Хяр дээр гарлаа гээд хяналтаа алдаж болохгүй
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди харьцангуй дуу цөөнтэй хүн. Ялангуяа хэн нэгний тухай ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт энэ хүний амнаас барагтай бол сонсохгүй шүү. Тэгсэн хэрнээ өнөөгийн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг улс төрд хөл тавьсны дараахан “Ас ас, дүрэлз дүрэлз” гээд бүр хэвлэлийн хуудсаар дуугарсан гээд л бод. Хориод жил алсран өнгөрсөн хойно бодож байхад Ерөнхийлөгч маань байгаа оноод л хэлчихсэн шиг санагдах юм. Улирсан хугацаанд Ерөнхийлөгч ч улс төрд дуугаа хураагаад “Титэм үг” сургаалаа айлдаад нам жим суучихсан, харин нөгөө эрт оношлуулсан хөвүүн улс төр гэсэн адармаатай ертөнцөд өсч өндийж, өдөр хоногоор өөдлөн дэвжсээр өнөөдөр яг л цагаа олоод олны манлайд асч дүрэлзэж явна.
Хоёр идэж, хоосон хонодоггүй байсан социализмаа булшлан хаяж ардчилсан нийгэмд хөл тавьж, амьдын жаргал эдлэхээр завдтал авчирсан эзэд нь буруу замаар будаа тээгээд уулын буга ч үгүй, улдсан бух ч үгүй болсон улс л даа, бид. Эрх дархтнууд энгүй баяжиж, энгүүн хүн ард модоо барьсан үеийг эцэслэн зогсоох гэж эрэмгий зориг гаргасанд энэ засгийн зорилго оршиж байгаа бол түүндээ хүрэх гарцаагүй гарц нь бурангуйг халж шударга ёсыг тогтоох байжээ. Өвсөнд ассан түймэр харж үзэхийн зуурдгүй хавь ойрыг хуйхлан оддог шиг хахир өвлийн жаврыг сөрж зогссон энэ өдрүүдийн суулт жагсаал тэргүүтэн улс орныг хамарсан улс төрийн улангассан түймэр дэгдээлээ гэж харахад буруудахгүй байх. Юунаас болж төрийн үйл ажиллагаа гацав, ганц даргыг огцруулахын төлөө улайрдгийн учир юу вэ гэхчилэн олон асуудлын учиг зангилаа энэ үеэр тайлагдав бололтой. Нас ная хэвийсэн өвгөн бичээч би бээр тэр олонтой мөр зэрэгцэн жагсч дуу хоолойгоо нэгтгэх хүчин мөхсөдсөн ч төв талбайг дүүргэсэн түмэн олны уухай, удтал гацсан төрийн чуулганы тэр нэгэн баасан гарагийн хуралдааныг цэнхэр дэлгэцнээсээ нүд салгалгүй ширтэж, чих хөндийрөлгүй сонсч бүтэн өдрийг барсны хувьд олонтой бодол сэтгэлээ хуваалцах боломж олсондоо олзуурхана.
Энэ тэмцэл өнөөгийн УИХ-ын даргыг огцруулахаас эхлэх. Гэтэл цаад эрхэм нь олны энэ шаардлагыг хүлээж авахаас ингэтлээ уллан цааргалдаг нь угтаа нэгэн хам учир шалтгаантай байж. Талбайд хуран цугларсан олны шаардлагыг ордонд хүргэж очсон төрийн түшээд, олон түмний төлөөллийн үгийг сонсоод Монгол Улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга “Цаад хүн чинь барьцаанд орчихоод байна шүү дээ” гэж хэлсэн нь хамаг учгийг тайлав.
Тэгээд ч өнөөгийн Их Хурлын даргын ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй мафийн эзэд байгаа, тэд л энэ эрхмийг суудлаасаа хэзээ ч бууж өгч болохгүй гэж тулган шаардаж байгаа гэдгийг сануулж талбайд цугларсан олны дуу хоолой Ерөнхийлөгчийн үгээр нотлогдов. Иймийн учир М.Энхболд гэдэг энэ эрхэм өнөөдөр хаданд хавчуулагдсан халиуны зулзага болжээ гэж бодогдохоос өөр аргагүй. Өрөвдмөөр ч юм шиг. Мань мэтийн харахад гэмгүй л нэгэн биш бил үү. Эрдэм номтой, эгэл даруу зантай, дээд гурван сэнтийгээс Ерөнхийлөгчийнхөөс бусдыг эзэгнэн суусан. Аав нь МУИС-ийн уужим танхимд улс төрийн эдийн засгийн ухаанаар лекц уншдаг, уян зөөлөн зантай, дүндээ гар татдаггүй оюутнуудад нэр хүндтэй нэгэн байсан гээд их л гэгээн түүх сөхөгдөнө. Мууг дагаваас могойн хор гэж үг байдаг, муу хүмүүстэй үгсч, нөхрөө олохгүй нэгдэж хаашаа ч зайлахгүй торонд хавчуулагдсан бол одоо буруугаа хүлээгээд зайгаа тавьж өгөхөөс аргагүй болсон нь бүхэнд ойлгомжтой байна. Одоохондоо ороолоод л байна,хэчнээхэн ч булзаарах вэ дээ, огцорч л таарах. УИХ-ын даргыг огцруулахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс хууль санаачилж, УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчлөх төсөл өргөн барьсныг сая олонхын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж, чуулганаар эцэслэн баталлаа. Насны танагтайд би Монголын радиог төлөөлж парламентын сурвалжпагч гэж УБХ-аас эхлээд УИХ-ын эхний хоёр удаагийн сонгуулийн чуулганыг сурвалжилж өглөөд төрийн ордон, үдэш нь Гандангийн дэнжийг зорьж хэдэн жилийг элээсээр тэтгэвэртэй золгосон хүн. УИХ-ын чуулганы ойрын өдрүүдийн хуралдаанаас ажихад миний мэдэх УБХ, мөн УИХ-ын эхний сонгуулиар байгуулсан чуулганы бүрэлдэхүүн, хуралдааны үйл ажиллагаанаас өнөөгийн парламент тэнгэр газар биш гэхэд тэмээ ямааны илт ялгаа зөрүүтэй харагдаж байна. УБХ цөөн хүн, олон намын бүрэлдүүнтэй, эрдэмтэн сэхээтэн, энгийн хөдөлмөрчдийн төлөөллөөс бүрдсэн ямар дэгтэй, эмх журамтай, үг хэлээ ололцсон сайхан хамт олон байсан гэж санана. Чичлүүлж байвч чичивхийдэггүй хуульч Б.Чимэд, чигээрээ зүтгэвч чиг алддаггүй эмч Г.Зуунай, хамгийн отгон гишүүн Д.Балдан-Очир, хоньчин Г.Лхагважав, барилгачин Б.Искра гээд сайхан хүн олон. Санал зөрдөг, муудалцаж байсан ч эв эвдрэх нь ёсонд хазгар. Одоогийн Их хурал бүрэлдэхүүн нь их залуужиж, тэдний дотор муу хүн байхгүй л дээ. Өмнөх Засгийн газраас гэнэт огцорч цочирдсон цөөн хүн ялимгүй зуулт хяхуу өвөрлөөд яваа юмуу даа, энэ зуулт тавигдах биз дээ. Мэдсээр байж улс төрийн хатуу тоглоомд нэгэн санаа зоригоор нэгдсэн энэ цагийн ухаантнууд өс хонзон өвөрлөхөд хүрэхгүйгээ мэдэх байлгүй. Түрүүч нь харилцан уучлал хүсч гар барилцаж байгааг сүүлд телевизээр олж харсан. Парламентын бүрэлдэхүүн залуужлаа гэхэд энэ удаагийнхаас илүү залуужих нь юу л бол гэж молхи би бодох юм. Зарим хүний амнаас сонсоход одоо байгаа хэдэн ахмадаа адлах өнгө цухалзаж байна. Ахмад ч гэж дээ тэдний ганц нэг нь жар гарч бусад нь тавь эргэм насныхан, улс төрд жинхэнэ эрийн цээний нас шүү дээ.
Урд хөрш ер нь гаднын бусад оронд энэ бол улс төрд залуу нас. Боломж гарвал манай хэдэн ах нар албан тушаал гуйгаад л шогшчихно шүү дээ яасан ч тушаалд дуртай юм бэ. Ч.Улаан ах одоо сайдын сургаар л энэ дотуур шогшиж яваа байх гэсэн утгатай үг нэлээн тулхтай, миний бас тоож явдаг эрхмийн амнаас унахыг сонсоод би бүр алмайрлаа. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч өөрөө удахгүй эдний насан дээр очно шүү дээ. Ер нь төрийн асуудал шийдэх, хууль тогтоох дээд байгууллагад настан намбатны түшиг хэрэгтэй төдийгүй бүр шаардлагатай. Харин Ж.Батзандан гишүүн ХХААХҮ-ийн сайдыг томилуулах үеэр Ч.Улаан гишүүнд хандаж “Манай Засгийн газар залуу, Ерөнхий сайд маань ч залуу хүн. Тийм болохоор та Засгийн газрын гишүүн болсноор зөвхөн хариуцсан яамаа гэлтгүй багаар ажилладаг Засгийн газрынхаа үйл ажиллагаанд бусдаас илүү анхаарал тавьж ахмад гишүүний түшиг тулгуур болно шүү” гэж захиж хэлж байсан нь чихэнд наалдацтай сонсогдож байлаа.
Энэ парламентад миний мэдэхээс Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ц.Нямдорж, Н.Энхболд Ө.Энхтүвшин Б.Баделхан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ гээд өөр хэн байна даа, тоотой хэдэн ахмад биш ахимаг гишүүн байгаа байх. Д.Тэрбишдагва л гэхэд Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр хэдийгээр огцруулах талд саналаа өгсөн ч Ерөнхий сайдад хандаж “За надад хэлэх юм их байна. Гэсэн ч би үгээ энэ удаа дотроо залгилаа шүү, Ерөнхий сайд та бас заримдаа үгээ залгиж сураарай” гэж сургамжилсан нь ахмад хүний нүнжгийг харуулж байсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз. Ерөнхий сайдад энэ үг сургамж болсон л байх. Тэр өдрийн хуралдаанаас харахад сөрөг хүчнийхэн гэхээсээ МАН-ынхан л дотроо үг шидэлцэх аястай юм. Сөрөг хүчний бүлэг одоо байгаа эсэхэд маргаан дэгдэх янзтай харагдана. Байвал уг нь зүгээрсэн. Тэдний үг гашуун хэдий ч ажилд тустай. Харин шүүмжлэл хэтэрхий сүржин юмуу үнэнээс илт гажвал өөрсдийнх нь үнэ хүндэд л халтай гэдгийг санахад гэмгүй. Намын дарга С.Эрдэнэ үг хэлэх болгондоо л Хүрэлсүхийн Засгийн газар юу хийсэн юм бэ, тэр газрын тос, цэвэрлэх байгууламж, цэвэр усны сан гурвыг чинь бид эхлүүлсэн гэж даналздаг нь гэм биш зан. Эхлүүлэх, хийх хоёр заагтай, одоо хаана юу хийгээд, ямар шатандаа явааг олон түмэн харж л байгаа. Бас эрхэм гишүүн Б.Пүрэвдорж нэг ярилцлагадаа хүмүүсийг амны хаалтаа зүүцгээ гэж хэлсэн нь л хотын утааны эсрэг Хүрэлсүхийн авсан цорын ганц арга хэмжээ гэх маягийн юм хэлсэн байсныг сониноос хараад, үгүй энэ эрхэмд өөр ярих юм олдоогүй юм байхдаа гэж инээд хүрэх шиг болсон. Дээхнэ манай радиогийн даргын жолооч Санжмятав гэж ахимаг хүн байсан. Тэр үед гудамж замын гэрэл дохиог дөнгөж тавьж эхэлж байсан цаг. Мань хүн улаан гэрлээр дайрахад нь цагдаа зогсоогоод “Та яагаад улаан гэрлээр гарав” гэхэд нь “Үгүй хүүхээ, намайг харахад л ногоон байсан даа” гэж мэлздэг байсан гээд онигоо ярьдагсан. АН-ынхны үйлдэл үүнтэй төстэй мэт. Бодож цэгнэж, гарцаагүй үнэнийг олж хэлбэл сөрөг хүчний нэр хүндэд ч хэрэгтэй, ажилд тустай, адаглаад бусдын чихэнд наалдацтай бус уу.
МАХН-ын ганц төлөөлөл ганцдахгүй үзэлцдэг хүн дээ. Хамгийн олон үг хэлдэг нь ч байж магадгүй, хэлж байг л дээ, хэний ч үг хэлэх эрх нь чөлөөтэй юм чинь. Харин эрхэм гишүүн О.Баасанхүүгийн үгийн баялаг хэтэрхий олдоод хэрэгтэй үгээ олж яддаг юмуу эсвэл үгийн сан нь хомсдоод үг дутдаг уу, хэдэн үг хэлээд л …юу гэдэг юм бэ.. гэж уймраад огт хэрэггүй газар ээрээд байх юм, бүр зуршил болсон гээч. Тэгж л үгийн гачаалд ордог юм бол тэр болгон микрофоноо түлхэх нь цаг үрэхийн нэмэр. Их Хурлын гишүүд чуулганы хуоаллаанд ингэж хэлбэр хөөцөлдсөн үг хэллэг хэрэглэх нь эх хэлний үгийн санд ч хортой юу гэхээс тус болохгүй нь лавтай. Дээхнэ ахмад гишүүдийн амнаас халдварласан …энэ ч утгаараа, тэр ч утгаараа… гэсэн хэллэг хэдийнэ ард олны дунд тархаад одоо хөдөө нутаг, баг ардын хурал дээр ч захын хүний амнаас дуулдах болсон. Одоо байчихаад… юу гэдэг юм бэ… гэдэг уймраа бас халдварлаж амжаад хавийн л хүний амнаас гардаг болсныг эрхэм түшээд бас анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу. Энэ удаагийн жагсаал цуглаан онцгой юмаа, онцгой гэхээс өөр аргагүй. Ерэн оныг л санагдууллаа. Цагаа олж зарлаж, зөв аястай зохион байгуулбал олон түмний улс төр, нийгмийн идэвх хэчнээн сэргэснийг сая харууллаа. Цар хүрээ, нийгмийн бүрэлдэхүүн тэд бүгдийн идэвх санаачилга, оргилуун сэтгэл, уг арга хэмжээний утга агуулгын хувьд би авч ярьж байгаа юм. Алс аймаг орон нутгаас өчнөөн олон төлөөлөл оролцжээ. Хэний ч албадлага хөндлөнгийн шахалтгүй оролцож байгаагаа хүмүүс илэрхийлж байв. Тэдний хэлж, уриалж байгаа үг бол тэд зөвхөн Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд гэдэг ганц хүнийг огцруулахдаа биш харин энэ хүнийг албан тушаалаас нь зайлуулснаар төрийн толгойд бугшсан идээ бээрийг арилгах, түүгээр дамжаад улс орны хөгжпийн тушаа садаа болсон олигархи бүлэглэлийг нураахыг зорьж байгаа гэсэн нэгдмэл зорилго илэрхийлж байснаараа онцлог юм. Газрын баялгаас ижил тэгш хувь хүртэх уриа олонтаа цуурайтаж байсан бол шударга ёсоор олсон орлогоо хуулийн эрхтэн дархтны бусармаг далайлтаар булаалгаж хохирсноо зоригтой гаргаж тавьсан “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдын дуу хоолой тэр өдрийн жагсаал цуглааны содон өнгө болж, зоримог бизнесмэн залуу өөрөө од болж, тодров. Оффшорчдын зувчуулсан мөнгө хаачив, АСЕМ-аар хэн завшив гээд цуглаанд оролцогч бүрийн өөр өөрсдийн сэтгэл зүрхэнд хуралдаж ирсэн содон уриа уухай цөм олигархийн эсрэг, МАНАН бүлгийг үтэр түргэн нураах нэгэн өнцөгт чиглэж, хүч аван цуурайтлаа.
“Төв талбай “өвөлжөө” боллоо” гээд цуглааны маргаашийн сонины дугаарт гараад ирсэн нь олны жагсаал цуглаан суулт болон хувирч олны тэмцэл тууштай үргэлжлэхийг илтгэв. Олны сүрт жагсаал цуглааныг санаачлан зохион байгуулсан төрийн түшээдэд олон хүн биечлэн очиж талархал илэрхийлж настнууд бүр тэвэрч авч үнсч байсан нь төрийн эрхэм түшээдийн санаачилга, зохион байгуулсан арга хэмжээ олны сэтгэлд нийцсэнийг гэрчилнэ. Олны талархал хүлээсэн тэдгээр таван эрхмийн нэг нь 1990 оны тэмцэлд манлайлагчдын нэг, УБХ-аас эхлээд Монгол Улсын удаа дараагийн парламентад АН-ын төлөөлөл болж олон удаа суусан Лувсанвандангийн Болд байгаа нь бүр ч содон өнгө нэмэв Төрийн толгойд байгаа олигархийн сүлжээ МАНАН-гийн хонгилыг эвдэхийг зорьсон У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэнийхээ төлөө Болд түшээ АН-ын удирдлагад адлагдсандаа жийрхэж намаа орхиж бүлгээсээ гарч олонхын төлөөлөлтэй тэмцлээ нэгтгэж, гарч ирж байгаа нь энэ. АН-ын дарга С.Эрдэнэ эрхэм өөдөөсөө дуугарах эрч зоригтой хэдэн анхдагчаа хөөж туугаад намаа “цэвэрлээд” дуусч байх шиг байна. Сайны тэмдэг, муугийн эз аль нь болохыг цаашдын өдөр хоног харуулах биз. Л.Болд гишүүнтэй ижил учир шалтгаанаар намаасаа хөөгдөж туугдсан бас нэгэн залуу түшээ Ж.Батзандан олигархийн эсрэг хөдөлгөөнийг санаачлагчдын эгнээнд нэгдсэнийг аваад үзсэн ч өнөөдөр хүчээ авч цаашид өвсний түймэр шиг тэлэх өргөн олны тэмцэл зөвхөн МАН-д төдийгүй сөрөг хүчнийхний хэсэг бүлгийн дотор уг гал хэдийнэ уугиж эхэлснийг гэрчлэх мэт. Төрийн залуу түшээд Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын тухайд гайхах ч юм алга, У.Хүрэлсүх гэдэг эрхэм яг л эдний насан дээр асч дүрэлзэж улс төрд тодорсон шүү дээ. Зоримог залуу дүү нартаа баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд залуу хүнд хэлэх хэлэхгүй үг бий, хийх, хийхгүй үйлдэл гэж байдгийг анхааруулж, хүрсэн амжилтдаа хөөрч сагаж болохгүй, хяр дээр гарлаа гээд хяналтаа алдах учиргүйг сануулъя.
Лувсандоогийн ГҮНСЭН (МАН-ын ахмад гишүүн, ахмад сэтгүүлч, СГЗ)
URL: