Б.Хурц: Шударгаар хэлэхэд энэ бүхэн чинь доромжлол
Б.Хурц баривчлагдсанаасаа хойш Их Британид хоригдож байгаа бөгөөд уржигдар болсон шүүх хуралд ирэхдээ саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн өмдтэй байжээ. Тэрбээр Оросын хэлмэрчийн тусламжтайгаар шүүх ажиллагааны үеэр тавьсан асуултуудад хариулж байв” гэж philly.com шүүх хурлын талаар дүрслэн бичжээ.
Тэрбээр энэхүү шүүх хурал дээр баривчлагдсанаасаа хойш анх удаа олон нийтэд хандан үг хэлэв. Их Британий шүүхийнхэнд хэлсэн түүний хатуухан үг мөн л дэлхий дахиныг шуугиулж, тус улсын нэр хүндийг унагалаа. Б.Хурц “Та нарт шударгаар хэлэхэд энэ бүхэн чинь доромжлол” гэжээ. Энэ нь түүнийг Герман руу шилжүүлэхээр зэхэж буй Их Британий үйлдлийн тухай юм хэмээн олон улсын хэвлэлүүд тайлбарлаж байна. Б.Хурцаас гадна түүний гэр бүлийнхний тухай мэдээлэлд олон улс анхаарал хандуулж байна.
Түүний эхнэр Ү.Сарнай эр нөхрөө суллахыг хүсч “Их Британий Засгийн газар болон тус улсын шүүхээс өөрсдийнхөө алдааг ухаарч, нөхрийг минь суллахыг гуйж байна. Нөхөр маань ажлаа хийснийхээ төлөө ийм зүйл амсах учиргүй” хэмээжээ. Тэрбээр хүндэтгэх шалтгааны улмаас Б.Хурцын шүүх хуралд оролцож чадаагүй боловч өөрийн үгийг холбогдох хүмүүст хүргүүлсэн нь энэ байв. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Германд шилжүүлэн өгөх эсэхийг шийдвэрлэхээр хуралдсан шүүх хурлыг шүүмжилж байна.
Лондон дахь Вестминстерийн шүүх танхимд уржигдар Батын Хурцыг шүүх хурал боллоо. “Ассошэйтэд Пресс”, “Ройтерс” зэрэг мэдээллийн томоохон агентлагуудын дамжуулснаар өнгөрсөн лхагва гарагт болсон уг шүүх хурал тодорхой шийдвэр гаргаж чадалгүй өндөрлөжээ. Тиймээс Их Британи, Германы холбогдох албаны хүмүүс шүүх хурлын дараа уг хэргийн талаар хэлэлцсэн байна. Гэвч талууд чухам юун тухай ярилцаж, ямар шийдэлд хүрсэн нь тодорхой бус үлдэв. Б.Хурцын өмгөөлөгч Алан Жонс өөрийгөө сайн хуульч гэдгээ энэ үеэр харуулж чаджээ. Тэрбээр анхны бэлтгэл шүүх хурлаас эхлэн Их Британий Засгийн газар болон Гадаад хэргийн яамыг шууд буруутгаж, англичууд Монголын тагнуулыг дээд хэмжээний уулзалтад урих нэрийдлээр хууран мэхэлж, баривчилсан болохыг дэлхий дахинаа зарласан.
Шүүх хурал дээр Б.Хурцын хэлснээр бол 2009 оны арваннэгдүгээр сараас Их Британийн холбогдох албаныхан Монголын талд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүнээ ирүүлэх санал тавьж байсан аж. Тэгэхээр Их Британи баривчлах ёсгүй хүнээ баривчлахаар бүтэн жилийн өмнөөс төлөвлөж байжээ. НҮБ-ын Тусгай даалгаврын конвенцид зааснаар албан ажлаар яваа төрийн өндөр албан тушаалтныг барьж саатуулах нь тухайн хүний халдашгүй эрхэд ноцтой халдсан хэрэгт тооцогддог. Их Британи үүний эсрэг “Германы хүсэлтийн дагуу” гэхээс өөр юу ч хэлж чадсангүй.
Өмгөөлөгч А.Жонс Азийн жижиг орнууд болон Ойрхи Дорнодын улсуудад хандан нэгэн анхааруулга хүргүүлсэн нь өнөөдөр дэлхий дахинаа шуугиан тарьж байна. “Б.Хурцын асуудлаас сэрэмж авч өөрийн улсын өндөр албан тушаалтнуудыг Их Британи руу илгээхдээ болгоомжтой хандагтун. Энэ улсын Гадаад хэргийн яамныхан өндөр албан тушаалтнуудыг чинь баривчлахаар зэхэж байж болзошгүй юм” хэмээснийг “AFP” агентлаг онцоллоо. Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэхийг шийдвэрлэх ээлжит шүүх хурал энэ сарын 12-ны өдөр болох тов гарчээ. Харин түүнийг Их Британиас Германд шилжүүлж өгөх эсэхийг шийдэх шүүх хурлыг ирэх сарын 3-ны өдөр хийхээр төлөвлөсөн гэж өмгөөлөгч А.Жонс мэдээллээ.
Францаас баривчилж, гурван улсын хил дамнуулан Монголд авчирсан гэх Д.Энхбатыг манай тагнуулынхан хорьж, тамлан зовоож байсан тухай мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллагууд дэлхий дахины сонорт хүргэсэн тухай “Вашингтон Пост” мэдээлэв. Хэрэв дээрх мэдээлэл хүчээ авбал Б.Хурц төдийгүй Монголын зарим албаныхан хүний эрхэнд ноцтой халдсан хэрэгт унаж, ээлжит шүүх хурлаас гарах шийдвэрт нөлөөлж ч мэдэхээр байна.
Т.Отгонбатбаяр
URL: