Намгүй гишүүн, гишүүнгүй нам

Нам гишүүдээрээ баярхдаг хөг өнгөрсөн. МАХН цагтаа 160 мянган гишүүнтэй гэдэг байсан ч үнэн чанартаа яг хэдэн гишүүнтэйг нь хэн ч мэдэхгүй. Ганц намын тогтолцоотой, ганцхан МАХН гэдгээс өөр намын сураг, бараа хоёр байгаагүй тэр нэгэн цагт бол тийм л байсан биз.

1990 оны ардчилсан хувьсгалын буянаар Монголчууд хүний эрх, эрх чөлөө гэдэг холбоо үгийг яс махаараа мэдэрч, хуучин нийгмийг өөрчилснөөр дургүй хүргэсэн хүнийхээ өөдөөс үг, шүлс хоёрыг харамгүй шиддэг болсон. Үг хэл, үзэл бодол хоёр чөлөөтэй болоод ирэхийн цагт, нэгхэн намд үхэн үхтлээ үнэнч явсан фэнүүд ардчилал гэдэг үг, Ардчилсан нам хоёр руу хошуурсан.

Ийнхүү Монгол Улс хоёр, бүр олон намын тогтолцоонд шилжсэнээр намын гишүүдээ булаацалдах, намчирхах, нам бусчуудыг уруу татах, гадуурхах гэх мэтийн шинэ үгсийн сангаар толгойгоо цэнэглэсэн.

Овсгоотой зарим нь хоёр, гурван намын батлахтай тууж явах энүүхэнд байв. МАХН руу очоод “Би танай намын хүн” гэж хэлээд ажилд орчихно. Хэд ч хоноогүй байтал ямар нэгэн байдлаар ажлаасаа халагдлаа гэж бодъё. Маргааш нь АН-ын хаалгыг тогшиж нөгөө халааснаасаа АН-ын батлах гаргаад үнэнч гишүүн чинь ирлээ гээд алга урвуулахын төдийд өөрийгөө, өрөөлийг дөнгөчихдөг тийм л байлаа. Одоо ч ялгаагүй. AH, МАН, МАХН-аас эхлээд халаасандаа 4-5 намын үнэмлэхтэй нөхөд тууж л явна.

МАХН нэрээ сольж МАН болсноор намын гишүүнчлэл гэдэг асуудал ёстой будаа болж байх шиг байна. Яг өнөөдөр МАХН хэдэн гишүүнтэй, МАН хэдэн гишүүнтэй байна гээд тоолбол Ардын нам, ардын засаг будаа болно л доо.

Саяхан МАН-ынхан Үйлдвэрчний соёлын ордонд намынхаа шинэ батлахыг гардуулах ёслолыг зохион байгуулж, үүрүүдийн дарга нараа цуглуулав. Тэдэнд намынхаа шинэ батлахыг гардуулахын зэрэгцээ үүрийн гишүүддээ дахин нэг нэг хүнийг намдаа элсүүлэх хатуу даалгавар өгсөн гэнэ лээ. МАХН-аас айсан уу, АН-аас айсан уу. Юутай ч намын гишүүнийхээ асуудалд ихээхэн санаа зовниж байгаа бололтой юм билээ.

Хөгшин голдуу гишүүнтэй МАХН-ын /МАХН гэх ч хаашаа юм, МАН ч гэх хаашаа юм/ хувьд шинэ гишүүнчлэл хэрэгтэй нь мэдээж. МАН-ын бараг бүх гишүүд нь МАХН-ын улаан батлахтай байгаа. Хуучинтайгаа явж байгаад л үхье гээд зөрүүдэлчихвэл хэдэн хөгшдөө яах вэ. Тэд нэгэн үеийн МАХН-ын улаан фэнүүд. Бас зарим нь давхар АН-ын батлах өвөртөлчихсөн л яваа. Аягүй бол Эх орон, Ногоон нам, Иргэний зориг нам гээд баахан үнэмлэхтэй ч байж мэднэ.

Их олон судалгааны байгууллагууд байдаг. Тэд намын гишүүнчлэлээр нэг судалгаа хийгээсэй. Аягүй бол нам тус бүр сая ч юм уу, таван зуун мянган гишүүнтэй болчихсон тууж явах вий дээ. Ер нь яаж ч мэдэх улс шүү, бид.

Бодоод байхад намын гишүүнчлэл, намын гишүүдийн тоо гэж ярих нь ичгэвтэр хэрэг бус уу. Нам нь гишүүнгүй, гишүүн нь намгүй болчихсон лааз өшиглөөд явж байгаа ч юм билүү, хэн мэдлээ.

Б.Оюу


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих