Сонгууль дөхөж гишүүд нүдээ нээлээ

Хэдэн жилийн турш ДОХ, ХДХВ-ийн халдварын асуудал яригдаж байгаа хэдий ч шийдвэр гаргах түвшинд энэ асуудал мартагдсан мэт байв. Сүүлийн хэдэн сард ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо нэмэгдэж, 100 хүрсэн хэдий ч холбогдох байгууллагууд нь “ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо тэд боллоо” хэмээн албан  ёсны тоо баримтыг нь хэлэхээс цаашгүй сууж байгаа. Харин хэвлэлүүдийн зүгээс ДОХ/ХДХВ нь Монголд газар авч гамшгийн хэмжээнд хүрч байгаа талаар удаа дараа бичиж сэдэв хөндсөн ч эрх мэдэлтнүүд нүд нь балай, чих нь дүлий суусаар байсан.

Харин сонгуулийн хууль батлагдаж, УИХ-д нэр дэвших нөхдүүдийн нэр тодорч эхэлснээс хойш одоогийн УИХ-ын гишүүдийн чих зөөлөрч нийгэмтэйгээ харилцаж эхэллээ. Тодруулбал гишүүдийн нүд нээгдэж улс оронд юу болж, юу нь болж бүтэхгүй байгааг сонгуулийн хууль батлагдснаас хойш л мэдэрч эхлэв.

Өчигдөр л гэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын НББСШУ-ын Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Очирбат ‘’Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль’’-ийн төсөл өргөн барив.

Монгол Улс ХДХВ-ийн халдвар ДОХ өвчний тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч ХДХВ-ийн халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл манай нийгмийн зонхилох хэсэг болох залуучууд, өсвөр үеийнхний дунд ихээхэн түгээмэл байгааг зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн , НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Очирбат онцолсон байна.

2011 оны 12 дугаар сарын 14 –ний байдлаар ХДХВ-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 100-д хүрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөх хандлагатай байгааг мэдсэн гэнэ. НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд хийсэн олон удаагийн хяналт шинжилгээ үнэлгээ, дүгнэлтээр Монгол Улс энэ чиглэлийнхээ эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж зөвлөмж өгсний дагуу ийнхүү хуулийн төсөл боловсруулжээ.

ХДХВ-ийн халдвар авсан болон ДОХ-той хүмүүс эрхэлж болохгүй ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргах, ДОХ-той гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байх тухай хуулийн заалт нь олон улсын холбогдох конвенцийн заалтыг зөрчиж байгаа учир дээр дурдсан заалтыг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Хэрэв уг хуулийн төсөл дэмжлэг авч батлагдвал Монголд буй ДОХ-ын халдвар бүхий гадаадын иргэдийг нутагт нь албадан буцаахгүй болох бөгөөд манайхан ч ДОХ/ХДХВ-ийн халдварын тархалттай ширүүхэн тэмцэл өрнүүлэх нь ээ.

Ж.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих