Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч

26

Нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны гэгээн дурсгалд зориулж маргааш 60 насны төрсөн өдрөөр УДЭТ-ынхан  “Найруулагч Баатар” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан “Баатар найруулагч сан” нээлтээ хийнэ. Мөн Монголын театрын музейд түүний хүрэл баримлыг байрлуулах юм.
аатар найруулагчийн тухай жүжгийн зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагвын  “Олон улсад хулээн зөвшөөрөгдсөн найруулагч” хэмээн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
1959 онд Улаанбаатар хотод төрж, 10 жилийн гуравдугаар дунд сургууль төгссөн. Сургуульд байхдаа пионерийн улс хотын чанартай илэрхийлэлт их уншдаг сурагч байж. Улмаар Украин улсын Киев хотын ТУДС-ийг драмын найруулагч мэргэжлээр төгссөн. Теле кино үйлдвэрт 1977-1979 онд туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, 1996-1999 онд Монгол телевизэд ерөнхий найруулагч, 1999-2008 онд УДЭТ-т ерөнхий найруулагч, найруулагчаар ажилласан.
Тэрээр Монгол телевизэд “Хүннү”, “Шагай” теле жүжиг, Монголын радиод “Маш нууц”, М.Шатровын “Бид ингэж ялна”, “Рип авга ба аюулт бөмбөг”, Ш.Гүрбазарын “Шөнийн сүүдэр” зэрэг 20 гаруй жүжиг найруулжээ. Япон улсад 1992 онд болсон радио жүжгийн Олон улсын наадмаас “Шөнийн сүүдэр” жүжгээрээ шилдэг найруулагчийн шагнал “гран-при” хүртэж байсан. “Гэгээн Муза” наадмын 2006 оны “шилдэг найруулагч” цом авч байсан.
Д.Урианхайн “Хүн бүгд би”/1995/, “Харанхуйд харагдахгүй буюу 2- 1=0”/2000/, Ч.Ойдовын “Даланхудалч”/2001/, А.П.Чеховын “Цахлай” (Х.Мэргэний орчуулга) /2001/, С.Жаргалсайханы “Тэмүүжин” (Н.Болдын хамт) /2002/, К.Гольдонийн “Садар эрийг номхотгосон нь”-ыг (Н.Пүрэвдагвын орчуулга Л.Лхасүрэнтэй хамт) /2002/, Б.Лхагвасүрэнгийн “Хүйтэн сэнтий”/2004/, Д.Банзрагчийн “Гавал сар”/2004/ Э.Оюуны “Гарваа”/2005/, Н.В.Гоголийн “Амьгүй албат” зохиолоос Н.Пүрэвдагва сэдэвлэн бичсэн “Амьгүй албат” /2005/, Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” /2006/, Д.Мэндсайханы “Ээжээ”/2006/, “Мануухай”/2007/ Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”/2009/,Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” /2011/ зэрэг жүжиг найруулан тоглуулжээ.
Монгол оронд мэргэжлийн драмын урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулсан номонд найруулагч Б.Баатарын тухай бичих даалгавар аваад юу бичих билээ хэмээн эргэцүүлтэл энэ хүнтэй дотносож, хэд хэдэн бүтээл дээр хамтран ажилласан боловч мэдэх ч юм шиг, үгүй ч юм шиг санагдах ажээ.
УДЭТ 2002 онд К.Гольдонийн “Феодал” хэмээх жүжгийг миний орчуулгаар тавих болсноор театрын ерөнхий найруулагч Б.Баатартай би анх уулзан үг сольж билээ. Гялалзсан нүдтэй, өтгөн хар хөмсөгтэй, 40-өөд насны, хэлэмгий доломгой залуу байв. Л.Лхасүрэн найруулагч энэ хоёр хамтарч тавьсан. Лхасүрэнгийн саналаар нэрийг нь “Садар эрийг номхотгосон нь” гэх болсон. Жүжиг аятайхан болж, хүмүүс ам сайтай байсан. Жүжгийн дараа Баатар “Театр зөв амьсгалж байгааг мэдрэх олон хэмжүүр байдаг. Энэ удаа Италийн алдарт жүжиг тавьж, манай жүжигчид толины өмнө сууж, нүүрээ будаж, мартах шахаад байсан мэргэжпийн театрын уур амьсгал сэргээж өгсөнд баярлалаа” гэж билээ. Театрын урлагийн тухай өнгөц мэдээлэлтэй миний хувьд их содон сонсогдсон. Үүнээс хойш хаа нэг уулздаг болоод байтал Н.В.Гоголийн “Амьгүй албат” хоёр боть үргэлжилсэн үгийн зохиолыг жүжиг болгож өгөөч гэсэн. Шахаж шалах ч болсон. Эхлээд “Би чадахгүй байхаа. Тэгээд ч жүжиг болгосон хувилбар бий байлгүй” гэж байв.
Тэгтэл Баатар Улсын драмын эрдмийн театр гэгдэж байхын тулд жилд ядаж нэг удаа дэлхийд сонгодог гэгддэг бүтээл тавих ёстой гээд л шахаж шавдуулсаар байсан тул оролдож эхэлсэн. Хүч хавсран оролдсоор 2003 оны хавар гэхэд жүжгийн зохиолтой болсон. Мэр сэр улсад зохиолоо уншуулахад гайгүй болж хэмээх нь олон байлаа.
Баатар найруулагчийн хүсэл бүхнийг шийдэгч ноён “Мөнгөний” саварт атгагдах боллоо. Театрын удирдлагатай ярихад “Мөнгө байхгүй. Ивээн тэтгэгч олбол туслая” гэснээр өөр зам хайхаас аргагүй байдалд хүрсэн.
Энэ үед буюу 2004 оны намар байх аа, Улаанбаатар хотод “Оросын их зохиолч А.П.Чеховын өдрүүд” Олон улсын театрын фестиваль зохион байгуулагдсан. Эрхүү хотын УДАТ, Буриадын УДАТ, манай УДЭТ-ын хамт олон “Чайка” буюу “Цахлай” жүжгээр ур чадвараа уралдуулсан. ӨМӨЗО-ы уран бүтээлчид Чеховын арай өөр жүжгээр оролцож байсан.
Эрхүүгийн найруулагч Латвийн ардын жүжигчин А.Ф.Кац, Буриадын найруулагч Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн, төрийн соёрхолт М.Батоин нар байсан. Өөрийн улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн, хийсэн юмтай, хэлэх үгтэй улс.Манай “Цахлай”-н найруулагч Б.Баатар байсан. Үнэнийг хэлэхэд орос зохиолчийн бүтээлийг бараг л эхийн сүүтэй хамт хөхөж торнисон улстай “барилдаж” болно гэдэг нэг л санаанд багтахгүй байсан…
Нэг жүжиг гурван өдөр дараалан үзэх сонин юм билээ. Хэлж ярьж байгаа үг, үйл явдал, баатрууд бүгд ижил хэрнээ их ялгаатай. Лав л би эндээс найруулагч тухайн зохиолыг тайзны бүтээл болгохдоо аль талаас нь тодруулж, тавих вэ гэдгээс их зүйл хамаардаг гэдгийг ухаарсан. Гадныхан голлосон шүүгчид “Цахлай”-н шилдэг найруулагчаар Б.Баатарыг тодруулсан. Комиссын ахлаг­чаар ная гаруй настай Най­ду­кова хэмээх эмэгтэй ажиллаж байсан.
Дээр Японд болсон олон улсын өөр нэг наадмаас найруулагчийн тэргүүн шагнал хүртсэн тухай дурдсан. Манай өөр ямар найруулагч олон улсын үзлэгээс ийм шагнал хүртэж байсныг мэдэхгүй. Юутай ч Б.Баатар мэргэжлийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэж ам бардан хэлэхээр болсон ажээ.
Эрсэн хүн олдог хойно бид хэд урлагт сэтгэлтэй, сайн санаат хүмүүстэй уулзан дэмжлэг авч, УДЭТ-ын тайзан дээр 2005 оны намар “Амьгүй албат”- аа тоглуулсан. Жүжгийн хөгжмийг төрийн шагналт Б.Шарав бичиж, тайз, чимэглэлийг зураач Л.Гансүх дэглэсэн.
Жүжиг гайгүй болсон бололтой сониныхон нэг хэсэгтээ бүчих болсон. Энэ үед Баатар найруулагчаас асууж, мань эрийн хариулж байснаас зарим зүйл санаанд хоцорчээ. Тухайлбал:-Энэ зохиолыг жүжиг болгохсон гэдэг миний багын мөрөөдөл. Театрын төлөвлөгөөнд оруулаад хийе гэхээр мөнгөний гачигдал гараад бадар барих болчих юм. Бас ингээд тоглуулахаар манай үзэгчид яах бол гэж ч зовох юм. Өнөөдөр толгойгоо цэнэглэж, сэтгэлээ ариусгахаар театрт ирэх хүн цөөн болж. Гэхдээ бид үзэгчид орж ирэхийг хүлээгээд сууж болохгүй. Манайх чинь улсын нүүр тахалдаг ганц газар. Улсын соёлын бодлого хэрэгжүүлдэг газар шүү дээ…
Театрт ирэх хүн олширлоо гээд байгааг би ойлгохгүй байгаа юм. Энэ бол тоогоор хэмжигддэг зүйл биш. Хар л даа өнөөдөр хүмүүс жүжгээс энгийн инээд, зугаа цэнгээ л хүсээд байна шүү дээ. Хар дарамттай амьд­ралаас ядрахдаа ямар нь хамаагүй хөнгөн инээд, наргианы мөрөөсөл болчихоод байна. Тийм болоод л театрт хүн их ирж байна гэдэг худал гэж би хэлээд байгаа юм. Жүжгийн тасалбараа элдэв аргаар шахаж байгаа нь үнэн. Хүн хэзээ өөрөө ирээд билет авдаг болно тэр цагт л театр зөв гольдролд орох байх шүү.
…”Цахлай”-г тавьсны дараа хүмүүс жинхэнэ сонгодог юм үзлээ гэж байсан. Одоо “сонгодог” гэхээр бөөн уйтгар гэх болсон шиг байна. “Амьгүй албат” инээдэм талдаа жүжиг болно. Хүн жаахан буруу гишгэвэл маш эмгэнэлтэй, инээдтэй байдалд ордог юм байна шүү дээ. Бид одоо ямар эмгэнэлтэй, инээдтэй нийгэмд амьдарч байгаагаа мэдрэхгүй байх шиг байна. Үүнийг л харуулах гэсэн юм. Ер нь нийгмийн хөгжилд саад бологчид чинь дээд тушаалын дарга нараасаа илүү дундуурх, хурган дарга нар гэдгийг харуулахыг зорьж байна. Жүжиг үзээд үзэгчид маань Монгол орон өнөөдөр хаашаа явж байна гэж Гоголь шиг өнгийж нэг хараач гэж уриалах гэсэн юм.
…Зах зээлийн харилцааны нийгэмд бүгдийг зардаг нь хууль гэх улс олон болж. Одоо бүр хэтрээд хүн хүнээ зарах болж. Энэ жүжигт бид үүнийг харуулна. Н.В.Гоголь зохиолоо 1860-аад оны дундуур бичсэн. Хүмүүс шинэ юм хийлээ, бид өөрчлөгдлөө гэдэг. Тийм биш. Техник технологи, хувцас хунарын хувьд үнэн. Харин хүний хар хор, хайр, муу араншин өөрчлөгдсөнгүй. Энэ жүжгийн содон санаа бол үхсэн хүн зардагт байгаа юм. Ийм явдал одоо байхгүй гэж үү? Саяхан болсон сонгуулиар үхсэн хүн санал өгсөн тохиолдол гараа биз дээ? Сониныхон та нар шуугиад л байсан. Ялгаа юу байна?
…Сүүлийн үед танай театрт олон жүжиг тавих боллоо. Сэргэж байна гээд байгааг би бас ойлгодоггүй юм. Шууд хэлэхэд амар хялбар мөнгө олж, бусдын халаас сэгсрэх гэсэн л юм хийгээд байна шүү дээ. Тэрнээс биш дэлхийн театрын хөгжпийн чиг хандлагыг баримжаалсан бүгээл алга. Театрын урлаг хар массыг дагаж биш, чирж явах ёстой. Бидний жүжгийг хүүхэд ч ойлгоно. Манай нийгэм буруу замаар явж байгааг харуулах гэсэн юм… гэхчлэн хариулж байсан.
Уншигч Танд юу бодогдож байна? Олон л зүйл санагдах байх.
Найруулагчийн ажил мэргэжлийн тухай зарим ном сөхөж үзэхэд театрын хамт олныг хийх гэж буй уран бүтээл дээрээ нэгтгэн зангидаж, уриалан манлайлж, сэтгэлийнх нь утсыг хөглөн хөндөж чаддаг байх ёстой гэж байх юм. Бас харьцангуй бага настай театрын урлагийн бодлогыг XIX зууны эцсээс өнөөг хүртэл үүрч яваа гол мэргэжил бол найруулагч гэх ажээ. Найруулагч тэр тусмаа драмын жүжгийн найруулагч хүн улс нийгмийн хэмжээнд болж байгаа үйл явцыг соргог мэдэрдэг, бүтээл туурвилдаа тусгадаг, тэр ч утгаараа улс нийгмийн зүтгэлтэн байдаг гэх ажээ. Эндээс Б.Баатарын ярьсныг дахин нэг бодоод үз дээ.
Мөн тэрээр театр бүрэн байх ёстой гэж дандаа ярих. Бүрэн байна гэдгийг үе үеийн төлөөлөгч болох жүжигчид цөм байхыг хэлнэ гэнэ. Сайхан монгол эрийн дүрийг тайзан дээр урлая гэхэд ядаж явдал суудал, гаанс тамхи зуухаас эхлээд учир байна. Одоо залуу жүжигчинд гаанс бариулчихаар савх амандаа хийчихсэн аятай харагддаг. Манай ахмадууд чинь хүлхэж харагддаг юм гээд л ярих. Залуу нь ахмадаа хялайж хардаг болсон өнөө үед амаргүй санаа…
Ийм л учраас мөхөс би “МИНИЙ МЭДЭХ ХИЙГЭЭД ҮЛ МЭДЭХ” хэмээн гарчигласан юм. Бас Б.Баатар хэмээх энэ эрхэм хүний найруулж, үзэгч түмний хүртээл болгосон олон жүжгийн талаар хэлье гэхэд босон суун хийж боломгүй санагдана. Тэр бол дагнасан урлаг судлаачийн ажил ч байх…
Б.Лхагвасүрэнгийн бичсэн “Атга нөж” жүжгэн дээр цэрэг эрсэд дөрөө атгуулан харшуулж, тайзан дээр Чингисийн Их Монгол Улсын газар нутгийг шал болгон өрчихөөд нийлүүлж нэг, салгаж нэг үзсэнээ эцэст нь эзэн Чингисийн цогцсыг эх нутгийнхаа газар доогуур бүхэлд нь дэвсэв үү гэлтэй “нутаглуулдаг” хүний тухай илүү тодруулж бичих гэвэл миний “шон” дутна хэмээн эмээв.
Зохиолч, орчуулагч Н.ПҮРЭВДАГВА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих