Намын дарга, сонгуулийн мандатын төлөөх дайн ардчилсан намд задрал зөгнөж байна

Монголын улстөрийн нэгэн жигүүрийн нүүрийг тахалж байгаа Ардчилсан намын гишүүд гэнэн мөрөөдөл хөлөглөн шинэ оны босгоор алхав.

Ирэх сонгуульд ялалт байгуулна гэсэн ойворгон бодол, ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайд болно гэсэн гэнэн мөрөөдөл нь энэ намынхныг элгээрээ хэвтэхэд хүргэж байна гэх ажиглагчдын яриа ч газар авлаа. “Олны яриа ортой” гэдэг дээ.

Энэ талаар сураг ажиг тавихад эх сурвалж нэлээд зүйлийг өгүүлэв. Тэд өнөөдөр “Монгол хүн-2020″ хөтөлбөр хэрэгжүүлнэ, “Эдийн засгийн хувьсгал хийнэ ” хэмээн бардам ам царайлж байгаа ч яг үнэндээ бол 2020 он гэхэд юу хийх нь ч тодорхойгүй, эдийн засгийн хувьсгал гэж юугаа яриад байгаа нь ч нэн ойлгомжгүй байна.

Наанаа сайхан ярьчихаад цаагуураа бол фракцуудад хуваагдан битүүхэндээ намын даргын суудал өөд мяраагсад нэн олширч байгаа аж. Нөгөө зарим нь ирэх сонгуульд өөрсдийгөө дархалж үлдэх дайн өрнүүлээд байгааг эх сурвалж хэллээ.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард тус намын томоохон фракцыг толгойлдог Х.Баттулга, З.Энхболд нар намын ажил урагшаа явахгүй нь хэмээн Н.Алтанхуяг уруу довтолж үзсэн. Эднийг дагаад Г.Баярсайхан нарын жижиг гарууд ч “Сүргийг зөвхөн азарган чоно л тулаанд дагуулж ордог” хэмээн Н.Алтанхуягаа доош хийж, Х.Баттулга, З.Энхболд нарт илтэд хандарсан билээ.

Тэр ч бүү хэл Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нь хүртэл “Намын дарга хэн байх нь тийм ч чухал биш. Харин намын ажил сайн байх ёстой” хэмээн даргаа алсуур “гөвөөд” авсан.

Мухарт шахуулсан хөөрхий намын дарга өөрийгөө галаас хамгаалах гэж энд тэнд үйл ажиллагаа зохион байгуулж, өөрийнхөө үгэнд орж болох “Кроун” фракцыг уруу татав. Түүний үр дүнд “Кроун” фракцын гэх НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү, ХХААХҮ-ийн дэд сайд Н.Золжаргал нар албан ёсны хурал хийж “Бид одоо энэ засгийн ажлыг шүүмжлэхгүй.

Харин ч дэмжинэ” хэмээн шулуухан зарласан. Кроунчууд наанаа Засгийн газрын нэрийг барьж байгаа ч цаагуураа Н.Алтанхуяг даргын талд байгаа шүү гэдгээ хэлсэн хэрэг. Дэд сайдууд эрх биш томилгооныхоо ачийг ингэж нэг хариулах жудаг байсан байх.

“Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэсэн үг бий сэн. Өнгөрсөн жилийн турш АН-ын ҮЗХ-ны хурал болох тухай хаа сайгүй ярьж, ялангуяа залуучууд энэ хурлыг тэсэн ядан хүлээж байсан ч ямар нэгэн аргаар хойшлуулсаар өнөөдөртэй золгуулж чадсан.

ҮЗХ-ны хурлыг хүлээж ядсан зарим нэг нь фракцуудаа аваад намынхаа эсрэг босох гэж байгаа тухай эх сурвалжийн яриа тийм ч хоосон зүйл биш бололтой. Уг нь ҮЗХ-ны хурал болсон бол Н.Алтанхуяг суудалдаа тэсч үлдэхэд тун бэрх байлаа.

Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал МҮДН-аас угшилтай хэдэн гишүүнээ дагуулаад Н.Алтанхуягийн эсрэг зогсоно гэдгээ мэдэгдээд байгаа аж. Гэтэл “Нэг ардчилал” клуб буюу ийм нэрийн дор фракцалсан хэсэг залуус З.Энхболдын фракцад итгэл үзүүлж байгаагаа илэрхийлжээ.

З.Энхболд нар улстөрд залуусын оролцоог нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь тэдэнд таалагдсэн бололтой. AH дахь дарга нараасаа ч олон фракцынхан ийнхүү намын дарга уруугаа асаад ирэнгүүт Н.Алтанхуяг дарга ёстой л арга мухардаж байгаа гэх.

Гэхдээ мэдээж хамтарсан засгийн тэргүүн шадар сайд, засгаас гарахгүй гэж зууралдаж байгаа мөнгөтэй, нөлөөтэй зарим сайдынхаа дэмэнд найдаж байгаа гэнэм. Хэдийгээр намын дарга намаа зангидах үүрэгтэй ч Н.Алтанхуяг тэрбүр нөхдөд анхаарал хандуулж чадахгүй байгаа нь түүнийг суудлаас нь өндөлзүүлэх шалтгаан болж байгаа нь яахын аргагүй үнэн билээ.

Тухайлбал тэрбээр Р.Амаржаргал мэтийн нөхдөд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь тэднийг МҮДН хэмээх шүхрийн дор босохоос өөр арга байгаагүй гэдгийг ч эх сурвалж нуусангүй. Нөгөө талд Р.Амаржаргал МҮДН-ыг хөдөлгөх тухай мэдээлэл нь намын даргадаа үзүүлж буй сонгуулийн өмнөх рекэт гэнэ. Тийм ч биз, үгүй ч биз.

Өнөөдөр сонгуулийн хууль шинээр батлагдаж, мандатын тоо цөөрсөн, нөгөө талд цөөнгүй хэсэг нь намын нэрээр сонгогдож УИХ-д орж ирэхээр хуульчлагдсан нь суудлаа хадгалж үлдэх тулааны эхлэл болж байгаа нь үнэн юм. Бас нэг айдас нь Х.Баттулга, З.Энхболд нар энэ олон залуусын хүчийг нэгтгээд уухайлчихвал яах вэ.

Хэдийгээр их цэрэг хөдөлгөх гээд байгаа эрхмүүдэд тайван байхыг намын удирдлагын зүгээс сануулж байгаа ч хэргээ гүйцэлдүүлэх гэсэн “мянганы ноёд” яахаас ч буцахгүй байгаа аж. Тэгэхээр Н.Алтанхуягийн хувьд яах аргагүй сонголт хийх цаг ирж байна гэсэн үг.

Ганц нэг гомдол мэдүүлээд байгаа өвгөчүүлээ өөд татах уу, нийтээрээ гомдоллож буй залуустаа итгэл үзүүлэх үү гэдэг нь өөрөө их хариуцлагатай сонголт болон үлдэж байна. Гэтэл ил дуугараад байгаа нөлөө бүхий нөхдөө бас яахав ээ. Аль алинд нь итгэл үзүүлэх боломж мэдээж хомс. Аль нэгийг нь гомдоож л таарна. Тэгэхээр Ардчилсан намын задрал эндээс эхлэх нь дамжиггүй.

Энэ олон хувийн тоглолтоос ихэд болгоомжлох болсон цор ганц хүн бол Э.Бат-Үүл бололтой юм. Бас болоогүй ээ, АН-ын залуусын дунд нөлөөллөөрөө тэргүүлэх УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар ч ах нараасаа туурга тусгаарласан байхад алзахгүй гэдгээ хэлээд авсан гэнэ.

Гэтэл зарим гомдогсдын цуваа М.Энхсайханы тэргүүлж байгаа МҮАН тийш хэлтийсэн гэх мэтээр энэ нам дотор маш олон асуудал өрнөж байна. М.Энхсайханы хувьд бол өөрийг нь зорьсон хэнийг ч наашаа гэх юм байгаа биз.

Намын даргын суудлын төлөөх далд дайн, ирэх сонгуульд оролцох мандатын төлөөх ил дайн ийнхүү АН-д задрал зөгнөсөөр эхэллээ. Энэ бүгдийг дагаад яам агентлагийн томилгооны гэх олон дайны хөлд Ардчилсан нам өөрөө үрэгдэхэд хүрч байна.

С.Баяр

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих