Польш улс Huawei компанийн бүтээгдэхүүнийг ашиглах бодолгүй байна
Польш улс хөдөлгөөнт холбооны 5 дугаар үеийн систем буюу 5G сүлжээг нэвтрүүлэхдээ “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байх бодолтой байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Польшийн эрх баригчид “Huawei” компанийн ажилтныг Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаа энэ үед тус шийдвэрийг гаргах аж.
“Huawei”-г Европын гол тоглогчдоор орлуулах талаар Польшийн төрийн албан хаагчид Европын Холбоо болон Хойд Америктай хэдийнээ яриа хэлэлцээ хийж эхлээд байгаа хэдий ч “Huawei” компанийн бүтээгдэхүүний оронд харилцаа холбооны ямар компанийн тоног төхөөрөмжийг ашиглаж болох эсэхийг тодорхойлоогүй байна. Одоогоор “Nokia” болон ”Ericsson” тус компанийн гол өрсөлдөгчид аж.
5 дугаар үеийн 5G сүлжээ нь 4G-тэй харьцуулахад илүү өндөр хурдтай, дохио дамжуулахдаа илүү бага саатдаг сүлжээ юм.
montsame.mn
URL: