“Буян”-гийн Б.Жаргалсайхан жүжигчин Т.Бархүүг зодож танхайрчээ
Улстөрч хулигануудын дотор “Буян”-гийн Б.Жаргалсайхан тэргүүн эгнээнд нь зогсдог. Тийм ч учраас түүнийг хүн зодсон гэхэд нэг их гайхсангүй. Монголчуудын ярьдгаар “тэр ч тэгнэ л дээ” гэдэг шиг юм санагдав. Үнэн худлааг нь асууж нааш цаашаа залгаж эрэл сураг тавьсангүй. Яагаад гэхээр маш олон нүд түүнийг харсан, хэдэн арван гэрчтэй, дээрээс нь “Буян”-гийн Жагааг хүн зодсон гэхэд “үгүй байлгүй дээ” гэх хүн бараг байхгүй болохоор бичиж байгаа нь энэ.
Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд “Сөүл” ресторанд болсон томчуудын шинэ жилд “том” байсан юм байх. Энд тэндээс хүмүүс ирж хундага тулгаад, дотор халж гарт нь бяр амтагдаж нүүрэнд нь улаа бутарчихсан, ирсэн зочдыг дээрээс харж суусан гэнэ. Яг энэ үеэр “X-түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү тайзнаа гарч Б.Жаргалсайханыг дуурайж элэглэл үзүүлжээ. Эндээс бүх хэрэг мандсан аж. Олон түмний өмнө намайг элэглэж суудаг тэр муу пацаан хэн бэ хэмээн Жагаа баяны омог асч жүжигчин Т.Бархүүг зодохоор шулуудсан аж. Гэтэл боломж нэг л гарч өгсөнгүй. Өст хүн Өлийн даваанд гэдэг шиг тэр хоёр “Сөүл” рестораны шатан дээр нүүр тулгарчээ. “Буян” Жагаа шууд л Т.Бархүүгийн нүүрэнд зангидсан гараа буулгаад авах нь тэр. Нуруу туруу ойролцоо залуу жүжигчин мөчөөгөө өгсөнгүй өмнөөс нь зууралдаад авч. Гэтэл Б .Жаргалсайханы хамгаалагч түүнийг бариад авсан гэнэ. Хамгаалагчаараа бариулж байгаад мешок цохиж байгаа юм шиг түүнийг балбаж гарсан юм байх. Тэрүүгээр нэг дуу шуугиан цус нөж болох нь тэр. Харин Т.Бархүүг өмөөрөөд “Буян” Жагаад хэдэн үг хэлчих хүн тэр дотор байгаагүй гэнэ. Ямар ч ямаан омогтой юм бэ гэх хүн тэнд олон байв.
Манай хошин урлагт хэн нэгэн нэр алдартай хүнийг дуурайж элэглэх нь урлагын нэгэн төрөл болтлоо хөгжсөн зүйл. Үүнд хэн ч эмзэглэдэггүй. Жүжигчин Б.Булган- Эрдэнэ төрийн шагналт Д.Сосорбарамыг элэглэгхэд Со түүнийг гэртээ урьж дайлж цайлсан гэдэг. Жүжигчин Чапи УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг дуурайхад гишүүн нэг ярилцдагадаа “Би Чапид их баярлаж байгаа. Үнэхээр элэглэлийн урлагийг хөгжүүлэхээр гадаад руу сургуульд явна гэх юм бол төлбөрийг нь даана” гэж байсан. Б.Жаргалсайханыг өмнө нь нэг жүжигчин элэглэж л байсан. Жүжигчин хүн хэн нэгнийг дуурайж элэглэж суух тэдний хувьд ажил нь. Иймхэн зүйлд эмзэглэж хүн зодож байгаа хүнд улстөрчийн соёл бий болов уу.
Б.Жаргалсайханыг монголчууд мэднэ дээ. Урьд нь сонгуульд нэр дэвшихдээ Иргэний зориг намтай нэгдэж Иргэний зориг-Бүгд найрамдах нам гэж хүртэл явсан. Сүүлд “би эмэгтэй хүнтэй таарахгүй байна” гээд холдсон. Дараа нь Ардчилсан намынхантай өвөр түрийдээ орж “Би ардчиллын үеэр Ц.Элбэгдоржид пальто өмсгөж Төрийн ордонд оруулж байсан” гээд ярьж байсан. Нэг үе тэрбээр Монголд Н.Энхбаяр шиг муу хүн байхгүй бараг л энэ нэг юм алга болчихвол Монголын төр цэвэрлэгдэнэ гэж үзэн ядагчын үг чулуудаж байсан. Гэтэл тэр хүнтэйгээ одоо хамт суучихсан “Чи минь бурхан” гээд хүзүү сээрээрээ холбогдчихсон яваа. Түүнд улстөрчийн зөв араншин гэх зүйл огт байхгүй гэлтэй. Тэр УИХ-ын гишүүн байхдаа чанга чанга орилж хуруу гараа гозолзуулан байж сайдын суудалд хүртэл тухлаж байсан түүхтэй. Нэг л их мөнгө төгрөг триллион доллар ярьсан хүн. Амнаас нь улстөрчийн үг гэхээс илүү гудамжны рекет хүний үг унаж байсныг монголчууд мартаагүй байлгүй дээ.
Алдар нэр гэдэг олж авах, хамгаалж явахад тун хэцүү зүйл. Монгол Улсын төрийг түшилцэнэ гэж яваа эрхэм нөхөрсөг хэдэн үг даахгүй хүний нармай нээгээд явах ч гэж дээ. Аливаа юманд сэтгэлийн хөөрлөөр, боевик зан гаргаж ханддаг хүн төр түшилцэж чадах болов уу. Түүнийг олон удаа хүн дарамталж зодож зангидсан нударгаараа жавтий хүртээж байсныг сонссон юм байна. Нас намбандаа байж чаддаггүй юм аа гэхэд ядаж эрийн буурьтай, улстөрч шиг араншинтай байгаасай. Гай болж нэг өдөр зодсон хүн чинь эндэж та бугуйгаа холбон буруу харсан цонхны дор суух вий дээ.
URL: