14 сургуулийн үйл ажиллагааг зогсоов

БСШУЯ-наас 2011 онд их, дээд сургуулийг аттестатчилах ажлын төлөвлөгөөний дагуу өмнө нь хамрагдаагүй, магадлан итгэмжлэлд ороогүй, удаа дараа зөрчил гаргасан 55 их, дээд сургуулийг шалгажээ. Үүнээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 14 сургуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна. Сургуулиудын хувьд өөрийн гэсэн сургалтын байргүй нийтлэг зөрчил, дутагдал үйл ажиллагааг нь зогсоосон бүх сургуулиуд дээр гарсан аж.

Яамнаас тавьж байгаа бодлогын чанартай нэг шаардлага бол өөрийн гэсэн сургалтын байртай байж, сургалт явуулах. Мөн үндсэн багш 70 хувиас дээш байх гэсэн баримтлалыг журамдаа тусгасан. Үүнээс гадна стандартын шаардлага хангасан номын сан, сургалтын хөтөлбөрийг мөрддөг байх зэрэг шаардлагууд тавьж буй.

Өнгөрсөн оны намрын атестатчиллаар дөрвөн сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Үүнд “Хантайшир”, “Старс”, “Монгол фермер”, Түүр” гэсэн дээд сургуулиуд багтсан байна. Мөн “Олимп”, “Эко Ази” сургууль атестатчилалд тэнцээгүй учир дээрх хоёр сургуулийн зарим мэргэжлийн ангийн үйл ажиллагааг энэ оноос зогсоож байгаа аж.

Мөн аттестатчилалд тэнцсэн “Хүрээ” дээд сургуулийн докторын сургалт эрхлэхийг, “Их монгол” дээд сургуулийн Дуулах ур зүй бакалаврын элсэлтийг ирэх оны хичээлийн жилээс, Аттестатчлагдаагүй “Олимп”, “Эко-Ази” коллежийн зарим мэргэжлээр элсэлт авахыг бүрэн зогсоогоод байна. Ийнхүү нэгэн үе 170 шахаж байсан их дээд сургуулийн тоо 95 болж цөөрлөө.

М.Өнөрөө

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих