Б.Солонго: Концертмейстер бол уран бүтээлийн эх баригч юм
Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ-ын концертмейстер, Монгол Улсын консерваторийн багш, гавьяат жүжигчин Б.Солонгыг урилаа. Тэрээр сонгодог урлагтай хувь заяагаа холбоод 20 гаруй жил болжээ.
-Таны өрөөнөөс үргэлж хөгжмийн тансаг аялгуу эгшиглэдэг. Өнөөдөр ч дуу хууртай угтаж байна?
-Концертмейстрүүд ихэвчлэн дуучидтай бэлтгэл хийдэг. Тэгэхээр дуу хуур эгшиглэлгүй яахав. УДБЭТ-ын 2019 оны тоглолтууд эхэлчихсэн учир театр хөл хөдөлгөөн ихтэй байхад хоёулаа уулзаж таарлаа.
-Таныг сая дуучин О.Хүрэлбаатартай бэлтгэл хийхийг ажлаа. Өөрөө их сайхан дуулдаг бололтой?
-Би мэргэжлийн дуучин биш. Гэхдээ яах ч аргагүй мэргэжлийн онцлог учир бэлтгэлийн үед дуулах шаардлага гардаг. Хааяа бэлтгэл хийж байгаа дуучныхаа хамтрагч болж, нөгөө харьцдаг дүрийнх нь өмнөөс дуулах тохиолдол хүртэл бий.
-Энгийн үед ихэвчлэн ямар дуу аялдаг вэ?
-Их олон дуу бий. Яг энэ дуунд дуртай гэж онцолдоггүй. Сайхан, сайхан монгол дуунаас эхлээд алдартай ари хүртэл аялагдана. Мөн аавынхаа бүтээлийг сонсох их дуртай. Сонсох бүртээ үнэ цэнийг нь мэдрэх шиг болдог.
-Концертмейстрийн ажлын багаж нь мэдээж төгөлдөр хуур. Энэ таны хэд дэх төгөлдөр хуур вэ?
-Би 1990 онд сургуулиа төгсөөд УДБЭТ-д хувиарлагдсан юм. Анх ирэхэд хун цагаан өнгөтэй, герман төгөлдөр хуур угтсан. Тэр л хуураар уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Сүүлд “Yamaha” брэндийн энэ төгөлдөр хууртай нөхөрлөж байна.
-Энэ сарын 27-нд УДБЭТ-ын үе, үеийн концертмейстерүүд хамтарсан тоглолт хийнэ гэж дууллаа?
-Уран бүтээл төрөхөд концертмейстрийн үүрэг их ч арын албанд үлддэг хүмүүс. Манай театрын балет болон гоцлол дууны анги мэргэжлийн концертмейстертэй. Биднээс гадна энэ 55 жилийн түүхэнд УДБЭТ-тай хувь заяагаа холбосон олон концертмейстер бий. Бид хамтраад тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна. Тоглолтоороо концертмейстер гэж ямар хүмүүс байдаг, ажлын онцлогийн тухай үзэгчдэд ойлгуулж, сурталчилахыг зорьж байгаа юм.
-УДБЭТ-ын түүхэнд концертмейстрийн үүрэг хэзээнээс эхтэй байдаг вэ?
-Концертмейстрийн анхны нэршил нь хамтран хөгжимдөгч. УДБЭТ-ын 55 жилийн түүхэнд ЗХУ-ын мэргэжилтнүүд 1990 оныг хүртэл солигдож ажилласан байдаг. Анх “хар” Жамсран гэж хүн манай театрт ажиллаж байж. Харин 1990 оноос хойш монгол мэргэжилтнүүд ажиллах болсон түүхтэй.
-Тоглолтын гол онцлог юу вэ?
-Концертмейстер ажлын ихийг нугалчихаад тоглолт эхлэхэд тайзны ард үлддэг гэж би дээр дурьдсан. Харин энэ удаад дуурийн концертмейстер нь дуучинтайгаа, балетынх нь бүжигчинтэйгээ хамт уран бүтээлээ хүргэх юм. Үүнээс цаашхи тоглолтын хөтөлбөрийг одоохондоо нууцлая.
-УДБЭТ-ын тайзнаа шинэ бүтээл амилахад хамгийн эхэнд таны ажил ундардаг бололтой?
-Тоглолтын хуваарь гарахад эхлээд дуучдаа дүрд нь хувиарладаг. Дараа нь концертмейстрүүдэд хувиарладаг юм. Тэгээд л бидний ажил эхэлнэ дээ. Тухайн уран бүтээл, дүрийн тухай “А” үсгээс нь эхлээд бэлдэж эхэлдэг. Үүний дараа удирдаачтайгаа ажиллана. Энэ үед ч концертмейстер байж л байдаг. Дуулалт, хэмжээ, хөдөлгөөн гээд бүхнийг сургасны дараа оркестертэй нийлж, шинэ бүтээл тайзнаа амилдаг юм. Хэрэв үйлдвэрээр төсөөлвөл бид анхны дамжлагыг хийдэг. Тэгэхээр концертмейстер бол уран бүтээлийн эх баригч гэсэн үг.
-Тэгэхээр концертмейстер дуучнаасаа илүү мэдлэгтэй байх ёстой бололтой?
-Энэ мэргэжлийн өөр нэг онцлог нь бид мөнхийн суралцах ёстой. Жишээлбэл, би Э.Амартүвшинтэй дөрвөн дуурьт ажилласан. Амараа маань дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа мундаг дуучин. Бүх зүйлээ сураад ороод ирдэг. Гэтэл би хөгжмөө тоглож чадахгүй байж болохгүй. Тэгэхээр дуурийнх нь тухай, Э.Амартүвшингийн дуулах дүрийн тухай судалж, мэдэрч байж дуучнаа чиглүүлэх ёстой. Тиймээс үргэлж мэдлэгээ тэлж, цаг ямагт суралцахаас өөр аргагүй юм.
-Одоо театрт таниас гадна хэдэн концертмейстер ажиллаж байгаа вэ?
-Гоцлол дуучдын ангид надаас гадна Э.Намуун, Номин, Ундрам, Уртнасан гээд хөгжимчид байна. Харин балетад ганцхан Т.Гэрэлцэцэг маань ажиллаж байна.
-Дандаа бүсгүйчүүд байх юм. Эрэгтэй концертмейстер гэж байдаг уу?
-Ер нь их ховорхон доо. Энэ мэргэжлээр бүсгүйчүүд л манлайлж байна. Уг нь төгөлдөр хуур хөгжим чинь эрэгтэй хүнд их зохих хөгжим шүү дээ.
-Яагаад. Төгөлдөр хуур гэж бодохоор бүсгүй хүний нарийхан хуруу, намуухан аялгуу л санаанд буугаад байна?
-Уг нь их хүчтэй дарах ёстой хөгжим. Даанч манай эрчүүд төдийлэн сонирхохгүй байна. Эмэгтэй хүн бол тэрүүхэн тэндээ л аялгуу урлаж байдаг. Хэрэв эрэгтэй хүн төгөлдөр хуур тогловол их өөр, гайхалтай аялгуу ундарч болох юм.
-Та анх ягаан театртаа хөл тавьж байсан үеэ эргээд дурсаач?
-Би Уралын хөгжмийн сургуулийг төгсч ирээд УДБЭТ-д хувиарлагдсан. 1990 оны үед Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, А.Хавлааш, Д.Жаргалсайхан гээд мундаг уран бүтээлчдийн дэргэд байж их зүйл сурсандаа баярлаж явдаг. Тэд чинь “миний хүү энэ ноотыг сураад ирээрэй” гэхгүй. Шууд л “тэр дуурийн хэсгээс явна шүү” гээд хэлчихнэ. Би мэдэхгүй байж болохгүй. Тиймээс их хөдөлмөрлөсөн дөө.
-Энэ цагт Монголын хөгжмийн урлагийн оргил болж буй ихэнх уран бүтээлч Уралын хөгжмийн сургуульд бэлтгэгдсэн байдаг юм билээ?
-Ер нь мэргэжлийн байгууллагуудын 70 гаруй хувь нь Уралд боловсрол эзэмшсэн байдаг. Зөвхөн хөгжмийн зохиолчдоос нэрлэвэл З.Хангал, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал гээд явчихна. Миний түүх ч их амархан. Хөгжим бүжиг, Урал, дуурийн театр.
-Хөгжим бүжгийн дунд сургуульд та ямар багшийн шавь байв?
-Миний багш Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Бандийн эхнэр М.Н.Григорьва байсан юм. Дараагийнх нь багш Г.Занаа. Хоёр багшаараа уран бүтээлээс эхлээд хөгжимчин хүн, уран бүтээлч эмэгтэй ямар байх ёстой гээд амьдралд хэрэгтэй их олон сайн чанарыг сурсан. Багш нар минь үргэлж мэргэжилдээ үнэнч байж, чин сэтгэлээ зориулаарай гэж хэлдэг байсныг хэзээ ч мартдаггүй юм.
-Та төгөлдөр хуурч бололгүй яагаад концертмейстер болох замыг сонгосон юм бэ?
-Намайг концертмейстер болохыг М.Н.Григорьва багш минь анх олж харсан юм. Надад соло тоглоход дутагдалтай зүйл байсан нь миний гар их жижигхэн. Харин сонсгол их сайн. Тиймээс ч багш “Чи хөгжмийн их мэдрэмжтэй, сонсголтой. Тэгэхээр концертмейстер болно” гэдэг байсан. Багшийнхаа хэлсэн замаар л явж өдийг хүрлээ.
-Та УДБЭТ-д ороод концертмейстрийн үүргээр ямар дуучинтай анх ажиллаж байв?
-Миний анхны дуудлага хийсэн хүн Д.Баадайжав эгч байсан юм. “Миний хүүхэд их сайхан тоглож байна. Ноот хараад сайн уншдаг юм байна” гэж надад их урам өгч билээ. Ажилд ороод удаагүй байхдаа Монголын соёлын өдрүүдийг сурталчлах гээд хамт олонтойгоо Москваг зорьж байсан.
-Таны сэтгэлд тод үлдсэн, санаанаас гардаггүй дуурь гэвэл ямар бүтээлийг онцлох вэ?
-1991 онд Х.Уртнасан гуай “Чио Чио Сан” дуурийг найруулсан юм. Уг нь өөрөө анх Чио Чио Санд дуулж байсан хүн. Тухайн үед бүх уран бүтээлч нь шинэ байж таарсан. Концертмейстер, дуучин, удирдаач нь хүртэл шинэ. Миний хувьд дөнгөж ажилд ороод энэ бүтээлд эхнээс нь сэтгэл зүрхээ зориулж ажилласан болохоор эргээд бодоход сайхан байдаг. Одоо ч театрт “Чио Чио Сан” тавигдах бүрт догдолдог.
-Та концертмейстер болсноороо ямар үед илүү бахархаж, омогшдог вэ?
-Сургууль хийж дуусаад, дуурь минь тайзан дээр амжилттай тоглогдож, үзэгчид алга таших мөч хамгийн сайхан. Учир нь энэ бүтээлд миний хөдөлмөр шингэсэн шүү гэж бодоход мэргэжлээ хайрлаж, омогших сэтгэл төрдөг.
-Та чинь дуучин С.Мөнгөнцэцэгтэй хамт Монгол Улсын гавьяат жүжигчин болж байсан бил үү?
-2009 онд Мөнгөө бид хоёр Глинкийн нэрэмжит тэмцээнд оролцоод анх удаа Монгол Улсдаа тэргүүн байрын шагналыг авчирч байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар арванхоёрдугаар сарын 31-нд гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан. Түүнээс хойш Э.Амартүвшинтэй П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээнд орж дэд байрын шагнал хүртэж байлаа.
-Таны охин бас төгөлдөр хуурч гэсэн үү?
-Миний охин Номин төгөлдөр хуурч мэргэжилтэй. Италид хоёр жил, Бостоны хөгжмийн дээд сургуульд зургаан жил сурч, магистр хамгаалаад ирсэн. Одоо ээжтэйгээ хамт УДБЭТ-д ажиллаж байна.
Зууны мэдээ
Ч.Гантулга
URL: