Өмнөговь: H1N1 халдварын улмаас 50 настай өвчтөн нас барлаа

bth890vo_swine-flu_625x300_12_October_18Өмнөговь аймагт томуугийн томуугийн А дэд хэв шинжийн H1N1 вирусын халдварын улмаас өнөөдөр орой /2019.01.21/ хүн нас барсан тохиолдол гарлаа. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглон, бусад шаардлагатай арга хэмжээг авч эхлээд байна.

Талийгаач 50 настай, эрэгтэй хүн байжээ. Албаны эх сурвалжаас орон нутагт ажиллаж буй манай сэтгүүлч албан ёсны мэдээлэл авлаа.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач өнгөрсөн долоо хоногт архины хордлоготой эмнэлэгт ирэх үедээ уушгиндаа хатгалгаатай байжээ. Өвчтөний биеийн байдал сайнгүй байсан тул Халдварт өвчин судлалын үндэсний төвд сорил шинжилгээ хийлгэсэн ба түүгээр өвчтөнийг N1N1 вирусын халдвар авсан болохыг тогтоожээ.

Талийгаачийг эмчилж байсан хоёр сувилагч халдвар авсан тул тэднийг тусгаарлан, эмчилж эхэлсэн гэлээ.

Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр халдварласан 46 хүүхэд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний долоогийнх нь бие хүнд байгаа аж.

Томуугийн халдвар бага насны хүүхдэд халдварлах нь түгээмэл байсан ч сүүлийн үед насанд хүрсэн хүмүүсийн дунд агаар дуслын замаар эрчимтэй халдварлаж, нөхцөл байдал ийн хүндрэхэд хүрч байгааг эмч нар анхаарууллаа.

Аймгийн онцгой комисс, нутгийн удирдлагуудын зүгээс бүх иргэдээ маск зүүхийг онцгойлон анхааруулж, шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг сануулаад байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс өнөөдөр үдээс өмнө мэдээлэл авахад, “Н1N1 вирусээр халдварласан бага насны хүүхэд хүндэрч, амь нас эндсэн тохиолдол гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан” гэж байсан юм.

Тэгэхээр одоогийн байдлаар улсын хэмжээнд H1N1 томуугийн вирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо дөрөв болоод байна.

Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих