ЮУН АЮУЛГҮЙ ХОТ, ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛ УЛААНБААТАРЫГ УДИРДАНА

50192618_2003145863316413_8518776621811892224_nГазар хөдлөлтийн улмаас барилга нурж, сурагч амиа алдахад тухайн сургуулийн захирал, цаашлаад холбогдох агентлаг, газрынх нь дарга ёс зүйн хариуцлага алдсандаа хүлчил өчиж, албан тушаалаа өгсөн явдал арлын улсад гарсан. Ганц энэ улсаар ч тогтохгүй дэлхий нийтэд ийм жишигтэй. Гэтэл манайд эсрэгээрээ. Сайд, дарга нар нь ширэн нүүрлээд ажилтнуудаа золигт гаргана, бүр эрх мэдлээ урвуулан ойр дотныхоо хүмүүсийн хууль бус үйлдлийг дарж, хайцаалах нь энгийн үзэгдэл. “Том артай” танхай этгээдүүд төрд шургалж, өндөр албан тушаалд хэн нэгний нөлөөгөөр очдог хамгийн сүүлийн жишээ нь С.Мөнхчулуун боллоо. Тэрбээр НИТХ-ын өнгөрсөн удаагийн хурлын үеэр өөрийн нэрийг хотын даргад дэвшүүлээд, олонхын дэмжлэг авлаа. Ерөнхий сайд түүнийг батламжилчихвал хотын дарга болно. Энэ хүн тус албан тушаалд тохирох уу. Хотын иргэд бид танхай этгээдэд ажил, амьдралаа даатгаж болох уу.

Баарны хамгаалагчаас ажлын гараагаа эхлүүлж, ах нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдсаныхаа шагналд дүүрэг, нийслэлийн нөлөө бүхий албыг хашиж явсан зэргээс авхуулаад түүний ажил амьдрал, амжилтын замнал хар түүх олонтой. Энэ нь ч худлаа биш. 2000 оны эхэн үеэс л үл бүтэх хүмүүстэй нөхөрлөж, хууль бус үйлдэл хийх явсныг нь нотлох баримт мундахгүй. Гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж болохоор хүн хотыг удирдахаар санаархаж буй нь айдас төрүүлж байна.

Нэр дэвшигч С.Мөнхчулуун мөрийтэй тоглоомоор гаршсан “А” гэгчтэй 10 гаруй жилийн өмнөөс нөхөрлөж, хамтран зохион байгуулсан тоглоомны үеэр ашиг сонирхол нь зөрчилдсөний улмаас түүнийг санаатай бэртээж явсан баримт бий. Гэвч тэрбээр тухайн үед нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллаж байсан тул уг хэргээс дөмөгхөн мултарч байв. Түүний өөр нэгэн найз нь цуутай мөрийтэй тоглоомчин гэдгээрээ олон танигдсан Тэмүүлэн. Гэвч байсхийгээд л Тэмүүлэнгээ барьж аваад балбаж, маргаан дэгдээсээр өнөөдрийг хүрэв. Зохион байгуулсан мөрийтэй тоглоомынхоо ашгаас болж маргалддаг биз гэсэн таамаг дэвшүүлж болно. Энэ мэтээр санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулахдаа С.Мөнхчулуун согтуу байсан нь тухайн үед хохирогчдын өгсөн мэдүүлэгт байдаг. Ер нь түүнийг архины хамааралтай гээд хэлчихэд нэг нэг буруудахгүй. Сонгинохайрхан дүүрэгт өндөр албан тушаал хашиж байхдаа, түүнээс өмнө ч болон НИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа ч согтуугаар олон хэрэг өдүүлж байжээ.

Дүүрэг, нийслэлийн харьяа байгууллагад ажиллаж байсан хүн хууль, дүрмийг мөрддөг ёс зүйтэй байх хэрэгтэй. Наад захын ийм ёс зүйтэй байж 1.5 сая хүнтай нийслэл хотыг удирдах нь Монгол Улсын нэр хүндийн асуудал. Гэвч тэрбээр нийтийн амгалан байдлыг алдагдлуулж, хүнийг эрүүл мэндээр нь хохироохоос гадна жолооны дүрэм, журмыг огт мөрддөггүй нэгэн. Байсхийгээд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулах, улмаар хүрдний ард суух эрхгүй байж хөлчүүрхсэн үедээ дахин машин жолоодох зөрчил тогтмол гаргадаг байна. Тэр бүр нь хяналтын камерт дүрсээр баталгаажин үлджээ. Удаа дараа ийнхүү согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүний аминд хүрээгүйд бид баярлах хэрэгтэй. Муугаар бодож тийм зүйл болсон бол С.Мөнхчулуун бүлэглэл, залуусынхаа нударга, мөнгөний хүчээр хэргээс мултрах нь тодорхой. Тэгэхээр хохирогчийн хохь болоо л үлдэнэ.

Түүний гаргасан зөрчил бүрийг арынх нь хүмүүс аргалдаг аж. Танхай этгээдүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн С.Мөнхчулуун мэргэжилтэн байхаасаа ийнхүү сагсуурч эхэлсэн тул хотын дарга болоод галзуурах нь тодорхой. Эрүүгийн ертөнцөд өөрийгөө дархалсан ийм хүнээр хотыг удирдуулах оновчгүй. Хэрэв хотын дарга болбол тэрбээр захиргааны байрыг танхайчуудаар дүүргэх нь тодорхой. Үндсэндээ хотыг архинд хөлчүүрхэж, мөнгө, нударгаар асуудлыг шийддэг хүмүүс удирдах болно гэсэн үг. Түүний байгуулсан хамгаалалтын VIP гэх байгууллага хорихоос суллагдсан хүмүүсээр дүүрэн. Тэгэхээр гэмт хэрэгтнүүд хотын захиргааны байранд оромжоо засаж, тухлах нь мэдээж.

Б.Нар

seruuleg.mn

URL:

Сэтгэгдэл бичих