С.Баатаржав: Цагдаа нарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгсэл олгохыг зорьдог

94

Иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүрэг хүлээн, цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдын хангалт, хангамж, цагдаагийн байгууллагын бүтээн байгуулалтын талаар ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжаваас тодрууллаа.

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас өнгөрсөн хугацаанд цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад олон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

-Цагдаагийн алба хаагчийн хувцас, нормын чанарыг хэрхэн хангадаг вэ?

Цагдаагийн алба хаагчийн хувцас, хэрэгслийг бүрэн хангахад жилд 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай ч улсын төсвөөс үүний дөрөвний нэг хэсгийг л өгдөг. Алба хаагчдаас хувцас нь чанаргүй байгаа гомдол ирдэг. Замын зохицуулагч зэрэг алба хаагчдын нормын хувцас хурдан мууддаг. Тиймээс энэ талаар судалж, хувцасны материалыг лабораторид шинжилж, туршин сайжруулж, чанартай хувцас үйлдвэрлэхээр зорьж байна. Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны 155 дугаар тогтоолоор тэдгээр албан хаагчийн нормын хувцас олгох хугацааг наашлуулж баталсан. Цагдаагийн хувцас олон төрөл бөгөөд шинээр олгох хугацааны давтамж харилцан адилгүй байдаг юм.

-Цагдаагийн алба хаагчдын тусгай хэрэгслийн хангамж ямар байдаг вэ?

Нийт бие бүрэлдэхүүнийг тусгай хэрэгслээр бүрэн хангана гэдэг боломжгүй. Гэхдээ улсын төсвөөс олгосон мөнгөөр үр ашигтай, орчин үеийн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг цагдаа нартаа олгохыг зорьдог. Өнгөрсөн онд гэмт хэрэг илрүүлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлийн алба хаагчдыг гав, бороохой, нулимс асгаруулагч, сумнаас хамгаалах хантааз, электрон шүгэл, энгэрийн камер, машины болон суурин станц, галт хэрэгсэл зэргээр хангасан. Үүргээ гүйцэтгэх үед эвдэрч гэмтсэн тусгай хэрэгслийг хуулийн дагуу нөхөн олгодог.

-Нийтийн хэв журам хамгаалах үүрэгтэй эргүүлийн цагдаа нар орчин үеийн таблет ашиглах болсон гэж дуулдсан?

Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн алба хаагчдыг орчин үеийн төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, өнгөрсөн онд улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн бэлэн бус торгуулийн “И-Патрол” системтэй “Самсунг” загварын таблеттай болгосон. Үүнийг эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг 2500 гаруй алба хаагчид олгож эхэлсэн. Энэхүү төхөөрөмжөөр зөрчилд тооцох мөнгөн торгуулийг бэлэн бусаар авахаас гадна сэжигтэй этгээдийн мэдээллийг оруулахад өмнө нь эдэлж байсан ял шийтгэл, зөрчил, шүүхээс оргон зайлсан, эрэн сурвалжилж байгаа эсэх зэрэг цагдаагийн байгууллагатай холбоотой бүх мэдээлэл гардаг. Тус төхөөрөмжийг ашиглан гэмт хэрэг үйлдээд зугтсан, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэхэд ямар багаж ашиглаж байна вэ?

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн том асуудал болоод байна. Тиймээс өнгөрсөн онд хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх тандагч багажуудыг улсын төсвийн хөрөнгөөр авч 21 аймаг, есөн дүүргийн цагдаагийн хэлтэс, хилийн боомтуудад тараасан. Эл багажийн онцлог нь онгойлгох боломжгүй сав, боодолтой, лацтай зүйлийг гаднаас нь гэрлэн долгионоор тандах боломжтой. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодис хил нэвтрүүлэх хэрэг нарийн зохион байгуулалттай болж байна. Жишээ нь, олон улсын шуудан, илгээмжээр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хилийн боомтоор гарах болсон. Дээрх төхөөрөмжийг хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэх цагдаа, гаалийн ажилчид ашигласнаар гэмт хэргийг таслан зогсоож, шуурхай илрүүлдэг боллоо.

-ХСИС-ийн шинэхэн төгсөгчид орон нутагт томилогдон ажилладаг. Тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөл ямар байдаг вэ?

Орон нутгийн цагдаа нарын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдсэн. Япон Улсын цагдаагийн газрын туршлагыг судалж, 2006 оноос хойш 327 суманд “Кобон” /бичил цагдаагийн хэсэг/-ыг байгуулсан.  Кобон нь орон нутгийн алба хаагчдын гэр, албан газар гэхэд болно. Тодруулбал, автомашины гражтай, цагдаа, хэсгийн төлөөлөгч нар тус бүр амьдрах, гал тогооны өрөө, ажлын байртай. Өөрөөр хэлбэл кобоныхоо нэг хэсэгт амьдраад нөгөө хэсэгт иргэдэд үйлчилдэг цогц байгууламж юм.

-Хэсгийн төлөөлөгч нар албан ажлаар аймгийн төв орох, сумын төвөөс алслагдсан иргэнд үйлчлэхэд унаа чухал. Тээврийн хэрэгслээр хангаж чаддаг уу?

Бүх хэсгийн төлөөлөгчид мотоциклтой. Хуулиараа тухайн орон нутгийн Засаг дарга нь хэсгийн төлөөлөгчийн нийгмийн асуудал, материаллаг баазыг бэхжүүлж, унаа, техник, бензин, тосоор хангах үүрэг хүлээдэг ч ЦЕГ-аас тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлдэг.

-ЦЕГ-ын авто баазад албаны хэчнээн автомашин бүртгэлтэй байдаг вэ?

Өнөөгийн байдлаар, улсын хэмжээнд албаны хэрэгцээнд 1500 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг ч 10 гаруй хувь нь шаардлага хангаж байна. Бусад автомашинуудыг нь тав болон түүнээс олон жил эдэлсэн байдаг. Дуудлага мэдээллийн дагуу өдөр бүр 24 цаг тасралтгүй явж буй эргүүлийн автомашины элгэдэл хорогдол жирийн автомашинаас их. Улсын төсвөөс өнгөрсөн жил парк шинэчлэлд нэг тэрбум төгрөг олгосон ч энэ нь 17-18 автомашин авахад л хүрэлцэнэ.

-Хоёр хоногийн өмнө Цагдаа-Амгалан хотхоны хоёрдугаар ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орлоо. Хөнгөлөлттэй зээлээр орон сууц авах төсөлд хэчнээн албан хаагчийг хамруулав?

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон арга хэмжээний нэг нь орон сууц. Алба хаагчдын хүсэлтээр, 2007 оноос хойш энэхүү ажлыг өрнүүлж, өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн 2700 гаруй алба хаагч орон сууцтай болсон байна. Хамгийн сүүлд энэ сарын 15-нд Цагдаа-Амгалан хотхоны төслийн хоёрдугаар ээлжийн 180 айлын орон сууцны нээлт болж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар оролцож тууз хайчилсан. Өмнөх ээлжинд мөн 180 айлын орон сууц ашиглалтад орсон.  Цагдаа-Амгалан хотхон төслөөр нийт 652 алба хаагчийг орон сууцанд хамруулах юм.

Төслийн гүйцэтгэгчээр ЦЭЭБ ХХК ажиллаж байна. Тус компани нь Баянзүрх дүүргийн алба хаагчдад зориулсан 340 айлын орон сууц, ЦЕГ-ын автобаазын дэргэд 300 орчим айлын орон сууцыг сааталгүй, цаг хугацаанд нь чанартай барьж ашиглалтанд өгсөн туршлагатай хамт олон. Энэ оны нэгдүгээр улиралд мөн Эрүүгийн цагдаагийн албаны 80 айлын орон сууц ашиглалтад орно.

-Хөдөө орон нутгийн алба хаагчдын хувьд?

Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын 40 айлын орон сууц, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн 36 айлын орон сууц ашиглалтад орсон.

-Оны өмнөхөн ашиглалтад орсон Мөрдөн байцаах албаны барилга юугаараа онцлог вэ?

Өнгөрсөн 12 дугаар сарын 14-нд Мөрдөн байцаах албаны байр ашиглалтад орсон. Барилгыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлж, найман сарын хугацаанд барьж, хугацаанаасаа 10 хоногийн өмнө ашиглалтад өгсөн.

Мөрдөн байцаах албаны хувьд, 1938 оноос хойш ажиллаж байсан барилгыг нь мэргэжлийн байгууллагынхан 2010 оноос хойш ашиглах боломжгүй гэж дүгнэсэн. Түүнээс хойш шинэ барилгыг эхлүүлэх хөрөнгө, мөнгийг шийдэхээр ХЗДХЯ-ны үе үеийн удирдлагууд хөөцөлдөж явсны эцэст, өнгөрсөн жил улсын төсвөөс 9.2 тэрбум төгрөгийг шийдсэн. Ингээд 9 давхар, зоорийн давхартай шинэ барилгыг орчин үеийн шийдлээр, хотын өнгийг чимсэн, алба хаагчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хурлын танхим,  автомашины дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгсөн. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч бялдаржуулах, бэлтгэлийн заал, хоолны өрөө зэргийг барьсан. Барилгын тавилга, эд зүйлс бүгд шинэ. Алба хаагчид бичиг баримтаа аваад л орсон доо.

- Шинэ онд өөр ямар бүтээн байгуулалт өрнүүлэх вэ?

Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад барилга, бүтээн байгуулалт хамгийн чухал. Энэ онд долоон барилгын ажил, хоёр их засвар хийнэ. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 14 аймгийн 16 суманд замын цагдаагийн пост барихаар төлөвлөж байна. Өнөрсөн онд 27 хяналтын пост ашиглалтад оруулсан. Өнөөгийн байдлаар улсын чанартай авто замын 53 пост ажиллаж байна. Хяналтын посттой болсноор авто замын осол буурах, хүний амь, эд хөрөнгө хохирох зөрчил, гэмт хэргийн тоо буурах ач холбогдолтой.

-Энэ жил цагдаагийн байгууллагад  хичнээн төгрөгийн төсөв баталсан бэ?

Сүүлийн хоёр онд бүтээн байгуулалт их учир улсын төсвийн хөрөнгө оруулалт харьцангуй сайн байгаа. Энэ жил саяны хэлсэн дээрх барилга, их засвар, пост барих болон бусад зардалд нийт 23 тэрбум төгрөг баталсан. Улсаас олгох төсөв өмнөхөөс сайн болсон ч хүрэлцээтэй хэмжээнд байдаггүй. Гэхдээ батлагдсан төсвөөр тухайн ондоо төлөвлөсөн ажлаа, үр ашигтай, чанартай гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар


URL:

Сэтгэгдэл бичих