлтанхуяг унахад ганцаараа юу. Магадгүй МҮДН-ын энэ санаачилга биеллээ оллоо гэхэд МҮДН угшилтай зарим удирдлагаа яах вэ гэсэн асуултуудын хариуг зөвхөн ҮЗХ-ны хурлаар л чин үнэнээр нь сонсч болох биз. Ямартай ч ирэх ҮЗХ-ны хурлаар эл асуудал нэг номерт яригдах нь мэдээж. Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа эдийн засгийн хувьсгалыг эхлүүлж буй гэх Монгол Улсын томоохон намын дотоод байдал нэг иймэрхүү байгаагаас үзэхэд Сонгуулийн хууль батлагдмагц АН хамтарсан Засгийн газраас гарна гэсэн “бор шувуу” худал жиргээгүй байж болох. Гэхдээ АН-ынхан турхирч, бухимдаж, бачимдаж байгаад цагаа тулахаар намын эрх ашгаа бодон асуудал чимээгүй өнгөрдөг тал бий. Энэ удаа яах эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч өнөөдөр байдал имй л байна. Сонгууль дөхсөн үед толгойгоороо оролдвол сонгуулийн дараа бүгдээрээ лааз өшиглөнө гэдгийг хэлж байгаа хүн ч цөөнгүй. Байдаг байдаг газраа байвал яасан юм хэмээн хэлж байгаа ч улстөрчдийн хамеолон зан яаж ч мэдэх юм.

Харин Ардчилсан нам дотор ийн ээлжит фракцийн задрал, дарга цэргээ солих асуудал нь яригдаж, ид бужигнаж байхад улсын хөгжлийг 2030 он хүртэл төлөвлөж байгаа гэх МАН-ынхан шинээр баталсан сонгуулийн хуулийнхаа хамгийн гол шинэчлэлээсээ ухрах команд өгчихсөн аль хэдийнэ хойш алхаад эхэлчихсэн тухай яригдах боллоо. 48:28 хэмээх энэхүү тогтолцоо нь одоо УИХ-д сууж байгаа гишүүдийгээ суудалтай нь мөнхлөх гэсэн заалт хэмээн суудалгүй гишүүдээс нь гомдоллож, тухайн заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар зэхэж байгаа юм байх. Гэсэн ч намын ахмад гишүүдээс нь Сонгуулийн тухай хуулийг МАН өөрчилсөн хэмээх авторыг өөрсдөдөө авч үлдэхийн тулд нэгэнт батлагдсан хуулиа хүндлэх ёстой гэсэн зарчмын асуудлаар амыг нь хааж эхэлжээ. Гэхдээ дараагийн ээлжийнхэн хоолондоо гэдэг шиг эсэргүүцэл илэрхийлж байгаа нөхөд тухайн заалтаар Цэцэд хандах байр сууриндаа бат зогсч байгаа аж. Хэрэв Цэцийн дүгнэлт МАН-ын суудалгүй гишүүдийнхээр шийдэгдэхгүй бол мөн л хамтарсан Засгийн газраас гарах тухай асуудлыг хөндөж тавих нүүдлийг хийхээр болсон гэнэ. Ийнхүү нам нам дотор юм юм л болж байгаа бололтой. Уг нь хэн хэн нь байр байрандаа байвал ард түмэнд илүү ойлгомжтой байхсан.

Б.Даваа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих