Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж байгуулав
Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн статистик буурахгүй, зөрчлүүд улам нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж буй. Статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 70 гаруй хувь нь нийслэлд үйлдэгджээ. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шат дараатай ажил хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй ч эрх зүйн боловсрол тааруу, мэдээ мэдээлэл дутмагаасаа болоод иргэд гэмт хэрэгт өртөж, бусдыг хохироох явдал буурахгүй, гарсаар байгаа юм. Тиймээс тус зөвлөлөөс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж байгууллаа. Санамж бичгийг нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар үзэглэв.
Санамж бичиг байгуулснаар Монголын өмгөөлөгчдийн холбооноос нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны оршин суугчдад хууль, эрхзүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх болж буй. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан “Улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн 70 гаруй хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн гэдгээс үзвэл эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нийслэлийн иргэдэд тулгарч байна гэсэн үг. Гэмт хэргийн гаралт нэмэгдэж буй нь ажилгүйдэл, цаашлаад иргэдийн хууль эрх зүйн мэдээлэл дутмаг байдалтай холбоотой. Эзэнгүй хэрэг олширч, хохирсон иргэд ч хаана хандахаа мэдэхгүй байх нь ч бий. Тиймээс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж, тухайн чиглэлээр зөвлөгөө өгөхөөр боллоо. Мөн энэ хүрээнд төрийн захиргааны алба хаагчид, оюутан, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр сар тутам сургалт зохион байгуулна. Ийнхүү иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд томоохон хөшүүрэг болно. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус мансууруулах бодис хэрэглэх нь ихэслээ. Тиймээс ахлах ангийн сурагчдад хар тамхины хор хөнөөлийг таниулж, хуулийн хариуцлагыг нь тайлбарлах зэрэг арга хэмжээ авна” гэсэн юм.
Хороодод ажиллах өмгөөлөгчид санамж бичгийн хүрээнд иргэдэд гэрээний загвар бүхий гарын авлага, сэтгүүл, мэдээллийг үнэ төлбөргүй өгч, хуулийн бүхий л талын анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгнө гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооноос ерөнхий Б.Ганбаатар хэлсэн юм. Тэрбээр “Хотын төвийн хороодын иргэд мэдээлэл сайтай байдаг. Харин алслагдмал хороодын иргэд мэдээлэл муутай. Тиймээс тодорхой график гаргаад, өмгөөлөгчдөө явуулж үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгүүлнэ. Газрын маргаанаа шийдвэрлэж чадахгүй байгаа иргэнд хаана, хэнд, хэрхэн хандахыг нь зааж өгөх зэргээр туслалцаа үзүүлэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд түлхүү анхаарна” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
URL: