Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замын ажлыг 5-р сард эхлүүлнэ

ENE-696x464Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг өнөөдөр (2019.01.21-ний өдөр) хуралдаж, тухайн хэсгийн авто замын болон Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, долдугаар сард дуусгана гэв.

Нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн өртгөөр барих II зэрэглэлийн эл замыг ашиглалтад оруулснаар орчны тохижилт болон авто замын техник ашиглалтын түвшин сайжирч, нэвтрүүлэх чадвар  нэмэгдэх юм. Дашрамд дурдахад, нийслэлийн арван цэгт авто замын огтлолцол салгах гүүр барихаар төлөвлөснөөс хоёрыг нь Зуун айл орчимд барих гэнэ. Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх болсонтой холбогдуулан Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг хотын төсвөөс үе шаттай шийдвэрлэж буй.

Ажлын хэсгийн хурлын үеэр тус паркынхан өнгөрсөн намар эхлүүлсэн авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл 80 хувьд хүрснийг мэдээлэв. Чойрын замаас эл парк хүртэлх авто замыг ирэх намар ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өдгөө тэнд хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Энэ онд паркын цахилгаан хангамжийн дэд бүтцийг сайжруулж, хоёр хэлхээ агаарын шугам, дэд станц барих юм байна.

Ийнхүү барилгын материалын худалдааг хотын төвөөс гаргаж, парк руу нүүлгэх ажлыг эрчимжүүлж буй ч зарим аж ахуйн нэгж өөрсдийн эрх ашгийг урьтал болгож, ажил гацааж буй талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Алтантөгс хэллээ. Зуун айл орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон сууцны хороолол болгохоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Дахин төлөвлөлийн төслийн хүрээнд яндангийн тоог цөөрөөлж, орон сууцны хэд хэдэн барилга ашиглалтад оруулаад байгаа билээ.

Гэвч зарим иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт дур мэдэн барилга барьж, үйлдвэрлэл эрхэлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, арван айлын газарт орон сууц барьж, агаарын бохирдлыг бууруулж байгаа боловч нэр бүхий аж ахуйн нэгжүүд түүнээс хэд дахин их утаа “үйлдвэрлэх” халаалтын зуух нэмж байна гэсэн үг. Тиймээс Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга холбогдох албаныханд тэдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг даруй зогсоохыг үүрэг болгов.

Мөн Зуун айлд байнгын ажиллагаатай цэг байгуулж, барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын явц, үр дүн, авто замын болон Налайхын паркийн бүтээн байгуулалт болон тухайн хэсгийн дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байхыг үүрэгдлээ. Үүнээс гадна сар шинийн баяраас өмнө Ажлын хэсгийнхнийг худалдаа эрхлэгчидтэй уулзах  үүрэг өгсөн юм.


URL:

Сэтгэгдэл бичих