УИХ-ын даргыг огцруулах заалтыг олонхын саналаар хүчингүй болгох уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зугээс энэ сарын 4-нд гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг огцруулах заалтыг УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Дэгийн хуулийг өөрчилснөөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах заалтыг өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлаад байна. Ингэснээр УИХ-ын даргыг огцруулах асуудал цаг хугацааных болж хувираад байгаа юм.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүн Дэгийн хуульд оруулсан шинэ өөрчлөлтийн “ашгийг” гаргаж, огцруулах тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барих юм. Дэгийн хуульд оруулсан өөрчлөлтийг баталснаар УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавивал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн. Түүнчлэн хуулийг дагаж мөрдөх хугацааг энэ сарын 25-ны өдөр байхыг олонх дэмжсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг oгцруулах санаачилга гаргасан Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн зүгээс тогтоолын төсөл өргөн барих бөгөөд намын бүлгүүд болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулснаар эцэслэх юм. Энэ удаад хэсэг бүлгийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах кампанит ажлыг өрнүүлсний хүчинд ийнхүү УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилж, УИХ-ын даргыг хэзээ ч хамаагүй өөрчилж болох нөхцөлийг бүрдүүлээд байна. Харин энэ нь хуульчдын болон УИХ-ын олонх гишүүний шүүмжлэлийг хүлээж эхэллээ. Дэгийн хуулийг ийнхүү өөрчилсөн нь парламентын дархлааг үгүй хийснээс гадна төрийн гурван өндөрлөг тогтворгүй болох үр дагаврыг бий болгоно гэж үзэх хүн олон байна. УИХ-ын гишүүдийн зүгээс “Монгол төрийн тогтвортой байдлыг үгүй хийхийн эхлэлийг тавилаа” хэмээн шүүмжилж байгаа бол хуулчид “Энэ хуулийг баталсан нь аль ч агуулгаараа парламентын тогтолцоог сулруулж, Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах нь тодорхой байна” хэмээж буй. Дэгийн хуулийг өөрчлөх санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан, түүний хувьд төрийн тэргүүн болсон цагаасаа Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ил, далдаар удаа дараа илэрхийлсэн зэргээс үзвэл Дэгийн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын даргыг олонх хүсвэл огцруулах заалттай болсон нь Ерөнхийлөгчийн засаглалын эхлэлийг тавилаа гэж хардахаас аргагүй. Ямартай ч энэ тухайд УИХ-ын гишүүдийн төлөөлөл ямар байр суурьтай байгааг хүргэе.
Д.ХАЯНХЯРВАА: ДЭГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭГ УДАА ХЭРЭГЛЭЭД ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Манайхаас бусад оронд бичигдээгүй алтан зарчим байдаг гэж хуульчид ярьдаг. Энэ нь нэг хүнд зориулж, түүнийг гутаан доромжлох зорилгоор хууль гаргаж болохгүй гэж. Гэтэл манай улс өнгөрсөн долоо хоногт үндсэндээ нэг хүнд зориулсан буюу хуулийн алтан зарчмаас гажсан хууль гаргалаа. Үндсэн хуулийн эхийг барилцсан Ч.Чимид гуай болон 500 гаруй хүн одоо цагийн бидэнтэй харьцуулахад жинхэнэ хашир бурхинууд байлаа шүү дээ. Монгол төрийн бодлогын алсыг харсан, ямар байх ёстойг нь тодорхойлсон юм. Гэтэл бид ямар ч алсын хараагүй, түр зуурын хууль баталлаа гэж би харж байгаа. Энэ хуулийг баталсан нь дан ганц УИХ-ын даргын асуудал биш, парламентын болон Монгол төрийн дархлааны тухай асуудал юм. Цаашдаа эвгүйтвэл УИХ-ын даргыг огцруулна гэдэг болчихвол монгол төрийн дархлаа суларчихна биз дээ. Өнгөрсөн хугацаанд хамгийн тогтворгүй институц нь Засгийн газар байсан бол үүн дээр УИХ нэмэгдэж байна. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулна гэж зүтгээд хуульд өөрчлөлт оруулчихвал яах вэ. Тэр цагт Монголын төр тогтвортой ажиллах бүх нөхцөл үгүй болно. Тиймээс энэ бол түр зуурын хууль боллоо. Өнөөдөр УИХ-ын даргыг огцруулахын тулд л хуульд өөрчлөлт орууллаа. Гэхдээ УИХ-ын дарга огцорсон, огцроогүй цаашид гарах үр дагаврыг нь тооцоод Дэгийн хуулийн өөрчлөлтийг нэг удаа хэрэглээд хүчингүй болгоосой гэж хүсч байна. Монгол Улсын парламентын түүхэнд нэг хүнд зориулж хууль баталж байсан түүхгүй.
Ж.МӨНХБАТ: БИД ПАРЛАМЕНТЫН ДАРХЛАА РУУГАА ГАР ДҮРСЭН
-Бид парламентын дархлаа руугаа гар дүрж, монгол төрийн босго намсч байгаа. Үндсэн хуулиа л өөрчлөхгүй бол Монгол Улс парламентын засаглалтай хэвээр байна. Би дархлааг нь хэт сулбайлгах биш амин чанарыг нь хадгалж үлдэх хэрэгтэйг хэлмээр байна. Төр дархлаатай байх ёстой. Өнөөдрийн 76 гишүүн төдийгүй төрд ажиллаж байгаа хүмүүс мөнх биш. Энэ бол цаг зуурын л үзэгдэл. Цаг нь болохоор бүгд л халаагаа өгч, дараагийнх нь хүмүүс орж ирж таарна. Тиймээс төрийн босго өндөр, дархлаа нь сайн байх ёстой гэж би хувьдаа боддог. Энэ ч үүднээс төрийн дархлааг сайн байлгах зүйлийг үеийн үед хийж ирсэн гэж хардаг. Өнгөрсөн дөрвөн жилд /2012-2016/ З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд 19-өөс дээш гишүүний гарын үсэгтэйгээр Засгийн газрын гишүүнийг огцруулдаг заалтыг Цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон. Энэ хэрээр Засгийн газрын, төрийн дархлаа нэмэгдсэн л гэж боддог. Ардын нам 64 суудалтай үнэмлэхүй олонх байхдаа ч төрийн дархлааг бэхжүүлэх алхмыг байнга хийж байх учиртай. Биднээс илүү мэдлэг боловсрол, ёс суртахуунтай хүмүүс байгаа. Тэд цаашдаа төрийнхөө дархлаанд гар дүрээд байхгүй байлгүй дээ. Яг үнэндээ өнөөдөр УИХ-ын даргаар хэн ажиллаж байгаа нь чухал биш. Ажил албан тушаал, эрх мэдэл мөнхийн зүйл огт биш. Өнөөдрийн УИХ-ын даргыг огцруулахын тулд хууль батлаад огцруулчихдаг юм байж. Гэтэл дараа нь энэ албан тушаалд хэн нэгэн сууж таарна. Тэр үед асуудал үүсэхээр, хуультай болсон юм чинь гээд хэдүүлээ нийлж, трттоолын төсөл өргөн бариад огцруулчихаад байдаг байж болохгүй.
Л.ЭНХ-АМГАЛАН: ПАРЛАМЕНТЫН ДАРХЛАА ГАНЦ ХҮНИЙ АСУУДАЛ БИШ
-Парламентын дархлаа гэдэг нь ганц УИХ-ын даргын асуудал биш. Цаашид парламентын ардчиллын дархлаа, Монголын төр тогтвортой байх уу үгүй юу л гэдэг асуудлыг л ярьж байна. 1990 оноос хойш Монголын төр тогтворгүй байна, энэ байдлыг засах ёстой гэж шүүмжилж ирсэн. Гэтэл 1990 оноос хойш Монгол Улс 21 Ерөнхий сайдтай ч байсан бол УИХ-ын гурван дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байсан. Харин УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын даргын ажиллах хугацаа багасах, улмаар төрийн тогтворгүй байдал руу жинхэнэ утгаар нь явуулах эрсдэл үүсэх шалтгаан болчихлоо. УИХ-ын даргын үүрэг бол ганцхан олонхын бүлгийн эрх ашгийг хамгаалах бус ард түмнээс мандат авч сонгогдсон 76 гишүүний спикер байх учиртай юм. Ер нь цаашид УИХ-ын даргын албан тушаалыг тогтворгүй байдал руу явах вий гэж болгоомжилж байна. УИХ-ын Дэгийн тухай хуульдаа ингэж өөрчлөлт оруулснаар бид ухарч байна уу эсвэл урагшилж байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Энэ хуулийг батлаад Үндсэн хууль дээр очиж, Цэцийн дүгнэлт гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Хууль зөрчсөн Ерөнхийлөгч үү эсвэл баталсан УИХ уу. Эсвэл энэ хуулийг дэмжсэн Засгийн газар хариуцлага хүлээх юм уу. Дараа нь буруу хууль баталсан, санаачилсан, дэмжсэний хариуцлагыг хэн хүлээх вэ. Энэ бол түүхийн өмнө очих ёстой, хариуцлага хүлээх ёстой асуудал юм шүү гэдгийг дахин хэлье..
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: