УИХ-ын даргыг “Таалагдахгүй байна” гэдэг шалтгаанаар чөлөөлөх үү

712-154812131455b58d8a-8b82-4b57-af83-677f522eae3f-(1)Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр УИХ-ын даргыг чөлөөлөх 6 дахь үндэсэл бий болж, УИХ-ын гишүүд шийдэх хуультай болсон юм. Уг хууль ирэх баасан гаригаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр хуульчилсан. Үүнтэй зэрэгцэн энэ долоо хоногийн сүүлээр УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барих магадлалтай. УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдсэн.

УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн бололцоо бий болсон ч ямар үндэслэлээр огцруулах вэ гэдэг нь тодорхой бус байна. Өөрөөр хэлвэл УИХ-ын даргыг чөлөөлөхөд ямар нэгэн үндэслэл хэрэгтэй. Үндэслэл биш юм гэхэд шалтгаан хэрэгтэй болно. Ажлаа удаа дараа тасалсан, хууль зөрчсөн, ажлын байранд согтууруулах зүйл хэрэглэсэн гэдэг ч юм уу. Тийм шалтгаан одоогоор УИХ-ын дарга М.Энхболдын хувьд байхгүй байгаа тул гишүүд гарын үсэг зурахаас татгалзаж байгаа сурагтай. Эх сурвалжийн хэлснээр “Таалагдахгүй байна” гэдэг шалтгаанаар л УИХ-ын даргыг чөлөөлөх болов уу гэж таамаглаж байна. Хууль хэлэлцэж байхад Д.Лүндээжанцан гишүүн “Энэ хууль Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсвэл би очихгүй гэдгийг хэлье” гэж мэдэгдсэн нь энэ хууль цэц дээр очоод унах магадлал өндөр гэдгийг харуулж байна. Ер нь ийм буруу жишиг тогтож буй нь нийгэмд хортой тусдаг талаар хуульчид мэдэгдсэн. Үндэслэл байхгүйгээр УИХ-ын даргыг өнөөдөр хүчээр буулгалаа гэхэд маргааш Ерөнхий сайд аа, нөгөөдөр Ерөнхийлөгч өө ч ингэж огцруулах бололцоо бий болж байна. Гадны хэвлэлүүд ч Монголыг “Дорнын Украйн” боллоо гэж бичиж байна. Ямартай ч М.Энхболд л буучихвал нар мандана, улс орон цэцэглэн хөгжинө, бүх муу муухай арилнга гэж итгүүлсэн олон түмэндээ ам асуулгах өдөр поп гишүүдэд удахгүй ирэх биз ээ.
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих