Хүүхдүүд яагаад үхэлд тэгтлээ дурлаад байна вэ
ЕСХӨН НАСТАЙ, АЙЛЫН ГАНЦ ХҮҮ ЮУНЫ УЧИР АМИА АЛДАВ
Шинэ оны өмнө хоёр ч хүүхэд амиа хорлов. Өсвөр насны охид үеийнхээ хөвгүүнд дурласнаасаа болж шаналсан нь гэр бүлийнхэн, найз нөхдөө хаяад хорвоог орхих шалтгаан болсон гэнэ. Бүр есхөн настай нялх амьтан хоолойгоо боомилсон хэрэг оны өмнө гарлаа. Уржигдар л гэхэд 15 настай охин амиа хорложээ. Монголын ирээдүй болсон үрс минь ингэтлээ сэтгэлийн тэнхээгүй, туйлбаргүй өсч байна уу. Эсвэл үзэж байгаа кино шигээ амьдралыг төсөөлчихсөн яваа юм биш биз. “Сүүлчийн бүжиг” гэдэг уран сайхны кинонд хоёр залуу үл ойлголцлоос болж зодолдож эцэст нь өсвөр насны охин, хөвгүүн хоёр сүүлчийн бүжгээ хийгээд амиа хорлодог юм. Мэдээж зохиолд аав ээжүүд нь тэр хоёрын үерхлийг зөвшөөрөөгүйгээс зөрчил үүсдэг. Хосууд өндөр байшин дээрээс үсэрсний дараа гэнэт сайхан бүжиг бүжиглэж, диваажингийн оронд аз жаргалтай байгаагаар кино төгсдөг юм. Яг кинонд гардаг шиг үйл явдал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд нийслэлд болсон билээ. “Алтай” зочид буудалд 20 настай хос хамтдаа амиа хорлосон хэрэг гарсан. Талийгаач хоёрыг аав ээж нь суулгахгүй гэдэг байснаас ийм сонголт хийсэн гэдэг. Киногоор амьдралаа дүрсэлдэг, зэрвэсхэн дурлаад өнгөрөх залуу насыг мөнхийн шаналал мэт ойлгодог өсвөр үе, хүүхэд залуусыг яаж хүмүүжүүлэх вэ.
Хамгийн том баялаг болох үр хүүхдэдээ эрхэм эцэг эхчүүд тоомжиргүй хандаад байна уу. Ер нь хүүхдүүд минь яагаад үхэлд тэгтлээ хайртай болчихов оо. Сэрэмжлүүлэг болох үүднээс оны өмнө болон уржигдар гарсан амиа хорлосон гэх хэргүүдийн араас нэхэн сурвалжиллаа.
ЕСӨН НАСТАЙ ХҮҮ ГЭРИЙНХЭЭ ГАДАА ХООЛОЙГОО БООМИЛЖЭЭ
Сонгинохайрхан дүүрэгт есөн настай хүү өнгөрсөн сарын 30-нд боомилж амиа хорлосон хэрэг гарсан. Талийгаач айлын ганц хүү юм байна. Тэднийх Баянхошуунд байдаг юм байна. Хашаандаа ганц том байшин байгаа нь тэр хавьдаа л тохилог аж. Талийгаачийн аав ээж нь 30 дөнгөж гарч яваа залуучууд. Аав нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад саяхнаас ажлаасаа гарчээ. Түүнээс хойш хувийн машинаараа ойр зуур таксинд явахаас өөр дорвитой ажил хийдэггүй аж. Тэрбээр хүүтэйгээ байхдаа одоогийн ханьтайгаа суусан байна. Хэдийгээр төрсөн биш боловч ээж нь хүүдээ амь байсан талаар ойр хавийнхан нь ярьж байсан. Ээж нь III хорооллын дэлгүүрт бараа зардаг. Ерөнхийдөө аав ээж хоёр нь өглөө гараад л үдшийн бүрийд гэртээ ирдэг ажилтай. Харин хүү нь сургуулиасаа ирээд л гэртээ ганцаараа өнждөг байжээ. Аав нь хүүгээ үеийнхээ хүүхдүүдтэй тоглуулахыг тэр бүр зөвшөөрдөггүй. Ангийнхаа хүүхдийн гэрт байгааг мэдсэн л бол гэртээ орохыг шаарддаг байж. Сүүлдээ ангийнхан нь ч талийгаачийг гэртээ аваачихаа больсон талаар ярих хүн байсан. Өвөө нь хааяа ирж ачтайгаа өнжихөөс өөр тэднийд гадны хүн тэр бүр цуваад байдаггүй аж. Ойр хавийнхан нь харахад хүү ганцаараа л хашаандаа өөрийгөө аргалаад тоглоод өнждөг байсан гэнэ.
Талийгаач гуравдугаар ангид сурдаг байжээ. Хичээлдээ сайн, ангийнхантайгаа нийлэмжтэй нэгэн байсан гэнэ. Гэртээ ганцаараа өнждөг болохоор ч тэр үү ангидаа эрэгтэй, эмэгтэй бүх хүүхдүүдтэй найз болох гээд чихэр жимс зөөгөөд сүрхий байдаг байж. Мөн сургуулийнхаа гимнастикийн дугуйланд сурдаг. Дүүргийн хэмжээний сурагчдын дундах тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байсан гэнэ. Хичээлээ тарчихаад ангийнхан нь тоглоё гэхээр “Аав загнана” гээд гүйчихдэг тийм л хүүхэд байж. Аав ээж нь завгүй ч хүүгийнхээ сурлага хүмүүжилд байнга анхаарал тавьж, сургуулиас нь асууж тодруулдаг байсан гэнэ.
Тэдний ангийнхан өнгөрсөн сарын 27-нд хичээлээ тарсны дараа шинэ жилийнхээ баярыг тэмдэглэсэн байна. Маргааш нь мань хүн багшдаа хамгийн гоё бэлгийг бэлтгэж очжээ. Ангийнхан нь мэдээж бүгд багшдаа гарынхаа бэлгийг өгсөн байна. Харин талийгаач дугтуйд захидал хийж өгснөө бэлэглэжээ. Дугтуйгаа саагаар чимэглэж, гоё зураг зурсанд нь ангийнхан нь баяр хүргэж байсан тухай найзууд нь ярьсан. Түүний гараа гаргаж бэлтгэсэн сүүлчийн бэлэг тэр байжээ.
Өнгөрсөн сарын 30-нд талийгаачийн ангийнхны тал нь хичээлдээ ирсний нэг нь талийгаач байсан гэнэ. Урд талын ширээнд инээгээд сууж байсан найзыгаа амиа хорлосонд ангийнхан л итгээгүй гэсэн. Хичээл нь 10.30 цагт тарахад талийгаач урьдын адил ганцаараа гэр рүүгээ гүйчихэж. Түүний хувьд сүүлчийн хичээлдээ суусан нь тэр. Тухайн өдөр талийгаач гэрийнхээ гадна хоолойгоо боосон байдалтай өөд болсон байжээ. Талийгаачийн гэрийн ойролцоо амьдардаг нэгэн “Тэр хүү амиа хорлох хүн биш. Их хэрсүү ухаантай хүү байсан юм. Ганцаарддаг л байсан байх. Гэхдээ л гэрээсээ гарч тэнэдэггүй. Аавынхаа үгнээс гардаггүй байсан. Миний таамаглаж байгаагаар гэрийнхээ гадаа сууж байхдаа даарсандаа өөрийгөө тойруулж боосон байх. Сүүлдээ бээрч өөрийгөө боосон боолтноосоо гарч чадахгүй хөлдөж амиа алдсан байж мэднэ. Түүнээс есхөн настай хүүхэд яаж боож үхэхээ ч мэдэхгүй шүү дээ” гэж ярьсан нь анхаарал татсан юм. Ямартай ч хүүгийн үхлийн шалтгааныг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагчид ажиллаж буй.
ӨСВӨР НАСНЫ ОХИД ДУРЛАЛААСАА БОЛЖ АМИА ХОРЛОЖЭЭ
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 13 настай, айлын эрх охин өнгөрсөн сарын сүүлээр амиа хорлосон ноцтой хэрэг гарсан билээ. Талийгаач айлын ганц охин бөгөөд аав нь Төрийн албанд томоохон албан тушаал хашдаг нэгэн. Өмсөж зүүх, идэж уухаар дутаагүй чинээлэг тэр охин ердөө л үеийнхээ хөвгүүнд дурласан, өнөөх нь гомдоосон учраас хорвоогоос уйдсан бололтой юм. Утсан дээрээ “Миний найзыг гомдоовол хохь чинь шүү” гэж бичээд өрөөндөө өөрийгөө боомилж амиа хорлосон байх юм. Сураг сонсвол түүний дурласан хөвгүүн найзад нь сайн байсан гэнэ. Тиймээс сайн найз, дурлалт хөвгүүн хоёроо жаргаахын тулд өөрөө холдож буй нь тэр бололтой. Бүр дурласан хөвгүүндээ “Миний найзыг гомдоож болохгүй шүү” гэсэн захиас үлдээсэн. Харин төрүүлж, өсгөсөн аав ээждээ ганц үг ч бичиж үлдээгээгүй байв. Эцгийнхээ голомтыг харлуулж, ээжийнхээ элгийг эмтэлж орхиод явсан тэр охины амиа хорлосон шалтгааныг цагдаагийнхан шалгаж байгаа.
Уржигдар мөн л дээрхийн адил хэрэг гарчээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай охин амиа хорложээ. Эх сурвалжийн мэдээлснээр охиныг үерхдэг хөвгүүн нь гомдоосноос гэрээслэл үлдээгээд хорвоог орхисон байна. Талийгаачийн аав ээж нь боломжийн амьдралтай сумандаа нэр хүндтэй айл гэнэ. Энэ хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
“Агшин” гэдэг кино гарснаас хойш өсвөр үеийнхэн өндөр дээрээс унаж амиа хорлох нь ихэссэн талаар цагдаагийнхан ярьдаг. “Богд-Ар” хорооллын байрнуудаас чинээлэг айлуудын охид үсэрч амиа хорлосон хэрэг цөөнгүй гарсан баримт бий. Тиймээс амьдрал киноноос тэс өөр, хүн амьдралдаа хэдэн ч удаа дурлаж болдог гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах, заах цаг болжээ.
Ц.ӨРНӨХ
URL: