АН хамтарсан Засгаас гарахаа зарлах уу?
“Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа маргааш зарлана” гэсэн мэдээлэл өчигдөр үдээс хойш цацагдлаа. Энэ тухай тус намын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Би хөдөө явж байна. Надад дуулгасан зүйл үгүй. Хэрвээ гарах гэж байгаа бол үгүй дээ надад хэлмээр л юм. Юу ч болсон хот ороодохьё. Маргааш учир нь олдох байлгүй. Тэгээд ч нэг хүний үгээр хамтарсан Засгийн газраас гарна гэж байхгүй. Тодорхой түвшинд хэлэлцэж, шийдвэрлэж таарна” гэсэн хариултыг өгөв. Албаны томоохон эх сурвалж “Яг албан ёсоор ярьж тохирсон зүйл байхгүй” гэсэн мэдээллийг өгч байгаа юм Ямартаа ч сонгууль дөхөх тусам хамтарсан Засгийн газар салж, мөр мөрөө хөөнө гэсэн хүлээлт нийгэмд бий болчихоод байгаа. Бас саяхан МҮДН фракц нам дотроо үйл ажиллагаа явуулахаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд уг фракцийн эхний ажил намаа Засгаас гаргаж авах гэсэн яриа гарсан нь хамтарсан Засгийн газраас АН гарах болсноо мэдэгдэнэ гэсэн яриа дэгдэхэд нөлөөлсөн болов уу. Гэхдээ сүүлийн өдрүүдэд МАН, АН-ын гишүүдийн дунд хамтарсан Засгийн газар салах нь гэсэн яриа хүчтэй яригдаж байгаа нь нууц биш. Хамтарсан Засгийн газраас гарахын тулд зүгээр нэг мэдэгдэл хийгээд гарчих боломжгүй бөгөөд АН ҮЗХ-гоороо хуралдаж албан ёсны шийдвэрээ гаргасан байх ёстой билээ.
Л.ТӨР
URL: