Цагаан чулуутынхны сэтгэлд нар гийсэн өдрүүд

128

Завхан аймгийн Цагаанчулуут сум нь ундны усаа холоос тээвэрлэдэг социализмын үеийн арга барилаас салж чадаагүй цөөн хэдхэн сумын нэг. Гэхдээ яг өнөөдрөөс эхлэн гурван км-ын цаанаас биш харин яг хажуухнаасаа ундын усаа тээвэрлэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэгтэйгээр тус сумын бүх албан байгууллагаас гадна зургаан өрх цэвэр усны системд холбогдсон байна. Уг ажлыг “Тайпэйн” Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас 43.7 сая төгрөг, НҮБ-ын “МОН” төсөл хөтөлбөрөөс 250 сая төгрийн санхүүжилт мөн орон нутгийн сангаас хоёр сая төгрөгийн санхүүжилтээр “Ган” ХХК хийж гүйцэтгэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Цагаанчулуут сумын иргэд 60 жил усаа зөөвөрлөсөн. Харин өнөөдөр усан хангамжаа шийдээд зогсохгүй дулаан, халаалтаа шийдсэн байна. Энэ бол маш зөв ажил” хэмээн сайшаасан юм. Тус сумын иргэн Д.Сэлэнгэ “Нэгдсэн халаалтад арванхоёрдугаар сард холбогдсон. Бид өмнө нь гурван километрын цаанаас усаа зөөдөг байсан. Дулаан холбогдсоноос хойш галлагаа, усны асуудал шийдэгдэж, амар болсон” хэмээн хуучлав.

Сумын иргэдийн эрүүл амьдрах амин чухал хэрэгцээ болох ундны цэвэр усаа ийн шийдэхтэй зэрэгцэн сургуулийн дотуур байранд амьдардаг сурагчдын ахуй нөхцлийг сайжруулсан нэгэн үйл явдал болсон юм. Энэ бол улсын стандартад нийцсэн 75 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий дотуур байрыг шинэчлэн засварлаж, дуусганаа өнөөдөр хүлээлгэж өгөв. Сургуулийн дотуур байрны сурагчид ар гэрээсээ хол амьдрах нь нэн бэрх байх нь ойлгомжтой.

Ээж, аавынхаа энгэрт эрхлэн суух насандаа эрдэм номын мөр хөөхийн тулд айлын хаяа бараадах эс бөгөөд дотуур байранд суухаас өөр сонголт үлддэггүй. Тиймээс л дотуур байрны хүүхдүүдэд гэрийн халуун дулаан орчныг санагдуулам таатай орчин бүрдүүлж өгөх нь туйлын чухал юм. Тэгвэл улсын стандартад нийцүүлж, дотуур байрыг засварласнаар хүүхэд багачуудын сэтгэлийг бага атугай дэмжсэн сайхан үйл болсон юм.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэд том, багагүй баярлаж байхтай зэрэгцэн цэцэрлэгийн жаалууд хүртэл мөн л хөөр баяраар дүүрэн үйл явдалтай учирсан юм. Учир юу гэвээс, Цагаанчулуут сумын цэцэрлэг нь 1965 онд байгуулагдсан бөгөөд энэ утгаараа моралийн элэгдэлд орж, хуучирсан барилгатай байж. Уг нь 2015 онд шинэчлэгдэж, хоёр давхар барилгатай болсон ч шаардлагатай тоног төхөөрөмжгүйн улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүндрэлтэй байжээ. Аргаа бараад харъяа яам, Тамгын газарт удаа дараа хүсэлт гаргаад ч тусыг эс олж. Яг энэ цаг үед нь З.Нарантуяа гишүүний санаачилга дэмжлэг болж, өнөөдөр тус сумын цэцэрлэгийн багачууд цэцэрлэгтээ шаардлагатай тоног төхөөрөмжтэй, өөрсдөө тоглож наадах тоглоомтой болсон юм.

Тус арга хэмжээний үеэр “Хүүхдийн хувцасны шүүгээгээ цаасан хайрцагаар орлуулдаг байсан үе ард хоцорлоо” хэмээн багш, ажилчид баярлан инээлдэж буйг хараад хэн бүхний сэтгэлд нар гийх шиг болсон. Ийнхүү хүн бүхний сэтгэлд баярын хур буулгасан нэгэн өдөр дуусахын алдад З.Наранхүү гишүүн бас нэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэж буйгаа дуулгасан юм. Энэ нь Эрүүл мэндийн төвд шинэ түргэний машин олгох асуудлыг ойрын хэд хоногт багтаан шийдвэрлэхээр болжээ. Ийнхүү өнгөрсөн хугацаанд хийж, бүтээснээ тайлагнасан, ирээдүйд юу хийхээ төлөвлөсөн, шаардлагатай, тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн гээд олон үйл явдлаар дүүрэн өдөр Цагаанчулуут суманд болж өнгөрлөө.

Р.Хишигжаргал


URL:

Сэтгэгдэл бичих