Монгол Улсын 167 иргэн гадаадад ял эдэлж байгаагаас хулгайлах хэрэгт ял эдэлж байгаа 73 иргэн байна
Монгол Улсын иргэд гадаад улсад аялах, зорчих, ажиллаж амьдрах явдал нэмэгдэж байгаа энэ үед гадаад улсад гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох байдал ихсэх хандлагатай байна.
Ялангуяа гадаад улсад гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл хүлээх нь өөрийн нэр төр, ахуй амьдралдаа хар толбо бий болгож байгаагаас гадна улс орныхоо нэр хүндийг унагааж, энэ нь бусад иргэд хууль журмын дагуу зорчих нөхцөлийг хүндрүүлэх шалтгаан болж байна.
Гадаад улсад гэмт хэрэгт холбогдон шалгагдсан иргэдийн ихэнх нь хулгайлах төрлийн хэрэгт холбогдон шалгагдсан байна.
Судалгаанаас үзэхэд 2018 онд Монгол улсын 349 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдон саатуулагдаж шалгагдсанаас 142 иргэн хулгайлах гэмт хэрэгт шалгагдсан. Тухайлбал:
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 253 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас, хулгайлах хэрэгт 109 иргэн,
- Бүгд Найрамдах Солонгос Улсад 26 иргэн шалгагдсанаас, хулгайлах хэрэгт 5 иргэн,
- Оросын Холбооны Улсад 8 иргэн шалгагдсанаас, хулгайлах хэрэгт 6 иргэн,
- Тайвань, Сингапур, Тайланд улсад тус бүр 6 иргэн шалгагдсанаас, бүгд хулгайлах хэрэгт тус тус шалгагдсан байна.
Гадаад улсад ял эдэлж байгаа Монгол Улсын 167 иргэн байгаагаас хулгайлах хэрэгт ял эдэлж байгаа 73 иргэн байна.
Гадаад улсад хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор ихэвчлэн томоохон дэлгүүр, худалдааны төвөөс үнэтэй эд зүйл хулгайлах, иргэдийн халаас, цүнхнээс бэлэн мөнгө, гар утас, үнэт зүйлс хулгайлж ял шийтгүүлсэн байна.
Дээрх тоо мэдээ нь тухайн улсаас мэдээлсэн тоо баримт бөгөөд мэдээлээгүй хичнээн улсад хэдэн гэмт хэрэг үйлдэгдсэн нь тодорхойгүй байна.
Цаашид гадаад улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын зүгээс гадаад улсад удаа дараа хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, ял шийтгэгдсэн иргэдийн зорчих эрхийг хязгаарлах, Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын газар, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран тогтмол хяналт шалгалт зохион байгуулах, мэдээлэл солилцох зэргээр хамтын ажиллагааг нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөөд байна.
Иймд Гадаад улсад зорчиж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн та хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж өөрийн мөнгө, эд зүйлээ хамгаалж, сонор сэрэмжтэй байх, мөн уг гэмт хэргийг үйлдэж болзошгүй иргэдээс болгоомжлох, тэдэнд зөвлөж сануулах, гэмт хэргийн талаар хуулийн байгууллагад тухай бүр мэдээлэх,
Монголын үндэсний баяр цагаан сар болох гэж байгаатай холбоотой БНХАУ руу худалдаа наймаа хийхээр зорчиж буй иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, хулгайн гэмт хэрэгт өртөж хохирох нь нэмэгддэг тул иргэн та биедээ их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэл, эд зүйл авч явахгүй байх, халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС
URL: