Уяачид морин уралдаанд шинэчлэл хийхийг шаардаж байна
Монголын сорин спорт, уяачдын холбооны VII их хурал “Эв нэгдэл, хамтын ажиллагаа” уриан дор болж байна. Энэ удаагийн их хурлын гол зорилго нь ММСУХ-ны сүүлийн 10 жилд хийсэн ажлыг дүгнэн хэлэлцэж Улсын баяр наадмын хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон холбооны дүрмийг шинэчлэхээр хөтөлбөртөө тусгажээ.
ММСУХ-ны тайланг ажиж байхад тус холбоо 40 гаруй том уралдааныг зохион байгуулж мөн олон улсын Морин спортын холбоонд гишүүнчлэлтэй болсон. Энэ дагуу тив дэлхийн чанартай олон арга хэмжээнд төлөөллөө оролцуулдаг болсон. Бас манай уяачид олон улсын уралдаанд хурдан хүлгээ сойж уралддаг шинэ шатанд хүрлээ гэдгийг онцолсон байв.
Цаашид уяачдынхаа санал бодлыг нэгтгэн дүрэм журмаа нягт боловсруулж, холбооныхоо бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, салбар холбоодынхоо уялдаа холбоог улам сайжруулж ажиллахыг эрхэмлэх нь чухал байна гэж байна лээ.
Аль 1994 онд анх батлан гаргасан дүрэм, журам өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэхэд тохирохгүй боллоо гэж уяачид ярьж байна. Тэдний яриа, гаргаж буй саналаас нэг нийтлэг гэхээр зүйл нь наадамд уралдах морьдыг монгол, эрлийзээр нь ялган уралдуулах гэдэг асуудал. Их хэцүү, хэрүүл маргааны талбар болж байна гэж олон хүн хэлэв.
Тэр дотор “Морин уралдааны уламжлал, шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн М.Ариунболд,
-Их хурлаас уяачид маш олон өөрчлөлт шинэчлэлийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд ММСУХ үндсэн ажлаа хийхгүй, дүрмээ ч баримтлахгүй хий хоосон яриа болгож ирлээ. Иймээс манай хөдөлгөөн монгол адууны өв соёлыг хамгаалах, цаашид эрлийз, монгол гэсэн ялгааг нэг чигт нь болгох, улмаар улсын баяр наадмын нэр хүндийг сэргээхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадам морины талдаа тун хомсхон болж байна. Бод л доо. Азарга гэхэд 10 жилийн өмнө 500 гаруйд хүрч уралддаг байлаа. Одоо тэгвэл дөнгөж 200 орчимд хязгаарлагдаж байна. Энэ нь эрлийз адуутнуудын үйл ажиллагааны шахалтаар жирийн монгол адуутай уяачид улсын наадамд ирэхийг больсон явдал гэв.
Энэ мэтээр уяачид санал бодлоо хэлж байснаас энд онцлог зүйлийг тэмдэглэв.
Монгол улсын Тод манлай уяач Б.Бат-Өлзий:
-Сүүлийн 10 жилд эрлийз, монгол гэсэн маргаанаас болж жинхэнэ монгол адуутай уяачид наадамд морио мордуулахыг байсан нь үнэн. ММСУХ сайн ажилласан гэж зарим нь хэлэх юм. Үүнтэй би санал нийлэхгүй. Уяачдын холбоог улс төрөөс холдуулаагүй цагт холбооны ажил урагшлахгүй ээ.
Алдарт уяач С.Энхтайван:
-Монгол, эрлийз гэсэн хэрүүл маргааны улмаас монголчууд морин уралдаанд цэнгэлийн манлайг эдэлж чадахгүй байна. Би сүүлийн дөрвөн жил урам хугараад морь уясангүй. Уралдах моринд сэрвээний өндөр гэхийн зэрэгцээ, үүлдэрлэг байдал гэсэн тодорхойгүй босго тавьдаг боллоо. Үүнийг больё.
Морь сургагч Д.Ариунболд:
-Миний хувьд хүний нутагт морьтойгоо 20 гаруй жил болоод ирлээ. Тэгээд ажиглаж байхад ММСУХ-ны ажилд ч шинэчлэл гарсангүй, дүрэмд өөрчлөлт хийсэнгүй. Холбоонд сонгогдсон хүмүүс морь уяхгүй байвал яасан юм. Үүлдэрлэг байдал гэдэг дэмий юм орхи.
Төв аймаг, уяач Н.Нямжав:
-Холбоонд том уяачдын үүрэг гэж алга. Морин уралдаанд дүрэм байдаг ч мөрддөггүй болохоор тоглоомын дүрэмгүй гэж хэлэхээр байна.
Архангай, Ихтамир сум, уяач Н.Жаргалсайхан:
-Хуулиа барьж наадъя гэж хэлэх гэсэн юм. Уг хуульд зургаан насны морь уралдуулна гэж байгаа. Гэтэл эрлийз бага, дунд, дээд нас гэж нэмээд есөн насны морь уралдуулж байна шүү. Үүнийг зогсооё.
Тод манлай уяач А.Батсүх:
-Холбоо олон сайн ажил хийсэн ч зарим зүйл дээр алдсан. Өмнөх хурлын шийдвэрийг тас мартсан холбоог улс төрөөс ангид байлгах саналыг дэмжиж байна.
Дундговь, Дэлгэрцогт сум, Б.Загдхорол:
-Баяр наадмыг хөдөө орон нутагт зохион байгуулахад их хэцүү байна. Яагаад гэвэл тэр эрлийз, монголыг ялгахад мэргэжлийн хүмүүс алга. Одоо бүр үүлдэрлэг байдал гэж ярих юм бол бүр хэцүү дээр хэцүү болох нь.
Архангай, Булган сум, Н.Цогоо:
-Үүлдэрлэг байдал гэдэг асуудлыг дүрэмд оруулж болохгүй, хасъя. Хаврын уралдаануудыг Засгийн газраас болиулдаг. Энэ нь уяачдад их хохиролтой байна гэсэн юм.
Холбооны дүрэм журмыг ийнхүү хэлэлцэх явцад хамгийн гол асуудал наадмыг Монголын гэсэн нэрэнд нь нийцүүлж морьдыг эрлийз, монгол гэж ялгадаг нь зөв үү, буруу юу гэсэн талцлыг хагалах нь чухал ххххх.
Бас холбоог шинэчлэн байгуулахын чухлыг олон хүний санал бодол харуулав. Нэг бол эрлийз адуутай уяачид тусдаа холбоотой баймаар байна гэсэн сонин санал ч гарч байлаа.
Сонин шилжих мөчид хурал ид дундаа үргэлжилж байсан юм.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: