Лондоны нэр төрийг “Челси” өргөлөө
Английн премьер лигийн XX тойргийн тоглолтууд эхэллээ. Энэ тойрогт учраа таарсан Лондоны “Арсенал” хөрш зэргэлдээ орших “Фүлхэм” клубийн талбайд зочлон тоглож, гутамшигтайгаар хожигдлоо. Уг нь зочид эхний үеийн дунд үеэс Лаурен Кочиснигийн гоолоор тэргүүлж эхэлсэн.
Гэвч хоёрдугаар үед “Арсенал”-ын төвийн хамгаалагч Йохан Жору “Фүлхэм”-ийн Боби Замора дээр алдаа гаргаж хоёр дахь шар хуудсаа хүртэн талбайг орхижээ. Улмаар Боби Замора болон Стив Сидуэл нарын цаг дуусах мөчтэй зэрэгцэн оруулсан хоёр гоол эздийг хожилд хүргэсэн байна. Ингэснээр “Арсенал” шилдэг дөрвийн эгнээнээс нэг байраар хойш ухарлаа.
Энэ тоглолтын дараа Лондоны өөр нэг баг “Челси” клуб “Вулвес”-ийн талбайд зочиллоо. Лондончууд үргэлж азгүйтдэггүй гэдгийг “Арсенал”-ын хожигдлын дараа “Угсаатнууд” “Чононууд”-ын хөгжөөн дэмжигчдэд нотолсон юм.
Тоглолтын эхний үед гоол орсонгүй. Завсарласны дараа хоёрдугаар үеийн 54 дэх минутад “Челси”-гийн Бразил легионер Рамирес тооны харьцааг нээлээ. Гэвч “Вулвес”- ийн хагас хамгаалагч Шэйн Уорд тооны харьцааг тэнцүүлэв. Харин үндсэн цаг өндөрлөхөөс ердөө нэг минутын өмнө буюу 89 дэх минутад “Челси” клубийн шилдгүүдийн нэг Фрэнк Лэмпард, Эшли Коүлийн зүүн жигүүрээр өгсөн хөндлөн дамжуулалтыг хаалганд “чихэж” зочид Молини цэнгэлдэхээс гурван оноотой гэрийн зүг буцсан юм.
Жагсаалтыг тэргүүлэгч “Манчестер Сити” “Сандерланд” клубтэй тоглож Солонгос тоглогч Дон Вон Жигийн оруулсан цорын ганц гоолоор хожигдож шуугиан тарьлаа. Энэ тойрогт “Норвич” “Кунз Парк Рэйнжирс” 2:1, “Суонси” “Астон вилла” 2:0, “Эвертон” “Вест Бромвич” 1:0 гэсэн оноолтуудаар өндөрлөжээ.
Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: