Жанжин Сүхбаатартай уулзсан хүний яриа

712-15482901956be7292e035cf456originalД.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 126 ЖИЛИЙН ОЙД

1974 оны долоодугаар сард бид Сүхбаатар аймагт хэлбичгийн шинжилгээний ажлаар явах замдаа Сүхбаатар сумын 12 настай ард Аюурын Ванчинтай уулзав. Ванчин гуай бол жанжин Д.Сүхбаатартай хоёр удаа уулзсан их завшаантай хүн бөгөөд тэгж уулзахад их жанжин юу ярьж байсан зэргийг мартаагүй тодорхой сайхан ярьж байв. Энэ нь жанжин Д.Сүхбаатарын намтартай холбогдох чухал мэдээ болох тул А.Ванчин гуайн ярьсан зүйлийг хэвээр сийрүүлье.
Би 16 настайдаа өнчирч, 17 настай байхдаа хошуу ноёныд зарцлагдан ордонд нь байдаг боллоо. Хошуу ноёны орд одоогийн Сүхбаатар сумын төвөөс баруун тийш 18 орчим километрт Налайх гэдэг газар худгийн зүүн урд дов дээр байсан юм.
Манай хошууны ноён Доржжав Д.Сүхбаатарыг жанжин болно гэж дуулаад “Өөрийн хошууны хүнийг улсын жанжин болоод байхад очиж баяр хүргэлгүй болохгүй” гэж 1922 оны зун өөрийн хүү Ванчиндоной, Равдан туслагч хоёрыг хүрээнд явуулав. Би тэдний хөтчөөр явлаа. Хүрээнд Ёст бэйс ноёны буудаг өөрийн хашаа байшин байдаг юм байна. Бид тэнд буулаа. Манайхан маргааш нь “Хятадын пүүс, зах зээлээр явж жанжинд өргөх бэлгийг авна гэж ярилцаж байтал, шовгор оройтой жанжин малгайтай, шинэ цагийн шөвгөр хар гуталтай гозгор цагаан царайтай хүн, нэг цэрэг дагуулж ирээд мориноос бууж морио цэрэгтээ бариулаад өөрөө бидний буусан хашааны хаалгаар орж ирлээ. Гэтэл хашаа сахигч Сүх “Жанжин ирлээ” гэж Ванчиндонойд очиж хэллээ. Тэд жинстэй малгай хүрмээ яарч сандран өмсч өмнөөс нь угтаж гарлаа. Би хувьдаа хэн ирснийг мэдэхгүй, манай ноёны хашааг байнга сахиж байдаг Сүх гэдэг туранхай хөх өвгөнөөс “Ямар их ямбатан морилж ирээ вэ” гэж асуувал тэр хэлэв: “Яагаа вэ! -Ардын засгийн тэргүүн жанжин Д.Сүхбаатар чинь энэ байхгүй юу!” гэв. Тэд Равдан туслагчийн гэрт орж ярилцаж байв. Бид цай идээ зөөж гүйлдэв.
Манай Ванчиндоной Д.Сүхбаатарт хэлж байна: “Би таныг урьд танихгүй юм. Одоо танилцлаа. Манай эцэг ноён таны амрыг эрүүлэхээр биднийг явуулсан” гэж байна. Д.Сүхбаатар хэлж байна: “Та бүгдийг ирлээ” гэж дуулаад би ирлээ. Хошууны гийчид манайхаар морилж очоорой” гэж байсан. Тэд өөр юу ярьсныг мэдэхгүй. “Үүдэнд морь барьж байгаа хүнд цай идээ хүргэе” гэхэд Д.Сүхбаатар “Хэрэггүй” гэж байсан шиг санагдана.
Д.Сүхбаатар тэгээд явчихлаа. Түүнийг явсны дараа манай ноён туслагч хоёр ярьж байсан: “Бид жаахан удааширч ёс алдлаа. Жанжныг ийм хурдан ирэхийг мэдсэнгүй. Бид урьдаар очиж бараалхах хэрэгтэй байсан юм. Яагаад бидний ирснийг мэдчихэв? гэж гэмшин ярилцаж байсан. Сүүлд нь бодоход Д.Сүхбаатар өөрийн үндсэн хошуу нутаг, ялангуяа зүүн хязгаарын зүг их анхаарлаа тавьж сурвалжилж байгаад мэдсэн байх. Тэгээд бид нэг өдөр Сүхбаатарт бараалхан очих боллоо. Манай хошууны Бүрэнбаатар бичээч биднийг урьж хоёр хөнгөн тэрэг орос жолоочтой ирлээ. Бид бүгдээр тэр тэргэнд сууж очлоо. Сүхбаатар жанжин, хэдэн тасалгаатай гоё сайхан байшинд сууж байв. Тэр нь манай хошууны Будын Даваа гэдэг баян хүний хашаа байшин бололтой. Янжмаа хүрээ маягийн гоёмсог сайхан авгай байсан. Биднийг янз бүрийн хоол унд, архи дарсаар дайлж хүндлэв. Бид байшингийн туургаар нааж хадсан зургуудыг нь сонирхож байсан. Сүхбаатар тэр зургуудыг тайлбарлан ярьж байсан. Сүхбаатарын ярьж байсан зүйлийг бараглан бодоход “Бид Москвад очсон. Бид Зөвлөлтийн засагт Холбоот Орос улсаас тусламжийг олж гадаадын дайсныг хөөж сөнөөгөөд шинэ ардын эрхтэй засгийг байгуулсан юм. Энэ тухай хошууны олон, ноёд түшмэл, ах дүү нарт сонсгоорой. Тэд даган баясах биз гэж бодож байна. Орос гүрэн 308 дугаар арми гэгчээ Монголд ирүүлж харийн дайсныг цөлмөн зайлуулахад тусалсан юм. “Орос жанжин энэ сэлмийг над бэлэглэсэн” гэж сайхан сэлэм үзүүлэв. “Та нар нутагтаа буцтал манайхаар дуртай цагтаа ирж байгаарай” гэж үнэмлэх зар (пропуск) шийтгэж өгөв. Би тэднээс хөндий шиг зогсч байсан ч тэдний ярихыг бас дуулж байлаа. Бас жанжны хэлсэн нь “Богд Живзундамба шажнаа мэдэж байна. Бид засаг төрөө мэдэж байна. Шинэ засгийн тэргүүн даамал нь Цэрэндорж сайд болсон” гэж байсан. “Та бүхэн манайд унтах уу” гэж асуухад манай ноён, “Бид харья даа” гээд гэртээ харьсан юм. Түүнээс хойш Ванчиндоной, туслагч Равдан нарын өгсөн бичгийг хүргэж би Сүхбаатарынд хэдэн удаа очсон. Сүхбаатар бас Ёст бэйсийн байранд хоёр удаа ирсэн шиг санагдаж байна. Хүрээнд бид байхдаа хүрээ цам үзсэн. Удалгүй цэргийн наадам болж бөх барилдаж морь уралдахыг үзсэн. Тэр наадам дээр Цэрэндорж сайд байсан. Эхнэр нь намхан бор авгай, энгийн хүүхэн хувцастай байсан. Сүхбаатар хиймэл урт гэзэгтэй, хүрэн жинстэй малгайтай, хар хүрэмтэй наадам үзэж байсан. Янжмаа их дэрвэгэр хүрээ үстэй сууж байсан. Бид хүрээнд хоёр сар шахам суугаад нутагтаа намар буцаж ирсэн дээ.
Биднийг нутагтаа буцаж ирснээс хойш цас анх орж байх үед, одоогоор хэлбэл аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхний орчим Сан бэйсийн (одоогийн Дорнод аймгийн) төв дээр Д.Сүхбаатарыг ирэх нь гэж Ёст бэйс Доржжав дуулаад Эрдэнэдалай тайж, Мантай хоёрыг тус бүр хөтөлгөө морьтой Сан бэйсийн хүрээ рүү довтолгож Сүхбаатар жанжныг нутагтаа морилж ирнэ үү гэж урьсан юм. Тэр урилгыг Сүхбаатар жанжин зөвшөөрч нутагтаа суудлын машинаар ирж шөнө тамгын жасааны гэрт буужээ. Тэдний хамт Эрдэнэдалай ирсэн байв.
Тэр үед ноёны орд, тамгын жасаа хоёул жаахан зайтай байсан. Жасаа байсан газарт одоо Д.Сүхбаатарын дурсгалын багана босгоод байна. Маргааш өглөө нь Доржжав ноён ёслолынхоо хувцсыг өмсөөд морь унаад Д.Сүхбаатартай уулзах гэж тамгын жасаанд хүрч очиход Сүхбаатар тамгын түшмэдийн хамтаар жасааны өргөөнөөс явган гарч угтав. Доржжав морио орхиод гэдэнтэй уулзаж мэндлэв. Доржжав ноён, Сүхбаатар хоёр жасааны өргөөний үүдэнд очоод Доржжав Д.Сүхбаатарыг гэрт түрүүлж эруулах гэхэд тэрбээр Тэрийн эзэн түрүүлж ордог юм” гээд Ёст бэйсийн тохойноос түрж түлхэж оруулав. Орсон хойноо, гэрийн хоймор байгаа түшлэг дээр жанжныг суулгах гэхэд Д.Сүхбаатар Доржжавыг хүчээр хөтөлж түшлэг дээр суулгаад өөрөө баруун талд суув. Түүний дэргэд сайд Довчин гэдэг цагаан царайтай намхан залуу хүн суув. Бид бараа бологчид цай, хоол бэлтгэн гүйлдэж байлаа. Тэгэхэд Д.Сүхбаатар зун бидэнтэй уулзсан болохоор таньж нэрээр маань дуудаж байсан. Тэр үед дээд хүн, дорд биднийг нэрээр маань дуудаж хүндэтгэж байх нь бидэнд хэцүү байсан боловч дотроо бишрэн бахархаж байлаа. Жанжинд архи барихад амсаад тавих юм. Архи уудаггүй юм байна. Жолооч оросод архи хадагтай барихад толгой сэгсрэн авахгүй байхлаар Сүхбаатар оросоор хэдэн үг хэлэхэд архийг авч уугаад хадгийг хармаандаа хийж байлаа. Энд намайг дуул гэхлээр би ‘‘Түмний эх”-ийг дуулсан. Сүхбаатар энд нэг хонож ноёны их хүү Ванчиндонойнд хөдөө очиж хоёр хоносон. Нэг өдөр тэд морьтой ан хийж яваад долоо найман зээр алж ирсэн. Ванчиндонойнд Сүхбаатарыг хүндэтгэн найр хийсэн. Тэнд Настын Намсрай бид хоёр ая барих болж эхлээд “Түмний эх”, дараа нь “Эртний цагаан буян” гэдэг дууг дуулж байсан. Тэгэхэд би залуу, миний хоолой сайн байжээ. Равжилын Чадраабал гэдэг хүн ерөөл тавьж, Зураачийн Төмөр-Очир гэдэг хүн хуурдаж байсан. Д.Сүхбаатар их анхааралтай сонсч баярлаж байсан. Түүнийг явах болоход ноён нэг баранзад хадаг, цаасанд боодолтой юм, элдсэн улаан үнэг бэлэгт өгч байсан. Сүхбаатар “Би хошуу нутгаа дайрна гэж бодоогүй учраас бэлгийн юмгүй, ёс алдаж байна” гэж хэлээд хоёр нүдний дуран, нэг сэлээдий буу бэлэг болгон өгч байсан.
Сүхбаатар Ванчиндонойнд өнжихдөө над цаас нугалан хайчилж таван хошуу хийхийг зааж өгсөн. Бас өлзий утас, хорло хээ цаасаар хайчилж хийхийг зааж өгсөн. Одоо яаж нугалахыг би бараг мартчихсан байна. Ганцхан таван хошууг л нугалж чадна. Одоо бодоход Сүхбаатар туранхай нарийхан биетэй, түргэн хөдөлгөөнтэй, сэргэлэн, сайхан яриатай, цогтой эр байсан. Харин Доржжав ноён дуу цөөнтэй номхон хүн байсан. Тэгээд Д.Сүхбаатар автомашиндаа суугаад яваад өгсөн. Далай вангийн (Мөнххаан сумыг) дайраад хүрээ орсон байх.
Би 1922 оны өвөл цэрэгт мордож хүрээнд очлоо. “Жанжинд бараалхана даа” гэж дотроо бодож байлаа. Өөрийн ноёны хашаанд очиж хашаа сахидаг Сүх гуайтай уулзав. Хүрээнд цагаан сар гаргана гэж ярилцаж байв. Жанжин Цагаан сарын битүүний шөнө шаралхаж хоноод шинийн 5-нд нас барсан тул би бараалхаж чадалгүй хоцров. Тэгээд би цэрэгт орж хоёр жил алба хааж байгаад өвдөж халагдсан юм.
Ц.Дамдинсүрэн “Бүрэн зохиол” IV ботиос авав
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: Монгол Огноо: 24 January 2019

Сайхан түүх байна даа.

Сэтгэгдэл бичих