”Хар ажилчин” хөөрхий Төрийн банк

794160609fda460dgreat- Ашиггүй учраас халамжийн мөнгийг Төрийн банкнаас бусад банкууд олгох сонирхолгүй байна -

2019 оны 01 дүгээр сарын нийгмийн халамжийн санхүүжилт Төрийн банкинд орж ирээгүйгээс үүдэн тус банкны салбар нэгжүүдэд халамжийн мөнгө хүлээсэн иргэдийн дараалал үүсэж, өндөр настнууд эхнээсээ муурч унаж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр эрчимтэй тархаж буй.

Тэгвэл дээрх үүссэн нөхцөл байдал нь Төрийн банкнаас огт шалтгаалаагүй бөгөөд тэд “Санхүүжилт орж ирсэн даруйд бид иргэдийн халамжийн мөнгийг олгоход бэлэн байна”, “2019 оны 01 дүгээр сард Капитал банк болон бусад банкууд халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк дангаараа үзүүлж буй нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болж байна” гэсэн мэдээллийг харилцагчдадаа өгсөн.

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, хөгжөөд даруй 95 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар манай улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай банкууд билээ.
Дээрх банкуудаас иргэдэд тарааж буй нийгмийн халамжийг дамжуулан олгох сонирхолтой банк муу нэртэй Төрийн банкнаас өөр байхгүй байгаа нь харамсалтай.

Үүний учир маш энгийн. Иргэдэд олгож буй тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт тусламж, цалинтай ээжийн хөтөлбөр, жирэмсэн ээжийн тэтгэмж, алдарт эхийн одонгийн тусламж, алдар цолтой ахмад настны нэмэгдэл, насны хишиг зэрэг нийгмийн халамжийн мөнгө олгох, хэрэглээний төлбөр төлөхөд Төрийн банк харилцагчдаасаа нэг ч төгрөгийн шимтгэл, хураамж авдаггүй гэнэ. Тиймдээ л ийм буяны ч гэмээр ажлыг хийх сонирхолтой арилжааны банкууд байхгүй байгаа нь ойлгомжтой. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад эзэдтэй томоохон банкууд зөвхөн ашиг хонжоо олох зорилготой байгаа нь үүнээс харагдана.

Харин “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдгийн үлгэрээр монгол төрийн 100 хувийн мэдлийн Төрийн банкны хувьд дээрх нөхцөл байдлыг шуурхай шийдэхээр Банкны төвийн ажилтнуудаа хүртэл салбар нэгжүүд дээрээ хуваарилан ажиллуулж байгаа сурагтай.

Удахгүй бид банкны салбар дахь “Ажлын ганц хар” болох төрийн мэдлийн ганц банкаа хувьчлаад үгүй болгочихвол халамжийн мөнгө авах гэсэн ахмад настнууд, жирэмсэн эхчүүд, байрны мөнгө төлөх гэсэн ард иргэд Төрийн ордны гадаа хэд хоногоор дугаарлан хонох нөхцөл байдал үүсэж мэдэх юм. Үүнийг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авч, өөрсдийгөө шилдгээр өргөмжилдөг арилжааны бусад томоохон банкуудад Төрийн банкны үүрч буй ачаанаас нимгэлж, хуваарилбал зүйтэй мэт санагдана.

URL:

Сэтгэгдэл бичих