Нэр дэвшигчид ажлаа өгч байна

-Албан тушаалаасаа салах уу, сонгуульд нэр дэвших үү-

Оны өмнө батлагдсан сонгуулийн тухай хууль захаасаа хэрэгжиж эхэллээ. Сонгуулийн тухай хуулийн 26.6 заалтад: Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж заасан. Он эхлэнгүүт сонгуульд нэр дэвшихээр горилогсод түрүүчээсээ ажлаа өгч эхэлж байна. Хуулийн дагуу ажлаа чөлөөлж өгөх ажлыг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг тэргүүлэн хийлээ гэж шуугилдаж байсан. Аймаг, дүүргийн Засаг дарга нар улс төрийн албан хаагчид хэмээн хуульчлагдсан байдаг болохоор төрийн өмчит кампанитийн удирдлагуудын нэгэн адилаар зургаан сарын өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх учиртай. Энэ хооронд эзэнгүй үлдэж байгаа Засаг дарга, төрийн албан хаагчдын суудлыг хэн бөглөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хуулийн дагуу бол тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт хийгдэнэ. Тус ажлыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулах юм байна.

Албан тушаалаа золиосолсон нэр дэвшигчдийн хувьд буцаж сэнтийдээ заларна гэдэг нь санаархах ч хэрэггүй болон хуульчлагдсан. Сонгуульд өвдөг шороодвол ажилд орох шалгуурын дагуу төрийн албан хаагчийн шалгалтыг дахин өгөх болно.

Зарим эрхмүүд нэгэнтээ л нэр дэвшихээр шийдсэн болохоор оны өмнө жаахан ч атугай бэлэг тараагаад амжихыг илүүд үзжээ. Жишээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгаас нэр дэвшихээр болж ямар нэгэн ойн баярыг алгасалгүй тойргоороо бууж мордоод Хөвсгөлийнхөнд “хайр” зарлаад завгүй байгаа аж.

Баянхонгор аймгаас сонгогдсон Б.Батбаяр гишүүн Чингэлтэй дүүргийн иргэдийг автобус автобусаар зөөвөрлөж урландаа аваачин япон өмд, шил архи үнэгүй тараасан байх жишээний. УИХ-ын гишүүн Д.Очирбат Чингэлтэй дүүргийн сонгогчидтойгоо ойр ойрхон уулзаж гэр олгосон. Мөн тэрээр эхчүүдэд хүүхдийнх нь тоогоор мөнгө олгоно гэж дур мэдэн бурж явна. Д.Очирбат гишүүний санаачилсан гэх эхчүүдэд мөнгө олгох халамжийн хууль бүлэг дээр хэдийнэ дэмжлэг авсангүй, анхны гараан дээрээ уначихсан яваа. Одоогоор албан ёсоор ажлаа өгөөд буй Авто замын газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Д.Батхуяг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын гишүүн Ж.Батзандан нарын араас нэрс үргэлжилж байна. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг Хөвсгөл аймагт, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг Архангай аймагт, Шивээ-Овоо ХК-ийн дарга Л.Басандорж Увс аймагт, МХЕГ-ын Р.Содхүү, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нар Дархан-Уул аймагт нэр дэвших нь тодорхой болоод байгаа.

Ж.Батзандангийн хувьд Баянзүрх дүүргээс горилж байгаа болов уу. Аймгийн Засаг дарга нараас Дорнод, Завхан, Эрдэнэт, Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Төв аймгийн Засаг дарга нар энэ сонгуулиар нэр дэвших нь нэгэнт тодорхой болоод байгаа. Харин Өмнөговь аймгийн Засаг даргын хувьд нэр дэвшихгүй гэнэ. Аргагүй биз ээ. Оюутолгой, Тавантолгой гээд эрдэс баялгаас хувь хишиг хүртэж байгаа болохоор сонгуулиас илүүтэй орон нутагтаа хийх ажил нь их байгаа бололтой. Өмнөх сонгуульд өвдөг шороодсон Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав даагаа нэхэхээр Завханчууддаа даруухан аргаар сонгуулийн пиараа хийдэг болсон сурагтай. Харин нийслэлийн Засаг дарга, төрийн албан хаагчид одоогоор чимээгүй байгаа ч Нийслэлийн Баянзүрх дүүргийн дарга Ц.Батзориг, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан нэр дэвшихээр зэхэж байгаа гэсэн. Энэ мэтчилэн Төрийн өмчийн компанийн удирдлагууд болон аймгийн Засаг ноёд ирэх сонгуульд хүч сорих гэж байгаа бол нэн түрүүнд үүрэгт ажлаасаа яаралтай чөлөөлөгдөх хэрэгтэйгээ санах нь зүйтэй болов уу. Төрийн албан хаагч, аймаг, дүүргийн Засаг дарга нар албан тушаалаасаа салах уу, сонгуульд нэр дэвших үү гэсэн эргэлзээн дундах мананд яахаа мэдэхгүй будилж явна. Хэрвээ сонгуульд ялалт байгуулвал тэнгэрийн умдаг атгана. Харин өвдөг шороодвол хаачих вэ гэсэн асуулттай тулгарч байна.

Б.НЭРГҮЙ

logo-ubtimes


URL:

Сэтгэгдэл бичих