Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлжээ
Швейцарын Давос хотноо жил тутам зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад 100 гаруй орны төр, засгийн тэргүүн болон бизнесийн манлайлагчид оролцож, олон улсад тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож байна.
Дөрөв хоногийн турш үргэлжлэх Давосын энэ оны чуулга уулзалт мягмар гарагт эхэлсэн бөгөөд үүнд гурван мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ жилийн уулзалтын үндсэн сэдэв нь хиймэл оюун ухаан зэрэг технологийн дэвшилээс үүдэлтэй өөрчлөлтийг хэрхэн зохицуулахад төвлөрчээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ сүүлийн таван жилд анх удаа өөрийн биеэр уг арга хэмжээнд оролцох юм. Харин зарим орны удирдагчид энэ удаагийн чуулга уулзалтад оролцохгүй болсон байна.
АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолтыг зохицуулах талаар хэлэлцээ хийх тул тус улсын төрийн тэргүүн Дональд Трамп чуулга уулзалтад оролцохгүй болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Brexit”-ийг тойрсон тодорхойгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа тул мөн энэ удаагийн уулзалтыг алгасч байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: