Албан тушаалаа сонгуулиар “арилжиж” эхэллээ

Тоглоомын дүрэм хатуу тул УИХ-ын сэнтийг горилогчид албан тушаалаасаа татгалзаж эхэллээ. Өмнө нь сонгуулийн жил сурталчилгаагаа хийх зуураа ажлаа амжуулдаг байсан бол энэ жилээс зургаан сарын өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх шаардлагатай болсон.

Учир нь төсвийн хөрөнгөөр тууз хайчилж, гарааны зурхайгаас бусдаасаа түрүүлж хөдлөөд байна гэх шүүмжлэл газар авах болсонтой холбоотой. Иймээс гарааны зурхайг нэг болгохын тулд эрсдлээ нуруундаа үүрээд зургаан сарын амьдралаа сонгуульд зориулах тэр боломжийг энэ парламент олгов.

Он солигдох той зэрэгцэн төрийн алба эзгүйрч, ан цав гарч эхэллээ. Хамгийн эхэнд “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Ж.Батзандан үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан билээ. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүрэгг нэр дэвшисэн боловч өвдөг шороодсон.

Одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа ч хувийн бэлтгэлээ базааж эхэлсэн нь энэ. Түүний араас Авто замын газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Батхуяг, Мэдээд шуудан харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дуд дарга А.Мурат, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Мөнхбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар оны өмнө ажлаасаа чөлөөлөгдөв.

Энэ бүхнээс харахад хотын фракцийнхан сэтгэл шулууджээ. М.Энхболдын хүн гэх тодотголтой эдгээр хүмүүс одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа. Энэ сарын 20-нд болох намын бага хурлаар дээрх гишүүдийн тойрог тодорхой болно гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Мөн тэдний араас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Төмөрчулуунаас эхлээд яам, агентлагийн дарга нар болон төрийн өмчит компанийн болон их дээд сургуулийн захиралууд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

Дээрх цоорхойг нөхөхиин тулд Засгийн газраас баталсан журмын дагуу түр орлон гүйцэтгэгчийг томилох гэнэ.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих