Өнөөдөр УИХ-ын даргыг, маргааш Ерөнхий сайдыг, нөгөөдөр Ерөнхийлөгчийг огцруулах боломж бий боллоо

593e11c3d4ada1.73094647Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр УИХ-ын даргыг чөлөөлөх 6 дахь үндэсэл бий болж, УИХ-ын гишүүд шийдэх хуультай болсон юм. Уг хууль ирэх баасан гарагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр хуульчилсан. Үүнтэй зэрэгцэн баасан гарагт УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барихаар зэхэж буй. Хамгийн асуудалтай нь
УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн бололцоо бий болсон ч ямар үндэслэлээр огцруулах вэ гэдэг нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг чөлөөлөхөд ямар нэгэн үндэслэл хэрэгтэй гэсэн үг. Үндэслэл биш юм гэхэд ядаж шалтгаан хэрэгтэй. Тухайлбал, ажлаа удаа дараа тасалсан, хууль зөрчсөн, ажлын байранд согтууруулах зүйл хэрэглэсэн гэдэг ч юм уу иймэрхүү шалтаг шалтгаан хэрэгтэй. Гэтэл одоогоор иймэрхүү шалтагууд УИХ-ын дарга М.Энхболдод байхгүй байгаа учраас МАН-ын зарим гишүүд хийгээд АН-ынхан гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Манай намын бүлэг УИХ тарж, ээлжит бус чуулган явуулах нь зүйтэй гэж үзэж гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Чуулганы үүдэнд байрлуулсан самбар дээр одоогийн байдлаар 14 гишүүн гарын үсгээ зураад байна. Мөн УИХ-ын даргыг огцруулах хууль хэрэгжиж эхлээгүй байгаа ч гишүүд гарын үсэг цуглуулж эхэллээ. Гишүүд аливаа зүйлд өөрийнхөө итгэл үнэмшлээр гарын үсэг зурах ёстой. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа гишүүд энэхүү үйл ажиллагаагаа нээлттэй явуулах хэрэгтэй. Манайх гадаа самбар дээр гарын үсэг цуглуулж байгаа байгаа шиг. АН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ-ын даргыг огцруулах саналд гарын үсэг зурахгүй. УИХ-ын даргыг огцруулах асуудал нь МАН-ын дотоод асуудал. Дээрээс нь УИХ тарах ёстой гэдэг нь УИХ-ын даргын ч асуудал, парламентын үйл ажиллагаатай ч холбоотой асуудал. УИХ тарах ёстой гэж үзэж байгаа учраас УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурах шаардлагагүй гэж үзсэн. Харин УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжирвал ээлжит бусаар хуралдаж шийдэх хэрэгтэй” гэлээ.
Түүнчлэн зарим эх сурвалжуудын хэлж буйгаар “Таалагдахгүй байна” гэдэг шалтгаанаар л УИХ-ын даргыг чөлөөлөхөөр улайрч байна гэсэн юм. Ингэж хэлэхийн учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ хууль Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсвэл би очихгүй гэдгийг хэлье” гэж мэдэгдсэн нь уг хууль Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах магадлал өндөр гэдгийг ойлгуулсан юм. Яг үнэндээ дээрх хууль хэрэгжээд эхэлвэл буруу жишиг тогтож нийгэмд хортой тусдаг талаар хуульчид ч мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, үндэслэл байхгүйгээр УИХ-ын даргыг өнөөдөр хүчээр буулгалаа гэхэд маргааш Ерөнхий сайд аа, нөгөөдөр Ерөнхийлөгч өө ч ингэж огцруулах бололцоо бий болж байна. Ямартай ч М.Энхболд л буучихвал нар мандана, улс орон цэцэглэн хөгжинө, бүх муу муухай арилна гэж ард түмний тархийг угааж буй поп гишүүдээс тун удахгүй ам асуух өдөр ирэх биз ээ.

24barimt.mn

URL:

Сэтгэгдэл бичих