Олигархиудын эх баригчид ба Роберт Фрийдланд
Бусдад тус болж чадахгүй бол гай бүү бол гэдэг. Энэ үгийг зөвхөн хувь хүмүүсийн хоорондын харилцаанд хэрэглэх гэснээс төр, иргэн хоёрын жихүүдэс төрүүлэм хүйтэн хөндий рүү хандуулаад нэг үзье. 1990 оны ардчилсан хувьсгалаар хүн бүр бахархаж буй хэдий ч Х.Тэмүүжингийн хэлснээр олигархийн капиталист төр хүмүүст ёстой гай болж байна. С.Зориг агсан, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын зэрэг тэмцэгчид цагаан морин жилийн хувьсгалын эхэн үед өнөөгийнх шиг ийм олигархижсан төрийг үнэндээ хүсээгүй байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн илтгэлдээ энэ санааг дахин хөндлөө. Төр иргэний харилцаа гажуудсаныг тэр сануулсан юм. Төр, засагт өндөр алба хашигсад жирийн иргэдээ тоохоо больсон, тэдний “тоож” харьцдаг нь үндэстэн дамнасан копорациуд, монголын баялгаар “тоглох”-ыг хүсэгчид болжээ. Ардчилсан хувьсгалын хорин жилийн ойг ардчилагчид хийгээд адлагчид цугаараа нийлэн бүтэн жил тэмдэглэсэн. Баахан төмөр тэмдэг, одон нэртэй энгэрийн зүүлт тараахаас бараг хэтэрсэнгүй. Монголд иргэний ардчиллыг хэн, аль нам нь тогтоох гэж буйг ойлгоход төвөгтэй. Ардчиллыг ад шоо үзэж байсан Монголын ууган улс төрийн хүчин гэгддэг хэт хуучинсаг хэсгийнхэн сүүлдээ ардчиллын загалмайлсан эцгүүд болохоо шахав.
Өнгөрсөн хорь гаруй жилийн 16, 17 жилд нь тэд төрийн толгойд занхайн суужээ. Тэд хэт баяжигчдыг төрүүлснээс өөр юм үгүй аж. Хөдөлмөрийн чадвартай хүн амынхаа гурав хүрэхгүй хувийг баячууд нь эзэлж байна. Харин баялгийн 90 гаруй хувь нь тэдний гарт оров. Энэ бол том гай бөгөөд жирийн иргэдийнхээ нуруун дээр зайдагнасан хувалзууд гэсэн үг.
Ер гаруй жилийн түүхтэй гэх Ардын нам төрийн машины араа шүдийг бүхэлд нь бүрдүүлж, нэг ёсондоо “жанжлах” бодлого тулгаж иржээ. Үүнийг Ц.Элбэгдорж өнгөрсөн ниймгийн үеийн намын хатуу гишүүнчлэл, нам дамжсан олигархиудын засаглал гэсэн утгаар тайлбарласан юм. Утга зохиолын орчуулагчаас өөр гавьтай боловсролгүй Намбарын Энхбаярын өнгөн дээр МАХН-ын ноёрхол жинхэнэ гаарч байсныг хэлсэн хэрэг л дээ. Үнэндээ Н.Энхбаяр төр бүхнийг мэдэж шийднэ гэсэн үзэл суртлаар ажилласан юм. Угаасаа Монгол дахь орос сургуулиас эхэлсэн түүний амьдралд хойд хөршийн эрх баригчдын нөлөө их байв. Нийслэлийн орос 23 дугаар сургуулиас голдуу хойд “ах” нар өөрийн “шилдэг” боловсон хүчнээ төрүүлж байлаа. Төгсөгчдөөс нь нэлээд олон хүн тагнуулын үүрэг гүйцэтгэгч, дан ганц Оросын эрх ашгийг хамгаалагчид болцгоосон түүхтэй. Н.Энхбаяр бол тэдний л нэг. Социализм задарч, Оросууд өөрийн түүхий эдийн бааз болсон Монголд хяналтаа бүрэн тавьж чадахаа болихын алдад эрх баригчдад нь итгэлтэй түнш хэрэгтэй байлаа. Тэгэхдээ нэг бус хүн. Хуучин зөвлөлт засгийн үеийн колоничлох зангаргаа бүрэн хадгалж үлдэх боломжгүй болсон ч гэсэн ядахнаа Монголын төр, засгийн томоохон албан тушаалд “өөрийн” хүнээ байлгах нь Оросуудад маш чухал байв. Тиймээс Борис Ельцинийг залгамжлагч Владимир Путинд юун түрүүнд Н.Энхбаяр хэрэг болжээ.
Мөн ойр орчмынх нь хүмүүсээс В.Путинд С.Баяр арай дөнгүүр санагдсан биз. Энэ тухай хүний их эмч, био засалч, ховсчин Хүрэлбаатар “С.Баяр, Н.Энхбаяр нар бол Оросын эрх баригчдын уламжлалт гар хөл болсон хүмүүс” гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг. Тэр тааж “буудаагүй” байх аа. Монголчууд шинэ нийгэм рүү алхсан эхний жилүүдэд дэлгүүрийн лангуу хоосорч, Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай “алдарт” 20 дугаар тогтоолоо арга буюу гаргахад хүрсэн хүндхэн цаг тулгарч билээ. Мань хүн Орост төлөх Монголын их өрийг тэглүүлэх гэж нэлээд зүтгэсэн. Олон ч удаа хойд хөрш рүү өөрөө болон төлөөний хүмүүсээ илгээжээ. Харин Оросууд хэний үед энэ асуудлыг шийдэхээ сайтар тооцоолж байж. Өөрөөр хэлбэл Монголтой “тоглох” тэдний хөзөр тэрхүү их өр болох нь гарцаагүй тул өрийг тэглэсэн гавъяатнаар Н.Энхбаярыг тодруулах явдал нэн чухал байлаа.
Ер нь Орос улс их гүрний байр сууриа эргүүлж авах гэж сүүлийн арав гаруй жил эрчимтэй ажилласан юм. Хятадын эрин үе эхэлсэн нь Оросуудад таатай бус байсан биз. Тиймээс юуны өмнө хуучин ЗХУын бүрэлдэхүүнд байсан улсуудаа хөгжил өөд шамдуулахын хажуугаар Европыг байгалийн хий, газрын тосны хараат болгохыг Оросууд хүсчээ. Алс Дорнодын хязгаар нутагт нь зугуухан нүүдэллэсээр ирж бугшсан хятадуудыг тэд хар тамхи, ДОХ мэтийн шалтаг шалтгаанаар хөөж явуулахаас өөр замгүй байв. Эс тэгвээс Оросын хязгаар бүс дэх хятад иргэдийн бөөгнөрөл удах тусмаа сөрөг үр дагаврыг авчирч мэднэ. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт, Америкийн санхүүгийн хямрал, эдгээрийн огтлолцол дундаас Оросууд хожоо харж амьдрах нь алсдаа их гүрний чансааг харуулах нэг арга нь болов бололтой. Америк, Европын хямралыг дэвшлийн боломж болгож ашиглахдаа харин Монголыг тэд түүхий эдийн бааз, гүүр, дамжлага байдлаар л ашиглана. Үүнийгээ стратегийн бодлого хэмээн далдуур ярьцгааж байна. Гэхдээ “Хөгжие гэвэл хамтар, аюулгүй байя гэвэл бас хамтар” лоозонг стратегичдаараа дамжуулан дэлхийд түгээсэн Оросуудыг бас буруутгах боломжгүй юм.
Н.Энхбаярын “хаанчлал” ид хүчээ авсан тэр жилүүд буюу 2000 оноос Оросын их өрийг тэглэх аян үндсэндээ шуударч байлаа. С.Зориг агсны үхлээр гул барьж сонгуульд намаа ялуулж чадсан Н.Энхбаярын хувьд 2000 оноос хойшхи хэдэн жил бол ёстой “аз” нь шовойсон үе болсон юм. Ардчилсан намынхан нялхсын өвчнөөсөө салж чадаагүй нь ч түүнд том олз авчирчээ. 2003 он. Шинэ жилийн баярын цэнгүүнийг Н.Энхбаярын намынхан У.Хүрэлсүх гэгч жаахан сагсуу залуугаар удирдуулжээ. Намын дэргэдэх Залуучуудын байгууллагыг нь тэр онгироо эр толгойлж байсан юм. “Алтан сарнай” ч билүү лут нэртэй энэхүү үдшийн цэнгүүн дээр Н.Энхбаяр “Их өр тэглэгдсэн” гэдэг мэдээ танилцуулж, Д.Содхүү мэтийн баахан амьтан уйлалдаж сүйд майд болсон доо. Энэ үйл явдлыг хөндлөнгөөс харж зогссон миний огидос хүрч, цээж давчдаж байсан юм. Маргааш нь өөрийн ажиллаж байсан “Дөрөв дэх засаглал” сониндоо “Бялдуучлалаар дүүрэн алтан сарнай” гэсэн нийтлэлээ бичсэнсэн.
Үнэндээ Орост төлөх их өрийг тэглэсэн нь сайн хэрэг. Гэхдээ Н.Энхбаярын өмнө нулимс дуслуулан зогсох тэр зусарчдын царайнаас баярын мишээл огтхон ч харагдаагүй юм шүү. Тэд зөвхөн даргадаа үнэнчээ харуулах гэж хичээхдээ худлаа уйлцгаасан байна лээ. За, тэр ч яахав. Харин их өрийг тэглэх Н.Энхбаярын санаа эхнээсээ хаа холын Чех, Канад улсуудад тэнүүчилж явжээ. Чех улсад өр зуучлах “бизнесийнхэн” түүнийг отоод сууж байсан бол Канадаас Роберт Фрийдланд гэдэг эдийн засгийн мэргэжсэн алуурчин Монголыг зорьж ирээд өмнийн их говийг минь эзэгнэх алхмуудаа хийгээд эхэлчилсэн байв. Өмнөд хөршийнхөн ч манай улсын эдийн засгийг бүрэн хяналтандаа авчээ. Эдний аль нь ч ялгаагүй популизмын бохир технологиор Н.Энхбаяртангуудын тархийг зад угаасан юм. Монголд өрнөсөн тухайн үеийн үйл явдлуудаас энэ бүх популизмын хэлбэрүүд хийгээд эдийн засгийн аллагын хэв загварууд их тод харагдана.
Харин хувийн явцуу эрх ашигтаа хөтлөгдсөн судлаачид гаднын нөлөөллийн иймэрхүү арга, мөн чанарыг ил шулуун хэлчихэж зүрхэлдэггүй. Тэдний өмнөөс иргэний байгууллагууд дуу дуугаа авалцан босч ирж байсан ч дөт удалгүй мөнгө, албан тушаалын золиос болцгоосон юм. Хятадын зохиолч, яруу найрагч Чен Вэйг тус улсын ардын шүүх есөн жилийн хорих ялаар шийтгэсэнтэй бараг зэрэгцээд Монголд Ерөнхий сайд асан Н.Энхбаярын өөрийгөө тахин шүтүүлэхийг эсэргүүцэгчид намынх нь дотор мэр сэр гарч бас л албан тушаалын амлалтанд нь автаад чимээ алдарсан . Тэднийг яаж намнах, бутаргахыг нарийвчлан зааж өгөхөө бас мэдэлгүй яахав, харийн эрхмүүд нь. 1990-ээд оны дундуур нэрт найрагч О.Дашбалбар, улс төрч О.Энхсайхан агсан зэрэг эх орончид Монгол газар шорооныхоо төлөө чанга дуугарсан нь Хятадад Чен Вэйг ч зоригжуулсан байх. Чен Вэй Хятадын нэг намын тогтолцооны эсрэг зогсож, Дундад Азид өрнөсөн “Арабын хувьсгал”-ыг эх нутагтаа өрнүүлэхийг эрмэлзсэн бол ар монголчууд глобальчлалын савалгаан дунд газар шороогоо бүтэн авч үлдэхийг хүссэн юм. “Арабын хувьсгал”-ын үр дүнд дарангуйллын дэглэмтэй дөрвөн улсын төрийн тэргүүн огцорлоо. Тунисын Ерөнхийлөгч Зин альАбиди Бен Али, Саудын Араб руу зугтаав. Египетэд Ерөнхийлөгч Хосни Мубарак 2011 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр огцорсноо мэдэгдэж, 30 жилийн “хаанчлалаа” дуусгав. Йемены Ерөнхийлөгч А.Салех 2011 оны арваннэгдүгээр сарын 23-ны өглөө албан тушаалаа орхиж, эрх мэдлээ дэд Ерөнхийлөгчдөө шилжүүлэв.
Ийнхүү “Арабын хувьсгал” үргэлжилсээр. Мөнгөн дүнгээр нь тооцож үзсэн Олон улсын валютийн сангийнхан энэ хувьсгалаар нийтдээ 55 тэрбум ам.долларын хохирол учирсан хэмээн дэлхий нийтэд зарласан юм. Гэхдээ доллар тоолох яахав. Эцсийн эцэст ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн хамгаалж, юуг нь авч үлдэж, юуг шинээр бий болгож чадав, цаашдаа яаж хөгжих вэ гэх мэт олон зүйл судлаачдын анхаарлыг татсаар хоцорч байна, энэ “Арабын хувьсгал”- аас. Эдгээрийн тухай түр азнаад, харин энд Монголын Орост төлсөн их өр болон Роберт Фрийдланд, Н.Энхбаяр нарын “зангилаа”-г тайлах гэж оролдвол оновчтой болох биз. Оросын өрийг төлөхөд Фрийдланд 50 сая долларын бондыг Н.Энхбаярын Засгийн газраас худалдан авсан буянтан болжээ. Оронд нь мань эр хайгуул бүрэн хийгдээгүй Оюу толгойн ордын ашиглалтын лиценз авсан байна.
Олон улсын жишигт ийм ёс байдаггүй. Заавал хайгуулаа хийсэн байх ёстой. Бирм улсын тухай монголчууд багагүй юм мэддэг болжээ. Фрийдландын зам мөрийг манайхан энэ улсаас анх тодруулж байлаа. Үнэн худал нь үл мэдэгдэх, толгой эргүүлсэн маш олон мэдээлэл дотроос тэр чухам хэн бэ гэдгийг ялгаж таних төвөгтэй байсан нь мэдээж. Гэхдээ тэр бүгдээс цэгцтэй анализ хийх боломж олдож байлаа. Фрийдланд нь Монголд ирэхийнхээ өмнө Канадын Ерөнхий сайд, Либерал намын дарга асан, цуутай авлигач Жан Критьенийг хоёр хамтрагчийнх нь хамт “Айвенхоу майнз “ компанийнхаа удирдах зөвлөлд оруулжээ. Тэрхүү хамтрагчид нь Алан Гоулдинберг, Эдди Гоулдинберг нар юм. Жан Критьен тэднийг Фрийдланд руу хөтөлж очсон нь санаандгүй явдал бишээ. Тэр урьд нь Канад улсаас АНУ-д суух элчин сайдаар Алан Гоулдинбергийг томилуулж, томоохон хуйвалдаанд ашигласан байна. Тэд “Айвенхоу майнз”-ыг Бирмын цэргийн харгис дэглэмийнхэнтэй холбоо тогтоолгож, “Азид нэвтрэх гарц”-ыг нээсэн юм. Ингээд Фрийдландын дотнын зөвлөх Жан Критьен нь БНХАУ-ын эрх баригчдын түнш болжээ. Айвенхоу нь Бирмыг атгаж, алтны уурхайг нь эзэмшихийн тулд дайн хүртэл дэгдээж ч үзсэн.
Ер нь Айвенхоугийн эзэн Фрийдландын нэг сонгомол арга бол канадын төр, засгийн томчуудыг өөртөө татаж, тэднийхээ нэр нөлөөгөөр Азийн улс орон, ялангуяа Перугийн баялаг руу гар дүрэх явдал байжээ. Америкийн Ерөнхийлөгч асан Билл Клинтон Перуд эмнэлэг бэлэглэн уул уурхай руу нь орох үүд хаалгыг нээж байсантай ижил гэх үү дээ. Латин Америк, Бирм зэрэгт байгаль сүйтгэж “Хорт Боб” хоч зүүсэн Роберт Фрийдланд нь хүүхэд ахуйдаа хар тамхи зарсан хэргээр сургуулиасаа хөөгдөж байв. Улмаар хаягдсан алтны уурхайд цианидаар алт угаан огцом баяжсан байна. Гэвч хаширсангүй. 1984-1992 онд Колорадогийн Самитвиллийн уурхайд дахиад цианит хэрэглэн 9 тонн алт, 9 тонн мөнгө ялган авчээ. Хордсон голын усыг цэвэрлэхээс тэр бултаж, эрх мэдэлтнүүдийг нь хахуульдах замаар уурхайн нөхөн сэргээлтэнд шаардагдах 150 сая ам.долларыг улсынх нь төсвөөс гаргуулсан юм билээ. Уг нь энэ хэргээрээ ял сонсох байсан Фрийдланд гучхан саяыг төлөх болсон ч Канад, Сингапураар дамжин зугтаж алга болсон. Удалгүй очир эрдэнийн уурхай руу оров. Дараа нь Канадад очир эрдэнэ хайж, никелийн уурхай олж, түүнийгээ зараад өөр шигээ зартай луйварчин Tony Buckingham-тай хамт бэлнээр нь тус бүр 500 сая ам.доллар атгаад авчээ. АНУ энэ мөнгөнөөс нь байгаль орчин хордуулсан төлбөрийг суутгах гээд түүний дансыг хаалгасан байна.
Гэтэл Канадын шүүхээс “Энэ бол АНУ-ын дотоод хэрэг” хэмээн ер халгаагаагүй. Фрийдланд ч хэдийнээ Африк руу луйвраа үргэлжлүүлэхэр талийж одсон. Тун удалгүй Tony Buckingham гэгчтэйгээ дахиж хамтран „Diamond Works“ компани байгуулж (өмнөх нэр нь „Carson Gold“) дайн байлдаантай газруудад цэрэг зэвсэг нийлүүлэн хариуд нь тухайн газар нутагт нь хямдханаар алт эрдэнэс олборлох амташсан ажлаа хийж байв. Үүнийгээ тэд Засгийн газарт нь тусалж байна гэж тайлбарлана. Ангол, Сьерра Леонд мөнгө өгч дэд бүтцийг нь дэмжихийн оронд дайныг улам дэвэргэж цэрэг, зэвсэг нийлүүлцгээжээ. Сьерра Леонд боксит, очир эрдэнэ, Ангол улсад очир эрдэнэ, газрын тос олборлож, ашгаараа дайныг улам хөөрөгдсөөр байв. Дайтаж буй улсуудын хөлсний цэргүүдийн олонхи нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тул энэ тал дээр нь тэд овжин ажиллажээ. Айвенхоу нь угаасаа дарангуйллын дэглэмтэй, байгаль хамгаалал энэ тэрийг ухаардаггүй төр засагтай улс оронд ийнхүү өндөр мэргэшсэн компани болж хувирсан байна.
Иргэний хөдөлгөөнүүдтэй нь шууд нүүр тулан дайтахгүйг хичээнэ. Харин эрх баригчид буюу дарангуйлагч нарт хөрөнгө оруулалтыг хахаж цадтал хийж өгч байв. Жишээ нь Бирмийн дэглэм байна. Фрийдланд Бирмийн цэргийн дэглэмийн хэдэн генералуудтай дотно нөхөрлөж, алт, зэсийг маш хямдаар олборлож байсан юм. Бирмийн генералуудыг манайхантай зүйрлэх аргагүй. Тэд өгснийг авчихна. Учир нь нэг талаар цэргийнхэн их нэрэлхүү улс. Нөгөөтэйгүүр цэргийн диктатураар эрх мэдэлд хүрсэн тэдэнд өөр олон газраас мөнгө саах боломжтой байв. Өөрөөр хэлбэл, Бирмын эрх баригчид Фрийдландад тун хямд хоол болж байсан юм.
Харин манайх муу ч гэсэн олон намын тогтолцоотой. Бас иргэний байгууллага гэж шороо шиг олон. Баабарын хэлдэг шиг тэдний дунд адгийн шаарууд бас элбэг. Түүний нэгэн өгүүлэлд гардаг даа, Толстойн үгийг тэр авч хэрэглэсэн байна лээ. “Адгийн амьтны сүүлчийн хоргодох газар нь эх оронч яриа” гэж. Ийм шааруудын зарим нь Фрийдландаас мөнгө салгах гэж “Эх орон газар шорооныхоо төлөө түүнтэй дайн” зарлагч болж жүжиглэж байсан юм. Жинхэнэ эх орончид нь даанч цөөхөн байлаа. Аргаа ч барсан Фрийдланд Оюу толгойн гэрээг өөрт ашигтайгаар хийлгэх гээд Монголын томоохон нам, хөдөлгөөний өнөөх увайгүй “эх орончид”-ын хэсгийг Бээжингийн олимп үзэхийг урьж найр тавьсан юм.
Энэ аргыг Н.Энхбаяр, С.Баяр нар санаачилсан гэх хүн ч бий. “Хорт Боб”-ын гараар тэднийг дарж авах, цаашдаа эрхшээлдээ байлгахад Бээжингийн олимп ямартай ч тус болсон болов уу. Дараа нь Оюу толгойн гэрээг байгуулахад С.Баяр голлон ажилласан юм. 2008 оны сонгуулиар заавал намаа ялуулахад С.Баяр, Н.Энхбаяр нарт Фрийдланд нэмэр болохоо амласан ч байж магадгүй. Иймэрхүү дүр төрх ажиглагдаад байгаа. Оюу толгойн ордын ашиглалтын дөрвөн лиценз атгаад авсан Фрийдланд алсаас Монголын улс төрд аль нам, хэнийг дэмжвэл санасандаа хүрэхийг тооцоололгүй яахав. Сонгууль ямар луйвартай болсон, стандарт бус Засгийн газрыг яах гэж байгуулсан зэргийг энд нурших хэрэггүй байх. Фрийдланд болон Оросын олигархиуд долдугаар сарын 1-ний хэргийн ард зогсож байсан ч байж болох талтайг зарим эх сурвалж хэлдэг л юм.
Үргэлжлэл бий.
Б.Отгонбаяр
URL: