Монголын музейнуудад “виртуал музей” төсөл хэрэгжив
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчлах, дэвшилтэт технологийг ашиглан анх удаа Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах ажлыг санаачлан, улсын төсвөөс тодорхой хэмжээний төсөв хуваарилан 2018 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлж байна.
Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд Хааны ордон музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музей гэсэн 5 музейд орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжийг байрлуулан, дижитал орон зай бий болгон виртуал үзмэрүүдийг олон нийтэд хүргэхээр бэлдээд байна. Виртуал үзмэрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдана. Виртуал бодит байдал гэдэг нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд дууны нөлөө бүхий компьютерын график хослуулан хиймэл (виртуал) бодит байдлыг бий болгох технологийг хэлдэг бөгөөд олон улсад үүнийг VR (Virtual Reality) гэж нэрлэдэг. VR нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм.
Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг танд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авах боломжтой. Доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нар Богд Хааны ордон музей, Соёлын өвийн үндэсний төв, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран сүүлийн 2-3 жилийн хугацаанд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн хийц бүхий хосгүй үнэт өвүүдийг 3 хэмжээст лазер сканерын тусламжтайгаар скарнердаж 0.5 мм-ийн нарийвчлалтай 3 хэмжээст моделиудыг байгуулсан.
Эхний ээлжид Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын хийцийн нийт 8 бүтээл байгуулсан ба тус бүрд нь орчин үүсгэж энэхүү тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж буй хүн тухайн орчинд нь орж бурхдыг болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхдын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд аялах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Тус виртуал үзмэрийн ач холбогдол:
Монголын түүх, соёлын өвийг танин мэдүүлэх Орчин үеийн технологийн дэвшил, түүний тусламжтайгаар хийж болох зүйлсийг хүүхэд залуус болон үзэгчдэд мэдүүлж байгаа явдал юм. Цаашид эзэнт гүрний үеийн Хархорум хот, Сарьдагиийн хийд, Төвхөн хийд, Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, соёлын бахархалт өвийг дижитал орчинд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
URL: