Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат тэргүүтний Хятадуудад өгсөн Багануурын цахилгаан станцыг шалгах хэрэгтэй
Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газрын үед БНХАУ-ын компани Багануур дүүрэгт концессоор буюу барих, шилжүүлэх, ашиглах нөхцөлтэйгээр 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станц барих тендэрт ялж 25 жилийн ноёрхол тогтоосон тухай “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн болон Багануур дүүргийн иргэдийн төлөөлөл мэдэгдээд буй.
Тодруулбал 21 жил Хятадуудад ашиглуулах энэхүү гэрээг буюу концессыг Хятадуудад өгөх гол түлхүүр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Тухайн үед Эрчим хүчний сайд байсан Д.Сономпил , Д.Эрдэнэбат Д.Зоригт нар гардсан бөгөөд Багануурын 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станцыг концессоор барих шалгаруулалтад БНХАУ-ын Фен Кауг групп тэнцсэн байдаг. Ингэсэнээр Багануур холдинг лимитид компанийг Хонг Конгд болон түүний 100 хувь охин компани болох Багануур Фавер компанийг Монгол улсад байгуулан концесс эзэмшигчээр бүртгүүлж гэрээ байгуулан 2015 оны 4-р сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан.
Үндсэндээ концессын барилгын хугацаа нь 4 жил, ашиглалтын хугацаа нь 21 жил гэж бодоход нийт 25 жилийн хугацаатайгаар барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан байна. 700МВ хүчин чадалтай цахилгаан станц түүнийг дагалдах байгууламжуудад 1,2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтууд шаардлагатай гэгддэг.
Хамгийн гол нь гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа Монгол улс 4,2 тэрбум кв цаг эрчим хүчийг тохирсон тарифаар худалдаж авах үүрэгтэй гэнэ. Хэрэв хэмжээндээ хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлээсэн байна. Ингэснээр 1 кв цахилгааныг хамгийн багадаа 9 центээр буюу 220 төгрөгөөр үг дуугүй худалдаж авах заалт оруулжээ.
Гэтэл ОХУ-аас импортоор худалдан авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60 төгрөг, 2013 онд 81,8 төгрөг байсан байна. Ийм өндөр үнээр уг цахилгааныг авч жил жилээр хятадуудад шулуулах нь хэнд ашигтай вэ гэдгийг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнийхөн сануулав. Мөн тэд уг цахилгаан станц ашиглалтанд орсноор монголын нийт цахилгаан эрчим хүчний 60-70 хувийг хангахуйц хэмжээний станц ашиглалтанд орно. 4,3,2-р цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж улмаар хаахад хүргэж болзошгүй, 3000 орчим хүн ажилгүй болох аюултай гэсэн мэдээллийг өгөв.
Концессын гэрээний дор хятадуудын халаасыг зузаатгаж эрчим хүчийг 2 дахин үнэтэйгээр Монголд нийлүүлж нийт иргэдийн цахилгааны үнэ нэмэгдэх хэмжээнд хүрээд байна. Улмаар Монгол улсын Үндэсний аюулгүй байдал ноцтой алдагдах хэмжээнд ч хүргэж мэдэх юм.
Хятадын гадаад бодлого, үзэл баримтлал, гадаадад байгаа хөрөнгө оруулалт өмчийг цэрэг зэвсэгийн хүчээр хамгаална гэсэн байдгийг санахад илүүдэхгүй. Наад зах нь цахилгааны төлбөр саатвал жишээ нь яах вэ? Хэдэн зуун мянгаараа хятад цэргүүд орж ирэх асуудалд ямар эрсдэл байж болох вэ гэхчлэн олон асуудал байх талтай.
Эцэст нь концесс нэрийн дор ямар их мөнгийг идэж ууж, авилгал хээл хахуулд явдаг нь тодорхой болж байна. Ер нь Багануурын уурхай Эрдэнэт үйлдвэр шиг хэдхэн буруу нөхдүүдийн гарт орчихлоо хэмээн тэд хэлж байсныг тодотгоё. Мөн уг асуудалтай холбоогдуулан хууль хяналтын байгууллага шалгах үндэслэлтэй гэдгийг ч иргэний нийгмийн байгууллагууд сануулж байна.
Дашрамд сонирхуулахад уг ордын эзэн нь өнөөгийн анхаарлын түвшинд байгаа Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэгддэг “Монголын зэс” компанийн захирал 27 настай Ц.Пүрэвтүвшин. Мөн Багануурын цахилгаан станцын концессын гэрээнд ялахын тулд Хятадын компанид 60 сая ам долларыг зарцуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байдаг.
С.Сарнай
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/98966
URL: