Цагаан сарын барилдааныг бөхийн өргөөнд хийхээр боллоо
Монголын үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд өчигдөр уулзаж, нэг мөр шийдэлд хүрчээ.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны төлөөлөл болон цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд уулзалтын үр дүнд “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.
Энд хоёр тал болон талцаад байсан бүх удирдлагууд нь болон улсын цолтой бөхчүүд хүрэлцэн ирж, ойлголцож, асуудлыг нэг мөр цэгцэлж, Бөхийн өргөөгөө нээхээр болсонд олон нийт баяртай байна.
Тодруулбал, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, бусад цолтой бөхчүүд, мөн “Гацуурт”-ын Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нар уулзалтад оролцжээ.
Ингээд өчигдөр байгуулсан Санамж бичгийн хүрээнд:
-МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах,
-”Их Эе”-д бэлтгэх ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахлах,
-”Бөхийн өргөө”-г хэвийн үйл ажиллагаанд оруулж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах зэрэг асуудлыг төлөвлөж, санал нэгджээ.
Түүнчлэн “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-д олон жилийн турш үүсээд байсан хуваагдал, талцал, маргааныг эцэслэн, дараах зориултуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, “Ойлголцлын санамж бичиг”-т тусгасан байна. Үүнд,
-Бөхчүүдийн олон жилийн турш үргэлжилсэн талцал, хуваагдлыг эцэс болгох,
-Монгол бөхийн барилдаанд бий болоод байгаа допинг, цолны найрааны асуудлыг таслан зогсоох,
-Бөхчүүдийг цалин хөлс, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй болгох, бөхчүүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх,
-Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэдийн хандиваар боссон “Бөхийн өргөө”-ний өмчлөх эрхийг МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгүүлэх,
-Бөхийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зарлагыг нийтэд ил тод болгох, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох,
-Найраа хийж, худал барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, ёс жудаг, сахилга батыг дээшлүүлэх,
-“Бөхийн өргөө”-г түшиглэн бөхчүүдэд зориулан Хөгжлийн төв байгуулах зэрэг асуудал багтжээ.
Ийнхүү асуудлаа нэг мөр цэгцэлж, ойлголцолд хүрсэн дархан аваргууд, улсын томоохон цолтой бөхчүүд Бөхийн өргөөндөө сар шинийн баярт зориулсан 256 бөхөө барилдуулах боломжтой боллоо.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: