Төвдийн төр-шашны оролцоо, сонирхол Монголыг доройтол, мөхлийн зам руу түлхэн гаргажээ

712-154820688820180609_p1bpo1favn90e1u1ik021umonca1“Халх, Ойрдын цаазын бичиг”, үр нөлөө

Монголчуудын хувьд нийгмийн амьдралыг сайтар зохицуулдаг хоёр том хүчин зүйл байжээ. Түмэн олноороо дагаж мөрддөг ёс, заншил ба төр засгаас хүчлэн сахиулдаг хууль, дүрэм бараг аль ч цаг үед байсаар иржээ. Харамсалтай нь нүүдэлчин ахуй болон цаг цагийн дайн самуун, хямрал, хядлага мэтээс болоод ихэнх хууль, дүрмүүд бичгээр хадгалагдаж үлдээгүй байна. Бүр дэлхий дахины хэмжээнд мөрдөгдөж байсан Их Монгол улсын “Их Яса” хууль бүрэн эхээрээ өдий хэр олдоогүй байгаа болно. Харин 1640 оны намар одоогийн Шинжианы Тарвагатайн нурууны “Маньдын гаталган”-д болсон Халх, Ойрдын тэргүүлэх ноёдын Их чуулганаас батлан гаргаж, нийт Монгол даяар (Халх, Ойрд, Ижилийн торгууд, Хөхнуурын хошууд) мөрдүүлэхээр зөвшилцөн тохиролцсон “Халх-Ойрдын цаазын бичиг” Ижил мөрнөөс эгэж ирсэн торгууд түмний ачаар, тод үсгээр үлдэж хоцорчээ. 1709-1770 оны үесэд боловсрогдон мөрдөгдөж байсан “Халх журам”, бас XVI зууны дунд хэрд зохиогдсон “Алтан ханы цаазын бичиг” энд мөн дурдагдах учиртай.
“Халх-Ойрдын цаазын бичиг” нь үндсэндээ Чингис хааны “Их Яса” хуулийн үзэл санаа, үг үсгийн дагуу зохиогдсон бол “Халх журам” нь “Халх-Ойрдын цаазын бичиг”-ийн үзэл санааны дагуу Халх дөрвөн аймгийн онцлогийг нэмж тусган боловсрогджээ. Дуулиантай том хэрэг, зарга болон мөн элдэв өвөрмөц хэрэг, заргыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн жишээ, баримтуудын эмхэтгэлүүд гэж бас буй (Улаан хацарт г.м)…
Их Монгол улсын “Их Яса” хууль бол орчин үеийн ойлголтоор “Улсын Үндсэн хууль”-ийн хэрийн агуулга, ач холбогдолтойн дээр аль нэгэн “-изм”, аль нэгэн шашны нөлөөн дор биш байсан онцлогтой юм. Ийм дээрээс мөнхүү хууль зохих хэмжээний засвар, нэмэлт, редакцитайгаар XIII зууны аль ч улс оронд хэрэглэгдэх боломжтой байв. Христ, лал, бурханы хийгээд аль ч шүтлэгтэн “Их Яса”-г хүлээн авахуйцаар байсан нь үнэн болно. Монголын эзэнт гүрэн задарч тусгаар том улс гүрнүүд Европ, Ази, Араб дахинд буй болсон хожуу үед ч “Их Яса” хууль Өрнө ба Дорны олон олон хууль эрхэмжинд нөлөө, улбаагаа хадгалсаар байжээ.
Аль нэгэн шашин, аль нэгэн –измын уур амьсгал, үзэл санаанд өрөөсгөлөөр захирагдаж, тэр хэрээрээ хүн төрөлхтний нийтлэг эрх, ашгаас холдож хөндийрсөн хуулиуд ер урт насалж байгаагүй билээ. Ийм согог нэн түгээмэл байжээ. Хүн төрөлхтний хууль, эрхэмжийн түүх энэнийг гэрчилдэг.
Төр ба иргэний, мөн иргэд хоорондын харилцааны олон талыг тухайн улс орны бодит амьдралаас ургуулан, ишлэн хуульчилсан байх нь тэргүүн зарчим, шаардлага мөн болно. Хэн хүнд байх төрөлх, заяагдмал эрхүүдийг, нэмээд тухайн нийгмээс иргэддээ олгож чадах эрхүүдийг хуульчлан тогтоож, чандаар мөрдүүлж байх нь боловсронгуй төр засгийн тэргүүн үүрэг юм.
Буддагийн үзэл, сургаал ихэд шашинжсан, тэр хэрээрээ ч ихэд бохирдож булингартсан хэлбэрээрээ Монгол даяарт түгэн дэлгэрсний урхаг, уршиг “Халх-Ойрдын цаазын бичиг”-т ч шууд туссан юм. Уг цаазыг боловсруулж баталсан Их чуулганд Засагт хан тэргүүтэй халхын 13 төлөөлөгч, Баатар хунтайж тэргүүтэй Ойрдын 13 төлөөлөгч, бас Төвдийн 3 төлөөлөгч (Инжин ринбучи, Асуху бие Манзушир, Намуга шид Манзушир) оролцсон нь хариас импортолсон шашны ашиг, сонирхол, далд зорилгыг мөнхүү хуульд хангалттай хэмжээнд тусгажээ.
Чингэж Төвдийн төр-шашны оролцоо, сонирхол Монголыг доройтол, мөхлийн зам руу түлхэн гаргажээ. Тэдний товлож тогтоосон замаар ороод монголчуудын сүр хүч, цөөц баялаг, өрсөлдөх чадавх 1911 оны түвшинд хүртлээ уруудаж доройтжээ.
Бурханы шашны нэр, сүрээр түрий барьсан Төвдийн төр-шашны тэргүүнүүд монгол ноёдод элдэв цол, хэргэм олгож хариуд нь дураар, давуу байдлыг олж, ихээхэн эд баялгийг бэлэг болгон авч Лхас руу зөөсөөр байв. Монгол ноёд хан, хаан, бошигт, номын хаан, цэцэн хан, чуулган хан гэх мэтийн нэр цолыг Далай ламаас хүртэж цол чимгээрээ гангарч, өрсөлдөж байх болжээ. Хоосон нэр, хулхи цол, хутагт хувилгаадын тэддүгээр дүр гэх өргөмжлөлийн төлөө авлига өгөх, арга чарга хайх нь тэр цагийн язгууртнуудын хувьд “халдварт өвчин”, тахал болон газар авсаар байлаа.
“Халх-Ойрдын цаазын бичиг”-ийн анхны 120 зүйл төдийгүй Галдан бошигтын нэмсэн 15 зүйл ба торгуудын ноён Донроврашийн 1741-1761 оны хооронд оруулсан 53 зүйлийн нэмэлтэнд мөн л шашин, лам нарыг элдвээр дээдлэн үзэх санаа шингэжээ. Чингэж шар феодалын гэж нэрлэдэг мөлжигч давхраа өргөжиж, хүч нөлөө нь өсчээ.
“Халх-Ойрдын цаазын бичиг”-т Хаант Орос ба Манж Чин гүрнийг эн тэргүүний дайснаа гэх үзэл санаа тодоор тусгагджээ. Тэдний болзошгүй түрэмгийллийн эсрэг Халх, Ойрд нэгдэж тэмцэх, энэ үйл хэрэгт хэн, хэрхэн оролцохыг хатуу чангаар хуульчлан тогтоож, урвах, шарвахыг чандлан хориглосон байна.
1640 оны үед Халх ба Ойрдын удирдлагад нас бие тогтсон, тулхтай, алсын хараатай ноёд олон байсан нь цагаа олсон хамтарсан чуулган (Тарвагатайн) хийх, болзошгүй болчихсон харийн түрэмгийллийн эсрэг нэгдэж тэмцэх, Бурханы шашны урсгал хоорондын (улаан ба шарын) зөрчлөөс үүдсэн Лхасын ойролцоох Халх ба Ойрдын их хядалцааны өс хорслыг мартаж үндэсний эв нэгдлээ сэргээх, эх орноосоо урвах, шарвахыг цаашид үзэн ядаж хатуугаар цээрлүүлэх, эзэн хамжлагын харилцаа, захирах захирагдах ёсыг эс сахисан тохиолдол бүрийг гэсгээн яллахыг хуульчилсан “Халх-Ойрдын цаазын бичиг”-ийг дээд хэмжээнд хэлэлцэн батлахад сайнаар нөлөөлжээ. Гэвч тэр цаг үеийн ахмад ноёд, хан нарын ихэнх нь элдэв шалтгаанаар нас эцэслэсэн нь үйл явдлын цаашдын өрнөлтөнд тун ч муугаар нөлөөлсөн байна. Шинэ, залуу ноёд түшмэдүүдийн зүгээс “Халх-Ойрдын цаазын бичиг”-ийн гол, чухал заалтуудыг зөрчсөн, хямралын үрийг тарьсан үг хэлэх, үйлдэл хийх нь цөөн бус болжээ. Залуу ноёдын болчимгүй үг, үйлдлүүдийг ашиглаж томоохон зөрчил, хагарал, сөргөлдөөнийг буй болгох хэрэгт Манж, Орос, Төвдийн далд явуулга, хорлон сүйтгэх үйл ажиллагаа хатгаас, түлхээс болсоор байв.
Монголчуудыг оюун ухаан, үзэл санааны хувьд мунхруулан боолчлох, өргөн уудам газар нутгийг нь хувааж авах, газрын хөрсөн доорх эрдэс, баялгийг нь олборлон зөөх, мал аж ахуйн хийгээд ан авын үнэт бүтээгдэхүүнийг хямд төсөр худалдан авах, алс эцэсдээ монгол үндэстнийг мөхөөж устгах бодлогыг тэр цагийн хөрш орнуудын удирдлага дан дангаараа хийгээд хамсан, эвсэн явуулсаар байлаа. Ийм нөхцөлд ядаж л Халх, Ойрд хоёр эв эеийг хичээж, нэгдэж, хамтарсан хүчээр харийн түрэмгийллийн эсрэг чулуун хана болон зогсох ёстой байв…
Монгол зон олны эв эе, нэгдэл, нягтралд үнэнч байсаар нас эцэслэсэн эцэг хан нарынхаа гавъяат үйлсэд нэгэн мөр зүтгэх эх оронч үүрэгдээ хөвүүд нь нэн хайхрамжгүй хандсаны уршиг, хөнөөл төдхөн л халх дөрвөн аймаг, ойрдын хүн зоныг нөмрөн авчээ. Үндэс угсаа нэгтэй, шашин соёл нэгтэй, нас, бие ойролцоо хоёр залуу хутагт уг хэрэгт манлайлан, эвсэн зүтгэх ёстой байтал харин ч өшөөтөн, дайсан болцгоосон нь хэн ч, хэзээ ч уучлахын аргагүй үйлдэл, үзэгдэл мөн юм. Өвөг дээдсийнхээ гал голомт, сүр хүч, бүрэн эрхт төр улсаа шившиглэн гутаасны өр төлөөс мөнхүү хоёр хутагтын хэн хэнд нь, ялангуяа илүү их буруутай нэгэнд нь үүрд тохоогдож, түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэх болно. Энэ талын судалгаа, магадлагааг цэвэр, эрүүл ухааны үүднээс шинжлэх ухаанчаар дахин давтан, нягт чамбай хийж, буруу тийш нь хөтөлсөн үйлдэл, алхам, үг бүрийн нь цаад шалтгаан, далд эздийг нь тодруулж түмэн олонд мэдээлэх хэрэгтэй байна. Энд элдэв шинжийн явцуурал, жалга, довын хэнээрхэл, мөчөөрхөл байх ёсгүй. Учир нь энэ бол нийт монголчуудын хувь заяа, нэр төр, түүхэн хариуцлага, ирээдүй хойчтой ч холбоотой асуудал юм…
XVII-XVIII зуунд мөрдөгдөж байсан хууль, эрхийн заалтууд, монгол төрийн зүтгэлтнүүдийн чанд баримтлах ёстой байсан ёс, зарчим, уламжлалын үүднээс Занабазар, Галдан нарын үйл ажиллагааг үнэлж, шүүж үзэх учиртай. Тэр цагийн үзэгдэл, үйлдлийг чухамхүү тэр цаг үед хүчинтэй мөрдөгдөж байсан хууль, эрхийн актуудын үүднээс үзэх, үнэлэх ёстой. Нэгэнт болоод өнгөрсөн түүхэн хэрэг, явдлыг эдүгээжүүлж, элдвээр цайруулж буюу харлуулж үзэх, үнэлэх нь түүхийн шинжлэх ухааны арга, хандлага биш юм.
Галдан, Занабазар хоёрын хэн хэн нь “Халх-Ойрдын цаазын бичиг”-ийн үг үсэг, утга санааг улстөрийн үйл ажиллагаандаа хатуу чанд мөрдөж байх үүрэгтэй байв. Үүргээ зөрчсөн, цалгардуулсан бол хариуцлага хүлээдэг нь жам ёс, хууль билээ.
Чингис хааны дүү Тулуйн хоёр хүүгийн хаан сэнтий булаацалдсан зөрчил, тэмцлээс эхлэлтэй их хагарал, бутрал нь яван даамжирсаар Монголын эзэнт гүрнийг төдийгүй бүр Их Монгол улсыг ч мөхөхөд хүргэсэн бодит байдлыг XVII зууны дунд үеэр амьдарч байсан оюунлаг хүмүүс, эх орончид, төрийн мэргэн түшээд нар таньж, ухаараад хувь хувьдаа гарц эрэлхийлсээр нөмрөн ирэх гэж буй аюулын эсрэг нэгдэж, хамтарч, хүчээ зангидан тэмцэх замыг сонгож авчээ. Эвлэж, эвсэж, зөвшилцөж хүрсэн мөнхүү шийдвэрээ хуульчилж, дагаж мөрдөхөөр тохиролцжээ.
Хоёр талын дээд, өргөн төлөөлөлтэй Их чуулганы шийдвэр хэрэгжсэнсэн бол монголчууд Манж Чин гүрний вассал ч болохгүй, хожуу нь үзсэн “газар нутгийн болон хүн амын их хохирлыг” ч амсахгүй байлаа…
Халх, Ойрд, Өвөрлөгчид, Хөх нуурын хошууд, Ижил мөрний торгууд, Байгал орчмын Буриад, Барга, Тува гэхчилэн нэгдэж, хамтарч чадсансан бол Манж, Орос, Хятадын өнгөлзлөгт боломж ер үгүй байв. Хэл амаа ололцоод, хамтран тэмцсэн л бол өнөөдөр бид Их Монгол улсын газар нутгийн эзэд хэвээрээ л байх байлаа. Монголчуудын нэгдсэн их хүчний эсрэг хандаж зүрхлэх санаа, оролдлого ба бодит боломж, чадал Хаант Орос болон Манжийн Хойд Алтан улсад ер байгаа ч үгүй, хожуу ч буй болохооргүй байсан нь түүхэн үнэн билээ.
Халх, Ойрдын их чуулганд хүрэлцэн ирсэн хүмүүс бол үнэндээ үнэхээрийн дээд, том, өргөн төлөөлөл мөн байв. Тэдний дийлэнх олонхи нь Хиад боржгин, Алтан ураг, Чингис хааны удмынхан байлаа.
Шашин суртлын хувьд нэгдмэл болсныгоо тооцож, бас үзүүлж, мөн Бурханы шашны хутагт, хувилгаадын нэр ба хүчинд дулдуйдаж (Төвдийн төр-шашны сонирхлыг тээгч) гурван том хутагтыг уг чуулганд урьж оролцуулжээ. Энэний нөлөө, үр дагавар цаазын бичигт тусгалаа олсныг дээр тэмдэглэсэн билээ. Тухайн цагийн ойлголтоор бол Төвдийн Инжэн ринбучи, Анги хувь Манзушир, Амуба сиди Манзушир хэмээх гурван хутагт бол амьд бурхад, буй бүхнийг болгоогчид мөн байлаа.
Их чуулганд оролцогчдын нэрсийн жагсаалт дараах болно. Үүнд:
1. Эрдэнэ засагт хан
2. Түшээт хан
3. Далай ноён
4. Далай хун
5. Хун ноён
6. Цачил ноён
7. Дайчин хунтайж
8. Елдэн ноён
9. Мэргэн ноён
10. Эрдэнэ хунтайж
11. Тайван хунтайж
12. Тэнгэр тойн
13. Аюуш хатан баатар
14. Эрдэнэбаатар хунтайж
15. Хөндлөн увш
16. Гүүш номын хаан
17. Өрлөг
18. Шүхэр дайчин
19. Елдэн
20. Дайчин хошууч
21. Очирт тайж
22. Мэргэн дайчин
23. Чүхэр цэцэн тайж
24. Мэдээч тайш
25. Бөх Елдэн
26. Мэргэн ноён Дамрин
27. Инжэн ринбучи
28. Анги хувь Манзушир
29. Амуба сиди Манзушир
Энэ 29 төлөөлөгч бол одоо цагийн УИХ-ын 76 гишүүн лугаа адил болно. “Халх, Ойрдын цаазын бичиг” хуулийг тэд боловсруулж, хэлэлцэж, баталжээ. Энэ хуулийн үзэл санаа, үг үсгийг төрийн хүмүүс хар, шар гэхгүйгээр дагаж мөрдөхөө ч батлан илэрхийлцгээжээ.
Тухай тухайн цаг үед Монголын төр засгийн удирдлага чухам хэний гарт байгааг Хятадын хаад, Манжийн хаад, Оросын хаад сайтар судалж таниад болж л өгвөл ахмад болон залуу үеийнхнийхний хооронд яс хаях, эвдрэлцүүлэх, тууштай эх орончдыг хорлох, туршлагагүй залуусыг өгөөшдөн урвуулах, алтан ургийнхны цусыг хятадчилах, Монголын арыг нь өвөртэй нь, барууныг нь зүүнтэй нь сөргөлдүүлэх, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, байнгад шахам дайн, дажны байдалд байлгахыг оролдсоор иржээ. Хаад, ноёдын ахмад үе бие барж, шинэ туршлагагүй залгамжлагчид гарч ирэх үеийг харийн хүчнүүд байнгад л ашиглаж байв. Заримдаа бүр ахмад ноёдыг хорлож хөнөөгөөд дараа нь гэнэхэн, ойворгон залуусыг ашиглаж зорилгоо биелүүлэх нь ч бас байлаа. XVII зууны дундуур Халх, Ойрдын цаазын бичгийг санаачлан боловсруулж, баталж, мөрдүүлж байсан Халхын хан нар, Ойрдын удирдагчид бараг бүгдээрээ нас барцгаасан эгзэгтэй нөхцөлийг Манж ба Оросын хаад, мөн Төвдийн удирдлага овжиноор ашиглан Ойрд, Халх хоёрыг хооронд нь алалцуулж чаджээ.
Төр засгийн удирдлага бүрэн шинэчлэгдэх үед төрийн бодлогын залгамж шинж, байдал алдагдах, шинэ залуу удирдагчид алдаа гаргах, зөвхөн л цаг зуурын ашиг сонирхолд шохоорхох, дөрлүүлэх нь их болдгийг “харийнхны хашир чононууд” тухай бүрд нь л ашигласаар ирсэн нь нууц биш болно.
Судлаач, профессор Л.Чулуунжав
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/99020

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих