З.Хүрэлсүх: “Талийгаач ямар нэгэн уул уурхайн лиценз зарсан гэх асуудалтай холбоогүй ”

63

Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй Б.Махбалд холбогдох хэрэг өнөөдөр болно. Шүүх хуралд уг хэрэгт сэжиглэгдэж буй ЗТЯ-ны газрын дарга Б.Махбал өөрийн биеэр оролцох болно гэдгийг Цагдан хорих 461 дүгээр ангиас мэдэгдсэн.

Хэргийн хохирогч Т.Гомбосүрэнгийн дүрс орсон видео бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсантай холбоотойгоор талийгаачийн өмгөөлөгч З.Хүрэлсүх сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тухай дүрс бичлэгт талийгаач Т.Гомбосүрэн бусдаас их хэмжээний мөнгө өгөлцөж, авсан гэх дүрс буусан аж.

З.Хүрэлсүх: “Талийгаач ямар нэгэн уул уурайн лиценз зарсан гэх асуудалтай холбоогүй ”

Талийгаачийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлэхдээ: “Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хорт хавдрын улмаас таалал төгссөн. Сүүлд талийгаачийг их хэмжээний мөнгө бусдаас авсан гэх ташаа мэдээлэл тарсан нь сэтгэл санаанд нь их хүндээр туссан. Эцэг хүнийхээ хувьд хэрэг үнэн зөв шийдэгдээсэй хэмээн хүлээж байсан нь өвчний үйл явцыг түргэсгэсэн байх. Тийм учраас энэ бүх асуудалд албан ёсны тайлбар тавих цаг нь ирсэн гэж бодож байна” хэмээсэн юм.

Мөн тэрээр “Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэг дээр гарч байгаа байр бол Зам Тээвэр Хөгжлийн Яамны ажлын байр биш. Мөн бичлэгт яригдаж байгаа мөнгө бол хоёр компани гэрээ байгуулж, тэдгээрийн хоорондын гэрээ, зөвшилцлийг хүлээлгэн өгч байгаа дүрс юм. Тухайн үед талийгаач Т.Гомбосүрэн ЗТХЯ-д ажилладаггүй, өмгөөлөгчөөр ажилладаг байсан. Тийм учраас дээрх үйл явдлыг баримтжуулж, бэхжүүлж авсан дүрс бичлэг. Түүнчлэн талийгаачид ямар ч уул, уурхайн лиценз байхгүй. Ямар нэгэн уул уурхайн лиценз зарсан гэх асуудалтай талийгаач холбоогүй. Энэ хэрэгт холбогдсон этгээд болон сэжиглэгдэж, шалгагдаж байсан хүмүүс улс төрийн шалтгаантайгаар хэвлэл мэдээллийг мөнгөний хүчээр ашиглаж байна. Тиймээс энэ үйлдлийг хэрэгт нөлөөлж буй явуулга гэж үзэхээс аргагүй.

Тухайн бичлэгт талийгаачийг ажлын байрандаа бусдаас их хэмжээний мөнгө өгөлцөн, солилцож байгаа мэт агуулгатайгаар бичсэн байналээ. Тэгэхээр олон нийтэд цацагдсан шиг агуулгатай зүйл биш гэдгийг хэлэх нь зөв байх. Бичлэгийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих