Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа дуусчээ
Төрийн албаны зөвлөл нь долоон гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан бол энэ сарын 1-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу таван гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар болсон. Тухайн таван гишүүний гурвыг нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлж томилуулах бол үлдсэн хоёрыг нь төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж томилох ажээ. Одоо долоон гишүүнтэй үйл ажиллагаа явуулж буй Төрийн албаны зөвлөлөөс хоёр гишүүнийг нь үлдээж гэрвэн хүнийг шинээр томилох юм байна.
Учир нь, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн томилсон хоёр гишүүнийх нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэн томилуулсан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 10-нд дуусчээ. Тиймээс Ерөнхийлөгч Тамгын газар дараагийн хүнээ нэр дэвшүүлэх бол үлдсэн хоёр гишүүнийг төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулах комисс ажиллаж байна.
Сонгон шалгаруулалтад нийдээ 15 төрийн албан хаагч материалаа ирүүлжээ. Үүнээс Д.Баатарсайхан, О.Байгалмаа, Б.Баттулга, М.Ганчулуун, Д.Гэрэлчулуун, Д.Зүмбэрэллхам, Б.Лхагвасүрэн, Д.Отгонбаатар, П.Ууганбаяр нарыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан гэж үзсэн байна. Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг намрын чуулган завсарлахаас өмнө томилохоор төлөвлөжээ.
Б.Аз
URL: