Настнуудын нулимсыг үзсэн “Насны хишиг”
Сар шинэ дөхөж байгаа энэ үед настангууд ядарч, туйлдаж, хэцүүдэж байна. Цагаан сардаа бэлтгэх гэсэн ахмадууд тэтгэвэр, насны хишиг, одонгийн мөнгөнөөс өөр орлого байхгүй нь үнэн.
Цагаан сарын өмнө уламжлал ёсоор төрөөс олгодог насны хишгээ авах гэсэн ахмадууд гурван өдөр хүйтэнд банкуудын гадаа дугаарлаж, заримынх нь бие муудаж, даралт ихсэж түргэн тусламж дуудсан байгаа юм. “Эрт дугаарлаж авахгүй бол мөнгө нь дуусчихдаг” гэсэн ойлголттой эмээ, өвөө нар үүрийн 04 цагт ирж банкны гадаа дугаарлаад ч мөнгөө авч чадаагүй талаар хоёр хоногийн өмнө нулимс унаган ярьж байна билээ.
Нэг өвөө “Хоёр өдөр эрт ирж оочерлож байна. Банкныхан хүнд суртал гаргаад байх юм. Хүйтэнд зогсох газар ч алга, дэлгүүрүүдэд орохоор хөөгөөд байна. Настай хүмүүсийг дааруулж хөрүүлж, даралт хаванг нь ихэсгэж ингэж зогсоох гэж дээ” гэв.
Харин нэг эмээ “Өчигдөр, өнөөдөр оочерлож дугаарлалаа. Одоо болтол мөнгөө аваагүй. Одоо миний тархи өвдөж, зүрхээр хатгуулж байна. Надад эмч хэрэгтэй байна. Хэцүү байна” гэж уйлж байв. Эвий дээ, эвий. Буянаа эдэлж суух буурлуудад ямар буруу байх билээ дээ.
Хэдхэн төгрөгийн төлөө хар хүйтэнд дугаарлаж зогсоо өндөр настангуудыг харахад энэ бол үнэндээ Монголын эмгэнэл юм.
Үр хүүхэд, ач зээ нараа тойруулаад гэртээ өнөр өтгөн дулаан сууж байх ёстой ахмадуудыг ингэж зовоож, үйлийг нь үзэх ямар хэрэг байна. Насны хишиг болоод одонгийн мөнгийг нь тэтгэврийн дансаар нь дамжуулаад олгочихож болдоггүй юмуу гэсэн шүүмжлэл ч гарсаар байна. Ийнхүү шүүмжлэл дагуулсан “насны хишиг”-ийг өчигдрөөс олгож, ахмадуудын магнайг тэнийлгэж эхлэв.
Ихэнх ахмадуудын хувьд тэтгэврийн зээлтэй байгаа бөгөөд төрөөс олгож байгаа насны хишгээрээ сар шинийнхээ тавгийн идээ болон гоёлоо бэлтгэхээр зэхэж буй.
Хөөрхийдөө 50-250 мянган төгрөгийн төлөө үхэн хатан тэмцэж, дугаарлаж зогссон өвөө эмээ нар энэ мөнгөөрөө сар шинийнхээ бэлтгэлд л нэмэр болох гэж байгаа нь энэ. Өчигдөр 50 мянган төгрөгөө авчихаад баярласан өвөө “Одоо зах гарч, цагаан сараар өмсөх малгайгаа худалдаж авна даа” гэж хүүхэд шиг хөөрцөглөж баярлаж байхыг хараад өөрийн эрхгүй өрөвдөж, бас хайрлав.
Насны хишгээ өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргаж авах боломжтой аж.
65-69 настай ахмад настан 50 мянга, 70-79 настай ахмад настан 80 мянга, 80-89 настай ахмад настан 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн тэтгэмж хүртэнэ.
Насаараа хөдөлмөрлөчихөөд төрийн хайр хишиг гэж иймхэн мөнгө авч, баярын нулимс унагаж байна. Улс орны минь эдийн засаг сэргэж, иргэддээ ээлтэй хуулиуд гаргаж, бодитоор хэрэгжиж, нийгмийн амьдрал тэгширч өөдлөн дэвжээсэй, төлөвшөөсэй гэж хүслээ.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: